| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00391/и |
| Дугаар | 360 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймаг, сумын тоотод оршин суух хаягтай, Т овогт Х Б /РД:/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1970 онд төрсөн. Улсад 20 жил ажилласан. Хөдөлмөрийнхөө дэвтрийг үрэгдүүлчихсэн тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Бнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 27-ны өдрийн 08/476 дугаартай Хулд сумын “Талын цэцэг нэгдэл”, “Талын цэцэг ББХК”, “Талын цэцэг хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Х.Б 1987-1991 онуудад хамаарах цалингийн тооцооны хуудасны хуулбарууд /хэргийн 10-19-, 22-26-р хуудас/
-Гэрч Д.Нансалмаагийн “...Х.Бгэдэг хүнийг танина, миний том охин байгаа юм. Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Х.Бнь 1987 онд сургуулиа төгсөөд 1987 оны 8 сараас 1991 оны 1 сар хүртэл Дундговь аймгийн Хулд сумын бүлээн бригадад малчин байсан. Х.Бөвөө, эмээтэйгээ хамт төллөх мал, төлөг, шүдлэн, сувиа мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн бригадад 1972-1993 он хүртэл бага мал малласан. ... Төрөхөд нь би Б гэдэг нэр сугалж байсан юм..... " гэх мэдүүлэг /хэргийн 33-34-р хуудас/
-Гэрч Д.Шатарын “...Х.Бнь 1987 оны 8 сараас эхлээд 1993 оны 1 сарыг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчин байсан. Х.Ббага мал малладаг байсан. Би Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн бригадад 1972-1978 он хүртэл агентаар ажиллаж байгаад Хулд сумын төвд очиж худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, жолоочоор 2006 он хүртэл ажилласан.. ... Дашдондог гэдэг хүн Б ээжийг нь өргөж авсан эцэг нь байгаа юм. Б төрсөн эцгийг Хүрэлбаатар гэдэг. Б өөр нэрээр Жаргал гэж дууддаг байсан. Б болчихсон юм байна лээ. Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд Хүрэлбаатарын Баас өөр Х.Бгэсэн нэртэй хүн байсныг мэдэхгүй. ... Б Жаргал гэж дуудаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 35-36-р хуудас/
-Гэрч Ц.Ганчимэгийн “...Х.Бнь 1983 оноос 1991 оны 1 сар хүртэл Дундговь аймгийн Хулд сумын бүлээн бригадын алаг гэх газар баг мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Хулд сумын бүлээн бригадад 1981-1993 он хүртэл мал маллаж байсан. Х.Б Дашдондогийн Жаргал гэж дууддаг байсан. Дашдондог гэдэг хүн Б ээжийг нь өргөж авсан эцэг нь байгаа юм. Хүрэлбаатар Б төрсөн аав нь байгаа юм. Б өөр нэрээр Жаргал гэж дууддаг байсан. Манай бригадад өөр Б гэсэн нэртэй хүн байгаагүй....” гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгзйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Х Б /РД:/-ийг 1987 оны 08 сарын 01-ээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б