Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 40

 

 

З.Алтанхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой З.Алтанхуягт холбогдох эрүүгийн 1937000000057 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Бат-Очир ургийн овогт Занабазарын Алтанхуяг нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт “Хавтаг” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны хар сүүлтийг ТОЗ-8 маркийн галт зэвсэг ашиглан агнаж, 98-89 УБҮ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан махыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч Бат-Очир овогт Занабазарын Алтанхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Алтанхуягыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.4000.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Алтанхуягт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Алтанхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар сүүлтийн арьс, толгой, махыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн З.Нямгэрэлийн эзэмшлийн 98-89 УБҮ улсын дугаартай Ланд Крузейр маркийн авто машин, Т.Нямдаваагийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буу, шүүгдэгч З.Алтанхуягийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 18 дугаар гудамжны 5 тоот 1472м2 хэмжээтэй газрыг битүүмжилсэн 64, 66 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3500000/гурван сая таван зуун мянган/ төгрөг, ТОЗ-8 маркын бууны үнэ 250000/хоёр зуун тавин мянган/ төгрөгийг шүүгдэгч З.Алтанхуягаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн З.Алтанхуягт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгийг зөвтгүүлэх шаардлагатай байна. З.Алтанхуягын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байхад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл заалттай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү гэв.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

             З.Алтанхуяг нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт “ Хавтаг “ гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амтьтан болох 1 тооны хар сүүлтыг ТОЗ-8 маркийн галт зэвсэг ашиглан агнаж, 98-89 УБҮ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            З.Алтанхуягийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Бүтэнбаяр, А.Нямцогт, Г.Дэлгэр нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт,эд зүйлсийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж ,хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            З.Алтанхуягийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Алтанхуяг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны хар сүүлт агнасны төлбөрт 1700000 төгрөг мөн түүний үнийг 2 дахин нэмэгдүүлж нийт 3400000 төгрөг төлсөн тухай төрийн банкны  2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн төлбөрийн баримт  хавтаст хэргийн 119 дугаар хуудсанд /  байна. Өөрөөр хэлбэл З.Алтанхуяг нь төлбөрөө бүрэн төлсөн байна.

            Прокурор эсэргүүцэлдээ: Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч З.Алтанхуяг нь хохирлоо нөхөн төлсөн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ энэ талаар дурдаагүй нь буруу байна гэх эсэргүүцэл нь үндэслэлтэй боловч шүүх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар “ . . . шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй . . . болохыг “ дурьдсан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь  Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                                    М.НЯМБАЯР

 

                                                                                                         Б.ДАМБА