Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан Жаргалант сумын соёлын төвд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214003160025 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай,  *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн ******* 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлан авч түүнд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ...Манайх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн нутаг Могойн хөндий гэх газарт нутаглаж байхдаа 2 тооны сарлагийн үхэр алдсан, тэгээд ойр хавиараа хайгаад олоогүй. Хаа холдов гэж айлын үхрээр явж байгаа байх гээд хүмүүст хэлж, захиж явсаар байгаад 2022 оны 07 сарын 25-ны өдөр малын эрэл хайгуул хийгээд явж байтал манай алдсан үхрийн нэг нь байсан. Тэгээд би очиж уулзахад Заг сумын иргэн Цогтбаатар гэж айл байсан. Би “манай нэг алдсан үхэр танай үхэрт байна” гэхэд “наад үхэр чинь 2022 оны 04 сард манай үхэрт нийлсэн” гэж надад хэлсэн. Тэгээд манай үхрийн хүзүүнд болон тугалынх нь хүзүүнд улаан хүрэн өнгийн давуу уясан. Тэгээд би үхрээ аваад гэр лүүгээ явсан. ...”энэ үхэртэй хамт явсан хөх халзан үхэр нь хаана байна” гэхэд Цогтбаатар гэх хүн “би тэрийг нь мэдэхгүй байна, энэ үхэр ганцаараа манай үхэрт нийлсэн” гэж хэлсэн..., ...Манай үхэр байнгын хариулгатай. 2022 оны 01 сарын 03-ны өдөр би адуундаа яваад үхрээ хурааж амжаагүй, тэгэхдээ манай үхэр сүрэг манай гэрээс 3-4 километрийн зайд байсан, тэр өдөр хурааж чадаагүй, бусад өдөр манайх үхрээ байнга гэрийнхээ гадаа хурааж хонодог. Хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 03-ны өглөө гэрийнхээ гаднаас үхрээ бэлчээгээд тэр өдрөө хурааж чадаагүй, тэгээд тэр шөнө нь алга болоод хоносон. Би алдагдсан гэх 2 үхрээ Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан дөрөлж, Хаг, Хөндлөн хар гэх газруудаар хайсан. Харин 2 дугаар багийн нутаг 2-ын ам, Ханхар, Хэргэстэй гэх газруудаар ганцаараа хайсан боловч олдоогүй..., ...Манай үхрүүд ерөөсөө салдаггүй, тэгээд ч манайх өдөр болгон үхрээ хураадаг. Намайг гэрт нь очиход Цогтбаатар нь надад сая 4 сард ирж нийлсэн гэж хэлсэн. Тэгээд би очиж сартай хар үхрээ тугалтай нь авсан. Тэгээд “нөгөө хамт явсан үхэр нь хаана байна” гэхэд энэ үхэр ганцаараа ирж нийлсэн гэж надад хэлсэн. Тэгээд Цогтбаатартай сүүлд холбогдоход “нөгөө хамт явсан үхрийн хохирол мөнгийг нь төлж барагдуулна” гэж хэлсэн, Одоогоор хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй байна. Тухайн үед Цогтбаатар нь надад худлаа хэлсэн би өөрийн эрж хайсан бензин тос болон бусад зардлаа нөхөн төлүүлмээр байна..., ...Миний хувьд 2 тооны үхрээ алдсан. Эвэртэй хар үхрийг 2022 оны 07 сард өөрөө очиж *******ын үхрээс авсан. Харин нөгөө үхэр нь үхсэн талаар ******* хэлж байсан, үхсэн үхрийн оронд хязаалан үхэр авсан. Одоо хохирлын хувьд ямар нэг маргах зүйлгүй болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 41-42, 77/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 01 сарын 03-нд манай ахын үхэр Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн нутаг Могойн хөндий гэх газарт бэлчээрлэж байгаад үхэр сүрэг дотроосоо 2 тооны сарлагийн үхрийг алдсан.Манай ахын өөрийнх нь үхэр байгаа юм. Хөх халзан эвэртэй шүдлэн үхэр, эвэртэй сартай хар шүдлэн үхэр, хоёулаа охин үхрүүд байсан. Өөр хүнээс болон бусад газраас худалдан авч байгаагүй. Манайхны үхрүүд ерөөсөө салдаггүй, тасардаггүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Манай мал Ууганбаярынд байдаг. 2022 оны 01 сарын 04-ний өдөр Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн нутаг Могойн хөндий гэх газарт бэлчээрлэж үхэр дотроосоо 2 тооны сарлагийн үхрээ алдчихлаа гэж ярьсан. Хөх халзан эвэртэй шүдлэн үхэр, эвэртэй сартай хар шүдлэн үхэр, хоёулаа охин үхрүүд байсан. Би ажлынхаа цаг зайгаар хүртэл очдог, мал сүрэг нь ерөөсөө тасарч тусдаа явдаггүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Манайх 2022 оны 1 сарын 03-04-нд шилжих шөнө 2 тооны сарлагийн үхэр Жаргалант сумын Нам толгой 1 дүгээр багийн Могойн хөндий гэх газраас алдсан. Манайх үхрээ байнга, өдөр болгон хураадаг. Тухайн өдөр буюу 2022 оны 01 сарын 03-ны өдөр манай нөхөр адуундаа яваад оройтож ирээд үхрээ хурааж чадаагүй. Тэгээд маргааш орой нь үхрээ хураахад 2 тооны сарлагийн үхэр байхгүй байсан. Тэгээд манай нөхөр ойр хавиар болон Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хайсан боловч олоогүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Би өөрөө үхэр малдаа явдаггүй. Тэгэхдээ 2022 оны хавар 5 сарын сүүлээр манай үхэрт эвэртэй хар үхэр нийлсэн байсан. ...