| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0171/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/178 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/178
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Б-ын -д холбогдох эрүүгийн 2035000000175 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Т ургийн овогт Б-ын Н 1983 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар:............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.А-тай маргалдаж, улмаар иргэн Б.А-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000175 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... би 22 цагийн үед Б.Б-тэй хамт тэдний гэрээс гараад соёлын төв рүү явсан бөгөөд соёлын төвийн гадна очоод зогсож байтал манай сумын дотуур байрны багш Б.Н гараад ирэхээр нь би Б.Н-ыг дуудаад “чи яагаад миний төрсөн ахын хүүхэд болох С.А-ийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ, тэр хүүхэд чинь байрны багш намайг хэл амаар доромжлоод байдаг гэж хэлээд хичээлдээ явахгүй байна” гэж хэлэхэд “би байрныхаа хүүхдийг мэдэж байна, чамд хамаагүй” гэж хэлэхээр нь “наадах хүүхэд чинь эцэг, эх, ах дүү нартай, тэр хүүхэд тэнэг байсан ч чи тэнэг гэж дуудах эрх байна уу?” гэж асуухад миний нүүр лүү Б.Н гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа нүүрээ хаахад миний нүүр хэсэг рүү гараараа таван удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан бөгөөд Б.Н намайг “зам гаръя” гэж хэлээд дагуулаад явсан бөгөөд зам гараад дахин миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед бас хажуугаас гэнэт манай сумын залуу болох Г.Э ирээд миний толгой руу гараараа 3 удаа цохиж зодсон... ” гэх мэдүүлэг[1],
“... Би тухайн үед бага зэрэг согтуу байсан Б.Н намайг цохиж байхад хажууд байсан Г.Э цохисон гэж бодсон юм. Тухайн үед Б.Н цохиод босоход Г.Э цохисон гэж буруу бодсон юм байна...” гэх мэдүүлэг[2],
2. Гэрч З.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 10 сарын 27-ны орой МУГЖ У--ийн тоглолт сумын соёлын төвд болж байхад хөдөлгөөн ихтэй байсан тул эргүүл хийж ажиллаж байсан. 22:30 цагт тоглолт дуусч бүжиг болж байсан. Тухайн үед соёлын төвийн дотор хөдөлгөөн, нөхцөл байдлыг хянах гээд ороод зогсож байдал Б.А нь гаднаас нүүрээ дарж орж ирээд намайг хүн зодчихлоо гээд намайг дагуулаад соёлын төвөөс гараад баруун эргэж хашааны өнцөг тойроход Б.Н, Б.Б, Г.Э нар зогсож байсан. Би очоод юу болсон талаар асуухад Б.Н намайг зодсон гэж хэлээд хамраа дараад цус гараад байхаар нь багийн эмч Б.Бөд эрүүл мэндийн төв дээр очоод анхан шатны тусламж үзүүл гэсэн...” гэх мэдүүлэг[3],
3. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б.А “сургуулийн дотуур байрны багш Б.Нтай уулзаад гараад ирье” гэж орсон. Тэр хооронд би тамхилаад соёлын төвийн урд өнцөгт зогсож байхад Б.А нь Б.Н, Г.Э нарын хамт соёлын төв дотроос гарч ирээд хойшоо эргээд соёлын төвийн хойд талын хашааны өнцөг тойроод явсан. Өнцөг тойроод далд орохоор нь би араасан ганцаараа очсон чинь Б.А хамар хэсэгтээ цохиулсан цус гарсан зогсож байсан. Би очоод “юу болсон Б.А-г хэн цохисон бэ?” гэж асуухад Б.А нь “Б.Н намайг зодсон” гэж хэлсэн. ...Би хэн нь хэнийгээ цохиж байхыг хараагүй. Б.Агийн хамарнаас гарсан цус гоожоод тогтохгүй байхаар нь сумын Эрүүл мэндийн төв дээр дагуулж очиж цусын угааж цэвэрлэж гэрлүүгээ авч явсан...” гэх мэдүүлэг[4],
4. Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед манай найз Ж.А бид хоёр соёлын төвөөс халууцаад гарч ирэхэд Б.Н, Б.А нар барьцалдсан байдалтай байсан. Гэнэт Б.А-г унахыг харсан, Б.Н цаашаа шууд хашааны өнцөг тойрч явсан. Б.А нь босоод нүүрээ дараад цагдаа хаана байна гэж хэлээд соёлын төв рүү орсон...” гэх мэдүүлэг[5],
5. Гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед сумын Соёлын төв дээр тоглолт болж байхаар нь очиж үзсэн юм. Би Соёлын төвөөс гараад үүдэн дээр зогсож байтал манай сумын Өлгий нуур багийн малчин Б.А соёлын төвийн ард хэсэгт сууж байхаар нь очиход Б.А-гийн хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд яасан бэ гэтэл Б.А босож ирээд намайг та цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би чамайг цохиогүй юу яриад байгаа юм гэтэл Б.А заамдаад авахаар нь би бас Б.А-г заамдаад түлхсэн. Тэгтэл Б.Б, сумын цагдаатай ирж салгасан...” гэх мэдүүлэг[6],
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Үзүүлэгч Б.А-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун завжны салстад, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 680 дугаартай дүгнэлт[7]
7. Шүүгдэгч Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...Тэгээд бүжгэн дээр байж байтал манай сумын Өлгий нуур багийн малчин Б.А гэх залуу согтуу ирээд “чи манай ахын хүүхэд С.А-ийг яагаад эргүү гэж хэлсэн юм бэ? чамайг би ажилгүй болгоно” гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж Б.А-тай зодолдсон юм аа. Тэгээд Б.А бид хоёр зодолдож байхад манай эхнэр салгасан юм...” гэх мэдүүлэг[8] зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.А-тай маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, хохирогчийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун завжны салстад, баруун сарвууны ард зулгаралт” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Агийн биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун завжны салстад, баруун сарвууны ард зулгаралт” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 680 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний эмчилгээний зардал 610’000 төгрөг болж байсан. Надад эмчилгээний зардлын баримт гээд байх зүйл байхгүй харин эмчилгээний өвчтөний карт байгаа өөр зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн[9] байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Агийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.У-ийн “...манай нөхөр Б.Н нь хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийтэч, найрсаг, хөгжилтэй, хийсэн ажилдаа эзэн нь болдог, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүний ааш араншинг олохдоо сайн, элдэв янзын муу зуршилгүй, эхнэр хүүхдэдээ халамжтай, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй, хааяа нэг баяр ёслол, найз нөхдийн хүрээнд тохируулж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг[10], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгч “миний хийсэн хэрэгт тохирсон ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А-гийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 15-16 дугаар хуудас
[2] хх-ийн 17 дугаар хуудас
[3] хх-ийн 20 дугаар хуудас
[4] хх-ийн 21 дүгээр хуудас
[5] хх-ийн 22 дугаар хуудас
[6] хх-ийн 27 дугаар хуудас
[7] хх-ийн 37-39 дүгээр хуудас
[8] хх-ийн 50-51 дүгээр хуудас
[9] хх-ийн 18-19 дүгээр хуудас
[10] хх-ийн 29-30 дугаар хуудас
[11] хх-ийн 52 дугаар хуудас
[12] хх-ийн 69-73 дугаар хуудас