Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/684

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мижиддорж,

өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б..........аа, тэдний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00619 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бор овогт Э..........ны Б..........н, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 15 настай, суурь боловсролтой, Ерөнхий боловсролын ......................., ам бүл 5, эх, өвөг эцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ........................ байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ......................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................гадна насанд хүрээгүй хохирогч Ө.Г...........найн Samsung А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.Б..........н нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын Угсармалын 8Б байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ө.Г...........найг гар утсаараа яриулчих гэж хууран, түүний Samsung А-50 маркийн гар утсыг авч зугтаасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCNC11399326 дугаартай хуудсанд: “...Дуудлага өгсөн: 99415399 ... дуудлага хүлээн авсан...2022.03.08 10:28:49...дуудлагын утга...Манай 10 настай хүүхдийн А-50 гар утсыг ногоон куртиктай эрэгтэй хүн булаагаад зугтаачихлаа гэх...” дуудлага мэдээллийн баримт (хавтаст хэргийн 02 дахь тал),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны ертөнцийн зүгээр баруун талын засмал, асфальтан зам байх ба ойр орчимд тээврийн хэрэгслүүд эгнүүлж байрлуулсан, GPS багаж ашиглан солбилцолыг шалгахад N47,55,11 Е106’48’58 гэж зааж байв. Тухайн 8а байр нь баруун зүгт гарсан нийт 3 орцтой, баруун хойд талдаа “Алмаз” гэсэн нэр бүхий дэлгүүртэй байх ба дуудлага мэдээлэл өгсөн гэх хүнээр эд зүйлээ алдсан гэх газрыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Гэрч Н.Э...........сээс хүлээлгэн өгсөн Самсунг А-50 загварын гар утасны ажиллагааг шалгахад хэвийн байлаа, гар утсанд ямар нэгэн гэмтэл байхгүй байх бөгөөд од чагт 06 гээд ногоон товчийг шалгахад 358583104619492, 358584104619490 имей кодтой гар утас байсныг...гэрэл зураг дарж бэхжүүлэв...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал)

 

- Насанд хүрээгүй хохирогч Ө.Г...........найн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байранд амьдардаг юм. 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад гар утсандаа нэгж авахаар Мөнхтуяа гэдэг хүнсний дэлгүүр ороход мобикомын нэгж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн дэлгүүрээс гараад 8б байрны хоёрдугаар орцны харалдаа явж байтал ногоон өнгийн куртиктэй нэг ах ирээд ахдаа утсаараа нэг яриулаач гэхээр нь би барьж байсан гар утсаа өгтөл миний утсыг аваад шууд доошоо хамаг хурдаараа гүйгээд явчихсан. Би араас нь хөөх гэж байгаад гүйцэхгүй болохоор хөөгөөгүй тэгээд гэртээ орж гар утас хүн аваад явчихсан талаараа ээж хэлсэн...миний гар утас Samsung А-50 маркийн гар утас байсан бөгөөд ээж миний төрсөн өдрөөр 400.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- Гэрч Н.Э...........сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Т..............л цахим орчинд гар утас авна зарна гэж зар байршуулсан байсныг холбогдож надад Самсунг А-50 маркийн гар утас авч өгөхөөр болсон юм. Тухайн гар утсыг худалдана гэсэн хүн миний 80050662 дугаарын утас руу залгаж яриад надтай Баянгол рестораны гадна уулзаж гар утсаа өгсөн. Тухайн гар утсыг шалгахад Самсунг А-50 маркийн гар утас байсан бөгөөд цэнэггүй байхаар нь ажлын газар руугаа дагуулж орж үзэж байгаад цэнэглээд ажиллагаа хэвийн болохоор нь би тухайн гар утсыг 230.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тухайн хүүхдээс уг хэний утас болох талаар асуухад эгчээ би ажил хийж байгаад мөнгөөрөө худалдан авч байсан гар утас байгаа юм гэж хэлээд надад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

