Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 22

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэнсодномын Луваанжалбууд холбогдох эрүүгийн 201603000499 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 29-31 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Цэдэнсодномын Луваанжалбуу. /РД:АЭ85102675/

 

                                             Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Луваанжалбуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан идээ” нэртэй дэлгүүрийн орчимд Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууныг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.Луваанжалбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна гэв. 

 

            201603000499 дугаартай эрүүгийн хэргээс:         

Хохирогч Н.Эрдэнчулууны мэдүүлсэн: Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би хамгийн анх 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын хэв журмын цагдаагаар, 2011 онд Өндөр-Улаан сумын хэв журмын цагдаагаар, 2014 онд эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар, 2014 оны 02 дугаар сараас хойш тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би 18-20 цагийн хооронд замын цагдаагийн шөнийн эргүүлд цагдаагийн ахлах ахлагч П.Одбаяр, ахлагч М.Ариунболд, ахлагч Г.Улсболд нарын хамтаар эргүүлийн үүргийг 01-01 АРХ улсын дугаартай Соната-5 маркийн автомашинтай гүйцэтгээд явж байсан. Тэгээд ойролцоогоор 23 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв 72 дугаар байрны хажуу талын шороон зам дээр 11-88 УНЯ улсын дугаартай хар хөх өнгийн маркийн автомашинаар явж байхаар нь бид нар шалгахаар болоод би буугаад уг автомашиныг зогсоож шалгасан. Тэр үед машин дотор 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн явж байсан бөгөөд жолооч гэх эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаж байсан. Тэр 4 хүн машин дотроо том пиво задлаад тавьчихсан, ундааны сав тайраад аяга хийсэн бөгөөд тэр аягандаа пиво уугаад дөрвүүлээ явж байсан. Би жолоочийг нь буулгаж ирээд бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тэр хүн надад бичиг баримт байхгүй гэхээр нь та нар архи уусан байна гэхэд тиймээ би архи уусан гэж тэр жолооч хэлж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн мэдээллийн санг шалгадаг машинаар жолоочийн регистрийн дугаарыг хийж шалгахад Гомбосүрэн овогтой Батжаргал гэх хүн байсан. Тэгээд уг автомашиныг саатуулахаар болоод би уг автомашиныг жолоодоод журмын хашаа руу хөдөлсөн. Тэгээд “Цагаан идээ”-ний дэлгүүрийн ойролцоо явж байх үед ард сууж явсан Луваанжалбуу гэгч нь миний араас миний хоолойг боосон бөгөөд тэр үед нь би машиныг зогсоох арга хэмжээ авч, шууд тормос гишгэсэн. Тэр үед Луваанжалбуу гэх хүн миний нүд болон шанаа руу гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би машинаас буугаад түлхүүрийг нь сугалж аваад байж байх үед Луваанжалбуу над руу хэл амаар дайрч, пизда чамайг хаа яваа газар чинь очиж ална гэх мэтээр дайрч давшилж байсан. Тухайн үед ард хамт явж байсан манай замын эргүүлийн цагдаа нар гарч ирээд Луваанжалбууг цагдаагийн газар руу аваад явсан. Би машиныг нь журмын хашаанд хийгээд машиныг жолоодож явсан Батжаргалд машины түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Тэр үед машинд явсан 2 эмэгтэй бид нарыг явуулчихаач, бид нар гайгүй байна эсвэл чи бид нарыг хүргээд өгчих гэж яриад байсан. Өөр зүйл хэн нэгэн яриагүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Намайг албан үүргээ биелүүлж явах үед автомашинаа журмын хашаанд хийлгүүлэхгүй гэсэн бодлоор Луваанжалбуу миний биед халдсан гэж бодож байна. Би тухайн үед Луваанжалбуу гэх хүнтэй юу ч яриагүй, цагдаа П.Одгэрэл, Г.Улсболд, М.Ариунболд нарын хамт явж байсан. Миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын шанаа хавдсан, тархи доргисон гэмтэлтэй байсан. Би тэр 2 хүнтэй хууль дүрмийн дагуу харьцсан, ямар нэгэн байдлаар гар хүрч зодоогүй. Луваанжалбуу гэх залуу нилээд их согтсон байдалтай байсан. Би эмчилгээний зардал болох 500.000 төгрөг нэхэмжилнэ. Би албан үүргээ биелүүлж яваад бусдад зодуулсандаа маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар хуудас/