надад үхэр мал тууж өөрийн үхэр сүрэгтээ нийлсэн талаар ерөөсөө хэлээгүй. Манай үхэрт үлдсэн байсан эвэртэй хар үхрийг зун буюу 2022 оны 07 сарын 25-ны өдөр Ууганбаяр өөрөө ирж авсан. Харин үхсэн гэх ягаан халзан үхрийг айлаас үхрийн авалтай тул тэр үхрийг манай авалтай айлаас очоод авчхаарай, манайх нөгөө айлд хэлчихсэн гэж хэлсэн. Тэгээд 2 үхрийнх нь хохирлыг барагдуулахаар болсон.Би өөрөө сайн мэдэхгүй байна, харин үхрийн эзэн Ууганбаяр энэ хоёр үхрийг манайх алдсан гэхэд нь мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Жаргалант сумын Хиргэстэйн ам буюу морьтой хясааны тэр хавиар адуугаа хайгаад явж байтал 2 тооны буюу эвэртэй хар үхэр, эвэртэй хөх үхэр байхаар нь манай хойд талын хүмүүсийн үхэр байх гэж бодсон. Тэр үед манай үхэр Хиргэстэйн амын баруун шанаанд байсан үхэртээ нийлүүлж орхисон юм. Тэр үеэс хойш манай үхэрт байгаад байсан юм. 2022 оны 04 сард их хэмжээний цас ороод эвэртэй хөх үхэр нь үхсэн, харин эвэртэй хар үхэр нь нэлээд муудаад тариа хийж байж гайгүй болсон юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сард тугалсан юм. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр санагдаж байна, Заг сумын 3 дугаар баг Өлзий түрүү гэх газар байхад үхрийн эзэн Б.Ууганбаяр ирээд “манай алдсан үхэр танай үхэрт байна” гэж хэлээд туугаад яваад өгсөн юм. Тэр үед Б.Ууганбаяр надаас “хөх үхэр яасан” талаар асуухаар нь би “мэдэхгүй, ганцаараа ирж нийлсэн” талаар хэлсэн, хөх үхрийг үхсэн талаар хэлж чадаагүй юм. Хөх үхрийн хувьд Заг сумын 3 дугаар багийн нутаг Өлзийт түргэний тархи гэдэг газар үхсэн, ноднин шүлхий өвчин гарсан тул тэр хавын малыг яс, арьс ширний үлдэгдлийг цэвэрлэхдээ хамт ясыг нь хогийн цэгт хаясан юм. Би үхэр нийлүүлсэн талаар эхнэр болон гэр бүлийнхэндээ хэлээгүй. Тухайн 2 үхэр шүдлэн үхэр харагдаж байсан, тэгэхдээ би шүдийг нь үзээгүй, биеийг хараад хэлж байгаа юм. Хар үхрийг тугалтай нь Б.Ууганбаяр аваад явсан, харин эвэртэй хөх үхрийн оронд үхэр өгнө гэсэн боловч аваагүй байгаа юм, миний хувьд үхрийг өгнө, миний хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-75/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 313 тоот эд зүйл үнэлсэн ...нийт 1,600,000 төгрөг болохыг тодорхойлов... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 86-112, 145-155/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Дээр дурдсан шинжүүд хангагдсан тул ******* нь бусдын алдуул мал буюу хохирогч ******* өмчлөл, эзэмшлийн 2 тооны үхрийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хх-ийн 10-11, 41-42, 77/, гэрч Б.Энхбаяр, Д.Баттөмөр, А.Нандинцэцэг, В.Шүрэнцэцэг нарын мөрдөн байцаалтад мэдүүлэг /хх-ийн 27-28, 31-31, 44-45, 47-48/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-75/, “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 313 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Энэ нь хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох 2 тооны үхрийг шууд ижил сүргээс нь салган авч захиран зарцуулсан буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд, сэм аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

*******ыг 2022 оны 01 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн ******* эзэмшлийн 2 тооны үхрийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Иймд шүүгдэгч *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Ууганбаяр нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирол, гомдолгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

           

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА