Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: хот, дүүрэг, хороо, тоотод оршин суух хаягтай, Б овогт Д.Ц /РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1968 онд төрсөн. Улсад 20 жил ажилласан. ...бичиг баримт шаардлага хангахгүй байгаа тул 1986 оны 7 сарын 3-наас 1991 оны 1 сарын 29-нийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд шаварчин будагчинаар, 1991 оны 1 сарын 29-ний өдрөөс 1992 оны 7 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Жаргалант пүүсд шаварчин, будагчинаар, 1992 оны 7 сарын 27-ноос 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Жаргалант ББХХоршоонд шаварчин, будагчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 16-ны өдрийн 08/455 дугаартай Дундговь аймгийн Барилгын “Жаргалан пүүс”, “Жаргалан ББХХоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1986 оны 7 сарын 3-ны өдрийн 222 дугаартай “ Ажилд авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/

-1986 оны 7 сарын 4-ний өдрийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн боловсон хүчин, Долгорын Ц нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 10-р хуудас/

- Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1991 оны 2 сарын 25-ны өдрийн 34 дугаартай “Ажилчдыг пүүсүүдэд шилжүүлэх тухай” тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Дундговь аймаг дахь барилгын техник мэргэжлийн сургуулиас Д.Цид 1984 он 07 сарын 01 өдөр олгосон, 1984 оны 09 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймаг дахь Барилгын ТМС-д суралцсан, Техник туслалцааны барилгын трест, Жаргалан пүүс, Жаргалан хоршоонд шаварчин, будагчинаар томилсон чөлөөлсөн тухай тушаалын бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14-р хуудас/

-БНМАУ-ын Ардын боловсролын яамнаас Д.Цид олгосон 00982 дугаартай “Шаварчин, будагчин” мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Д.Хүүхэнчулууний “...Д.Ц нь Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1982 он билүү, 1984 онд төгсөөд Барилгын 6-р трестэд 1991 он хүртэл ажиллаж байгаад 1994 онд Жаргалант хоршоо, Жаргалан пүүс болж өөрчлөгдөхөд нь мөн ажилласан. Би Барилгын 6-р трест, Жаргалант пүүс, Жаргалан хоршоонд 1975-1994 он хүртэл норомчиноор ажиллаж байсан. Д.Цыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн санахгүй байна. ... Сайн ажилтан байсан. 1991-1994 оныг хүртэл Д.Ц нь өөр газар ажиллаж байгаагүй. Барилгын 6-р трест, Жаргалант хоршоо, Жаргалант пүүст тасралтгүй ажилласан..... " гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/

-Гэрч Н.Цолмонгийн “...Д.Ц нь 1986 онд сургуулиа төгсөөд Барилгын 6-р трестэд ажилд орсон. Тэгээд Хишигтогтохын бригадад шавар будагчинаар ажиллаж байсан. 1990 оноос эхлээд 1998 он хүртэл Жаргалан хоршоонд шавар будагчинаар ажиллаж байсан. Би барилгын 6-р трест, Жаргалан пүүс, хоршоонд 1977-1998 он хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан. Д.Ц нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан байх....” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/ 

 -Гэрч Ч.Хишигтогтохын “...Д.Ц нь Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1984 онд төгсөөд Барилгын 6-р трестийн 1-р бригадад шавар будагчин, засалчинаар ирсэн. Тэгэхэд би мастер 1-р бригадын дарга байсан юм. 1991 онд Жаргалан хоршоо болж өөрчлөгдөхөд нь мөн Ц 1992 он хүртэл ажиллаж байсан.  Би Жаргалант хоршооны захирал байсан юм. Д.Ц нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан байх. Улсын шагнал авч байгаагүй. Байгууллагын шагнал авч байсан. 1991-1994 оныг хүртэл Д.Ц нь өөр газар ажиллаж байгаагүй....” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.   

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Бовогт Д.Ц /РД:/-ийг 1986 оны 07 сарын 03-аас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трест, Жаргалан пүүс, Жаргалан хоршоонд тус тус шаварчин, будагчинаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б