 

Гэрч Г.Улсболдын мэдүүлсэн: Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Ц.Луваанжалбуу гэх хүнийг танихгүй. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой би цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун, цагдаагийн ахлагч М.Ариунболд, цагдаагийн ахлах ахлагч П.Одбаяр нарын хамтаар замын цагдаагийн шөнийн эргүүлд 18-02 цаг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Тэгээд бид нар албан үүргээ биелүүлээд явж байх үед ойролцоогоор 23 цагийн орчимд бид нар 01-01 АРХ улсын дугаартай замын цагдаагийн авто машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгээд 72 дугаар байрны хажууд явж байсан машиныг дагаж очоод цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун машинаас ганцаараа буугаад 11-88 УБЯ дугаартай Бенз маркийн авто машиныг шалгасан, тэгээд шалгаж байх үед нь бид нар яасан, юу болсон гэж асуухад Н.Эрдэнэчулуун хэлэхдээ жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна авч, очиж шалгая гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар за за араас чинь дагаад явъя гэж хэлээд бид нар хөдөлсөн, урд 11-88 УБЯ улсын дугаартай машиныг ахлагч Н.Эрдэнэчулуун жолоодоод бид нар араас нь дагаад явж байсан. Тэгээд явж байтал цагаан идээний дэлгүүрийн ойролцоо бид нарын урд явж байсан 11-88 УБЯ улсын дугаартай авто машин гэнэт зогссон. Тэр үед цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун 11-88 УБЯ улсын дугаартай авто машинаас бууж ирээд араас боогоод нүүр рүү гараараа цохичихлоо гэж хэлэхээр нь бид нар машинаас буугаад цагдаагийн ахлах ахлагч П.Одбаяр, цагдаагийн ахлагч М.Ариунболд нарын хамтаар 11-88 УБЯ улсын дугаартай авто машинд зорчиж явсан Луваанжалбуу гэгчийг цагдаагийн машинд суулгаж, цагдаа дээр авч ирж саатуулсан. Ц.Луваанжалбуу яагаад цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууныг цохих болсон талаар мэдэхгүй байна, миний бодлоор машиныг нь саатууллаа гэж уурлаад л цохисон байх. Тэр үед Лаваанжалбуу нилээд их согтсон байсан, машиныг нь нэг залуу барьж явж байсан мөн 2 эмэгтэй хүнтэй хамт дөрвүүлээ байсан. Ц.Луваанжалбуу цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууныг хэрхэн цохиж зодсон талаар хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууны хэлснээр бол Луваанжалбуу нь Н.Эрдэнэчулууныг машин жолоодоод явж байх үед нь араас нь гэнэт боогоод, тэгээд гараараа нүүр рүү нь цохисон гэж хэлсэн. Тухайн үед нь цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууны зүүн талын нүд бага зэрэг улайсан, халцарсан байдалтай харагдаж байсан. Луваанжалбууг бид цагдаа руу авч ирэх зорилгоор цагдаагийн авто машинд суулгах гэх үед бид нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар дайрч давшилж байсан. Тухайн үед бид нар ямар нэгэн юм ярилгүй, шууд цагдаагийн газар хүргэж саатуулсан. Тэр үед Ц.Луваанжалбуу нилээд их согтсон байдалтай байсан. Цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун 11-88 УБЯ улсын дугаартай авто машинд зорчиж явсан иргэдтэй зүй бусаар харьцсан асуудал байхгүй. 11-88 УБЯ улсын дугаартай машин дотор юу болсон талаар мэдэхгүй. Уг машинаас цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун гарч ирсэний дараа Луваанжалбуу цагдааг ахлагч Н.Эрдэнэчулуунлуу хэл амаар дайрч доромжилж байсан тэр үед цагдаа Н.Эрдэнэчулуун ямар нэгэн юм яриагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 15-17 дугаар хуудас/

 