- Гэрч У.Т..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цахим орчинд байж байтал rap утас авна зарна гэсэн групэд Самсунг А-50 маркийн гар утас зарна гэсэн зар байхаар нь чатаар нэг хаягтай хүнтэй харилцсан бөгөөд тухайн хүн гар утсаа 250.000 төгрөгөөр худалдана гэж зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хүнтэй цахим орчинд харилцаж 230.000 “төгрөгөөр худалдах талаар асуухад болно би Содон хороололд байдаг талаараа надад хэлсэн. Тэгээд би 80050662 дугаарын эхнэрийн утсыг өгөөд тэнд очоод гар утсаа өгчих гэж хэлсэн. Харин манай эхнэр Э...........с тухайн хүнээс Самсунг А-50 загварын гар утас авсан байсан. Би яг ямар хүнээс авсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 419 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Самсунг А-50 маркийн гар утас...400.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Өсвөр насны шүүгдэгч Э.Б..........нг мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 103-33 тоотод төрсөн ээж Б..........аа, өвөө, болон нагац эгч, нагац эгчийн дүү нарын хамт амьдарч байгаа. Би энэ хаяг дээр 2021 оны 09 сараас хойш ирж хамт амьдрах болсон ба өмнө нь буюу 3 настайгаас хойш Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн аав Э..........н болон хойд ээж *******нарын хамт амьдардаг байсан юм. Тэгээд 2022 оны 03 сарын 08-ны өдөр олон нийтийн амралтын өдөр байж таарсан ба хичээл ороогүй, гэртээ амарч байсан юм. Тэгээд 10 цагийн орчим би дэлгүүр гарч тамхи худалдаж гээд гарсан ба Содон хорооллын дэлгүүрүүдэд тамхи зардаггүй болохоор 21-ийн замын баруун тал буюу эсрэг талд 8б байрны хойд талд байдаг хүнсний дэлгүүр орж тамхи авсан юм. Тэгээд тамхиа авчхаад дэлгүүрээс гарахад яг үүдэнд нь 9 орчим насны эрэгтэй хүүхэд 4-5 орчим насны эмэгтэй дүүтэйгээ хамт гартаа гар утас барьчихсан зогсож байхаар нь би очоод ахаас нь “Утсанд чинь нэгж байна уу" гэсэн чинь “Нэгж байгаа” гэж хэлэхээр нь “Утсаараа яриулаач” гэж хэлэхэд гартаа барьж байсан утсаа надад өгсөн юм. Би тэр хүүхдээс утсыг нь авангуутаа шууд ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйгээд миний зах дэлгүүрийн хойд талаар эргэж ороод тэндээ ардаас ирж байгаа үгүйг нь нь харсан чинь ардаас дагаагүй байсан. Тэгээд байж байтал тухайн гар утас руу дуудлага ирэхээр нь би авалгүй салгаж унтраагаад тэндээсээ өөрийн гэр болох Содон хороолол руу явсан юм. Тэгээд би гэртээ ороод гэрийнхэндээ тухайн утасны талаар хэлээгүй, хичээл номынхоо дэвтрийн завсар нь хийчихсэн юм. Тэгээд би тухайн гар утсыг шалгаад үзэхэд Самсунг А50 маркийн гар утас байсан ба ямар нэгэн код, нэвтрэх цоожгүй байсан, тэгээд би цахим сүлжээ буюу фейсбүүк дээр тухайн гар утсыг зарах пост, нийтлэл оруулсан боловч хүмүүстэй тохирч чадахгүй байсан, тэгээд 2022 оны 03 сарын 15-ны өдөр “Jargal jargal” гэсэн фейсбүүк хаягтай хүн миний зарын дагуу холбогдож улмаар тухайн гар утсыг худалдаж авахаар болсон ба өөрөө завгүй гэсэн учир эхнэртэй нь уулзаж гар утсыг өгөхөөр болсон. Тэгээд би тэр хүний эхнэртэй тухайн өдрөө Баянгол зочид буудлын орчим уулзаж байгаад “Миний гар утас байгаа юм” гэж хэлээд өгсөн ба “Асуудал болохгүй биз дээ” гэж асуухаар нь би “Асуудал болохгүй” гэж хэлээд 230.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Э.Б..........н дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Б..........н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Г...........най нь хөрөнгийн үнэлгээгээр 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, (хавтаст хэргийн 35 дахь тал) авагдсан байна. Харин өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.Б..........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 105-106 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), нийслэлийн ерхний боловсролын 154 дүгээр сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Б..........нг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өсвөр насны, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Иймд Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид ...ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуул...ж болно.” гэж заасан байна. Тиймээс өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай байсан зэргийг үндэслэн түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 сарын хугацаагаар хойшлуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 3 сарын хугацаанд тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал шүүхээс дээрх үүргийг хүлээлгэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад ач холбогдолтой гэж үзэн албадлагын арга хэмжээ авсан бөгөөд нөгөө талаас шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь өсвөр насны шүүгдэгчийн нас биед тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэхэд чиглэгдэнэ гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00619 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Бор овогт Э..........ны Б..........нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б..........нг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б..........нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б..........нд оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Б. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б..........н нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, түний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.МӨНХЗУЛ