            Гэрч П.Одбаярын мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой би цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун, дэд ахлагч Г.Улсболд, ахлагч М.Ариунболд нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд замын цагдаагийн тасгийн 01-01 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркын машинаар хот дотор эргүүл хийгээд явж байсан. Тэгээд харанхуй болсон байх үед 72 дугаар байрны ойролцоо явж байсан хар өнгийн Бенз маркийн авто машиныг явж байх үед нь араас нь дагаж очоод шалгах болсон. Тэр үед манай замын цагдаагийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун ганцаараа машинаас бууж 11-88 УБЯ улсын дугаартай машиныг шалгасан. Тэгээд Эрдэнэчулуун жолоочийг машинаас буулгаж арын суудалд суулгаж өөрөө машиныг нь жолоодоод бид нарт хандаж журмын хашаа орьё жолооч нь согтуу байна гэж хэлсэн. Тэгээд хөдөлсөн бид нар тэр машины араас дагаад явж байсан. Тэгээд явж байтал цагаан идээний дэлгүүрийн ойролцоо Эрдэнэчулууны жолоодож явсан 11-88 УБЯ улсын дугаартай авто машин гэнэт зогссон бид нар араас нь ирээд зогссон чинь Н.Эрдэнэчулуун машинаас бууж ирээд ард явж байгаа хүн гэнэт миний араас боогоод миний нүдрүү цохчихлоо гэж хэлсэн тэр үед цагдаа Эрдэнэчулууны зүүн нүд бага зэрэг хавдсан байсан. Тэгээд би цагдаагийн дэд ахлагч Улсболдын хамтаар 11-88 УБЯ улсын дугаартай машинд сууж явсан Луваанжалбуу гэх хүнийг барьж аваад 01-01 АРХ машинд суулгаад цагдаа дээр авч ирээд саатуулсан. Саатуулахаар барьж авах гээд байж байх үед Луваанжалбуу бид нарын буюу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20 дугаар хуудас/

 

Гэрч М.Ариунболдын мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой би шөнийн эргүүлд цагдаа Одбаяр, Улсболд, Эрдэнэчулуун нарын хамтаар 18-02 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед 11-88 УБЯ улсын дугаартай авто машин байсныг Эрдэнэчулуун эогсоож шалгасан. Тэгээд жолооч нь согтуу архи дарс хэрэглэсэн байна, журмын хашаа орж шалгая машиныг нь саатуулах хэрэгтэй гээд Эрдэнэчулуун урд гараад 11-88 УБЯ улсын дугаартай хар өнгийн Бенз маркийн авто машиныг жолоодоод явсан араас нь бид нар 01-01 АРХ улсын дугаартай албаны машинаа унаад дагаад явж байсан. Тэгээд цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байтал гэнэт урд явж байсан 11-88 УБЯ улсын дугаартай машин зогссон. Тэгээд цагдаа Эрдэнэчулуун жолооч талаас буугаад ирсэн, тэгэхээр нь юу болсон бэ гээд асуутал ард сууж явсан эрэгтэй араас намайг боогоод тэгээд миний нүд нүүр рүү гараараа цохичихлоо гэсээр зүүн талын нүд нь улайж бага зэрэг хавдсан байдалтай зогсож байсан. Луваанжалбууг саатуулах үед Луваанжалбуу цагдаагийн алба хаагч бид нарлуу хэл амаар дайрч давшилж цагдаа Н.Эрдэнэчулууныг ална гэх мэтээр заналхийлж хэл амаар доромжилж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Батжаргалын мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ байж байх үед Луваанжалбуу надруу утсаар залгаж Донойд газын колонкын энд хүрээд ирээч би согтуу байна гэж хэлсэн. Тэгээд би 20 цагийн үед Донойд байх газын колонкын тэнд очих үед Луваанжалбуу машин дотроо 2 эмэгтэйн хамтаар пиво уугаад сууж байсан. Тэр үед машин дотроо нэг том пиво задлаад уугаад бараг дуусч байсан. Тэгээд би машиныг нь жолоодоод замын ар талд байх дэлгүүрээс дахиж нэг том пиво аваад аймгийн төврүү орж ирж 2 дугаар 48-ын ойролцоо очиж зогсоод тэр гурвын ууж байсан пивоноос би уугаад тэндээс хөдлөөд 3 дугаар цэцэрлэг буюу 72 дугаар байрны ойролцоо явж байтал замын цагдаа нар араас ирээд шалгасан. Тэр үед Н.Эрдэнэчулуун гэх замын цагдаа машинаасаа бууж ирээд бид нарыг шалгасан. Тэр цагдаа ирээд амрыг эрье та согтуу байна, та хойшоо суучих машиныг чинь саатуулна гэж хэлсэн. Тэр үед нь би машины ар талд ороод суусан. Тэгээд тэр цагдаа машин жолоодоод журмын хашаа руу цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байхад Луваанжалбуу ард сууж явж байгаад гэнэт урагшаа өндийж босч ирээд цагдаа Н.Эрдэнэчулууныг гараараа толгой нүүр орчимд нь цохисон. Тэр үед цагдаа Эрдэнэчулуун машиныг унтрааж машинаас буусан тэгээд ард явж байсан цагдаа нар машинаасаа гарч ирээд Луваанжалбууг аваад Цагдаагийн газарлуу явсан. Би Сараа, Азаа бид гурав цагдаа Н.Эрдэнэчулуунтай хамт журмын хашаа орж машинаа журамлуулчихаад, би цагдаа Н.Эрдэнэчулууны хамтаар цагдаа дээр ирсэн. Сарантуяа, Азжаргал хоёрыг журмын хашааны тэнд үлдээсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.Сарантуяагийн мэдүүлсэн: Тэр үед машиныг Батжаргал жолоодож явсан. Батжаргалын хажууд би суугаад ард талд Луваанжалбуу болон Азжаргал нар сууж явсан. Тэгээд цагдаа Батжаргалыг архи уусан байна. Машиныг нь саатуулна гээд Батжаргалыг машины хойд талын суудалд дээр суулгаад нэг замын цагдаа машиныг нь жолоодож журмын хашаа руу явсан. Тэгээд явж байтал Луваанжалбуу гэнэт тэр цагдааг араас нь толгой нүүр орчимд нь нэг удаа цохисон. Тэр үед цагдаа Эрдэнэчулуун ёо, ёо гээд машинаас буугаад машины гадаа гараад зогссон. Тэгээд байж байтал ард явж байсан цагдаа нар гарч ирээд Луваанжалбууг аваад цагдаа руу явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-28 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Азжаргалын мэдүүлсэн: Цагдаа нар ирээд шалгасан тэгээд тэр цагдаа Батжаргалыг та согтуу байна машиныг чинь журамлаж саатуулна та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гээд Батжаргалыг буугаад машины хойно суулгаад тэр цагдаа машиныг асааж жолоодоод цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байтал Луваанжалбуу гэнэт тэр цагдааг гараараа араас нь нүүр хавьд нь цохисон би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлсэн: Ц.Луваанжалбуу нь миний төрсөн дүү байгаа юм. Би үйлдсэн хэргийн талаар мэдэхгүй, сүүлд сонсоход манай дүү согтуу явж байгаад машинаа цагдаад журамлуулж явж байх үедээ цагдаагийн алба хаагчийг цохисон үйлдэл хийсэн гэж би ойлгож байгаа. Манай дүү Ц.Луваанжалбуу эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бодлоор манай дүү хүнтэй эвсэг байдаг, ширүүн дориун хурц зан гаргаад байдаггүй, хүний эвийг их олдог. Эхнэр хүүхэддээ халамжтай эцэг хүн гэж би боддог. Миний дүү хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Би өөрийн дүү Ц.Луваанжалбууг нэг их согтуу байх үед нь таарч байгаагүй. Найз нөхөдтэйгээ уудаг байх, архи дарс уусан үедээ асуудал гаргасан байна гэж би сонсож байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Мөнхбаатарын мэдүүлсэн: Би Ц.Луваанжалбууг танина. Бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс. Ц.Луваанжалбууд холбогдох хэргийн талаар бол мэдэхгүй, уг асуудал болсны маргааш би Ц.Луваанжалбуугаас юу болсон талаар асуухад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаатай маргалдаж асуудал гаргасан байна гэж хэлж байсан. Тухайн үед хамт байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй байна. Ц.Луваанжалбуу нь үг дуу цөөтэй, даруухан зантай хүн байгаа юм. Манай найз хүнтэй эелдэг харьцаатай байдаг. Бид хоёр нэг байранд хамт амьдардаг гэр бүлийн хувьд тогтвортой хүмүүс. Ц.Луваанжалбуугийн амьдрал ахуй боломжийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуу байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/

           

            Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 508 дугаартай: Н.Эрдэнэчулууны биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Сэжигтэн Ц.Луваанжалбуугийн мэдүүлсэн: Тухайн үед намайг сэрэх үед миний машиныг замын цагдаа жолоодоод явж байхаар нь миний уур хүрээд машин журамлаж саатуулах нь гэж бодоод тэр цагдааг цохисон юм гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд ороцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

            Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

 Шүүгдэгч Ц.Луваанжалбуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан идээ” нэртэй дэлгүүрийн орчимд Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулууныг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Эрдэнэчулууны “...Цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байх үед ард сууж явсан Луваанжалбуу гэгч нь миний араас миний хоолойг боосон бөгөөд тэр үед нь би машиныг зогсоох арга хэмжээ авч, шууд тормос гишгэсэн. Тэр үед Луваанжалбуу гэх хүн миний нүд болон шанаа руу гараараа 2-3 удаа цохьсон...”, гэрч Г.Улсболдын “...цагдаагийн ахлагч Н.Эрдэнэчулуун 11-88 УБЯ улсын дугаартай авто машинаас бууж ирээд араас боогоод нүүр рүү гараараа цохичихлоо гэж хэлэхээр нь бид нар машинаас буугаад цагдаагийн ахлах ахлагч П.Одбаяр, цагдаагийн ахлагч М.Ариунболд нарын хамтаар 11-88 УБЯ улсын дугаартай авто машинд зорчиж явсан Луваанжалбуу гэгчийг цагдаагийн машинд суулгаж, цагдаа дээр авч ирж саатуулсан...”, гэрч П.Одбаярын “...цагаан идээний дэлгүүрийн ойролцоо Эрдэнэчулууны жолоодож явсан 11-88 УБЯ улсын дугаартай авто машин гэнэт зогссон бид нар араас нь ирээд зогссон чинь Н.Эрдэнэчулуун машинаас бууж ирээд ард явж байгаа хүн гэнэт миний араас боогоод миний нүдрүү цохчихлоо гэж хэлсэн тэр үед цагдаа Эрдэнэчулууны зүүн нүд бага зэрэг хавдсан байсан...”, гэрч М.Ариунболдын “...цагдаа Эрдэнэчулуун жолооч талаас буугаад ирсэн, тэгэхээр нь юу болсон бэ гээд асуутал ард сууж явсан эрэгтэй араас намайг боогоод тэгээд миний нүд нүүр рүү гараараа цохичихлоо...”, гэрч Г.Батжаргалын “...цагдаа машин жолоодоод журмын хашаа руу цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байхад Луваанжалбуу ард сууж явж байгаад гэнэт урагшаа өндийж босч ирээд цагдаа Н.Эрдэнэчулууныг гараараа толгой нүүр орчимд нь цохисон...”, гэрч Ж.Сарантуяагийн “...Луваанжалбуу гэнэт тэр цагдааг араас нь толгой нүүр орчимд нь нэг удаа цохисон...”, гэрч Н.Азжаргалын “...Батжаргалыг буугаад машины хойно суулгаад тэр цагдаа машиныг асааж жолоодоод цагаан идээний дэлгүүрийн ойролцоо явж байтал Луваанжалбуу гэнэт тэр цагдааг гараараа араас нь нүүр хавьд нь цохисон...” гэх мэдүүлгүүд, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгч Ц.Луваанжалбууг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Луваанжалбуу нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирол төлбөр сайн дураар төлж барагдуулж гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл бий болсонд тооцож, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнсодномын Луваанжалбууг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Ц.Луваанжалбууг 1 жил /нэг/ 6 сарын /зургаа/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Луваанжалбууд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Луваанжалбууд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ц.Луваанжалбуу нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Луваанжалбууг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