Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0242

 

 

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Бт

Гомдол гаргагч: “М” ХХК

Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагч Х.О

Гуравдагч этгээд: “Смг” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0002296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 632 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Бт, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тб,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0075/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр:

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагч Х.Оы 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0002296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 10-т "... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай 03 дугаартай тогтоолоор "М" ХХК-ийг онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоожээ гэж..." Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ".

2.2.Мөн хуулийн 15.1.6.зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална" гэж Засгийн газрын 2010 оны 298-р тогтоолын хавсралтаар баталсан" Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-ийн 7-р зүйл "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл, хяналт" 7.1. "Өрсөлдөөний тухай хууль болон энэ журмын дагуу аливаа аж ахуй эрхлэгч зүй ёсны монополь болон давамгай байдалтай болох нь тогтоогдсон бол шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэр гаргаж, бүртгэнэ" гэснээр 2019 оны 05 дугаар сарын 03- ны өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 03 дугаартай тогтоолоор "М" ХХК-ийг онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж бүртгэж авсан.

2.3.Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 11-т гомдол гаргагч “М” ХХК-аас тус шүүхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "М ХХК-ийн 2020, 2021, 2022 онд давамгай байдлаа алдсаныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, "М" ХХК-ийг 2020, 2021, 2022 онд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш болсныг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан..." ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 12-т Тус шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0737 дугаар шийдвэрээр "... гомдол гаргагч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу Ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсаныг тогтоож, "Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл" Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргахаар тохиролцсон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн"

2.4.ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 13-т "...дээрх шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 06 дугаар тогтоолоор харилцан хамаарал бүхий "Смг" ХХК, "М" ХХК-уудыг онгоцны түлшний зах зээлд Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна..." гэж ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 14-т Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр байна гэж.." 2010 оны 298-р тогтоолын хавсралтаар баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-ийн 7-р зүйл "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл, хяналт" 7.4. Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна. 7.6.1. "Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай байдлаа алдсаныг тогтоосон" гэж, Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2020, 2021, 2022 онуудад "М" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоогоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж "...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 06 дугаар тогтоолоор харилцан хамаарал бүхий "Смг" ХХК, "М" ХХК-уудыг онгоцны түлшний зах зээлд Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж 2024 онд тогтоож байгаа нь хууль болон журамд нийцэхгүй байна.

2.5.Мөн журамд аж ахуй эрхлэгч өөрийн санхүүгийн болон холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй ч нөгөө талаас төрийн захиргааны байгууллага нь мөн баримт бичгийг шаардан авч дээрх нөхцөл байдлыг жил болгон тогтоох үүрэгтэй атал, зөвхөн "М" ХХК нь үүргээ биелүүлээгүй гэх агуулаагаар дүгнэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.6.Хэт өндөр үнийн асуудлын талаар: анхан шатны шүүхээс "М" ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар ноёлох үйл ажиллагаа явуулахыг, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох гэснийг зөрчиж, 2022-01-01-нд 18.9%, 2022-07-07-нд 76.8%, 2022-08-11-нд 100% тус тус өсгөсөн байна гэж. Өрсөлдөөний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.5. "ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг" хэргийн материалд авагдсан баримтаас харвал "М" ХХК нь давамгай байдлаа ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж хэрэглэгчийг хясан боогдуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 7.2-т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасан гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "... Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн х/29 дугаар албан бичгээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбоотой журмыг Засгийн газар батлаагүй гэж..." Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас хэт өндөр үнийг тогтоогоогүй байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, анхан шатны шүүх ямар журмыг баримтлан ямар үнийг хэт өндөр гэж үзэх бэ гэдэг асуудлыг тогтоохгүйгээр "М" ХХК-ийг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 183,622,231.99 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон.

2.7.Дүгнэлт-1 хэсгийн 7-т "...2022 оны 08 дугаар сард өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад ТС-1 шатахууны сумалгааны үнэ 2800-5600 төгрөг болж 100 хувиар, ачилтын үнэ 2750-5550 төгрөг болж 102 хувиар тус тус нэмэгдсэн учир 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар "М" ХХК-ийн борлуулалтын ашиг огцом буюу 236 хувиар өссөн байна гэж..." Дүгнэлт-2 "М" ХХК нь удирдлагын зардлаа буруулаагүйн улмаас санхүүгийн алдагдалд орсон ба энэхүү алдагдал 2,791,248,320.24 төгрөгийн агаарын хөлгийн ТС-1 шатахууны сумалгааны үнийг 100, ачилтын үнийг 102 дахин нэмэх замаар нөхөж, одоогоор ашигтай 312,350,709.44 ажиллаж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш, сумалгааны болон ачилтын үнийн хороонд харилцан хамаарал багатай. Мөн хил үнийн өөрчлөлт нь сумалгааны болон ачилтын үнэд төдийлөн нөлөө үзүүлээгүй байна..." гэж, 2022, 2023 онуудад онгоцны түлшний импортын зах зээлд "Эо" 81% "Ш" ХХК 30.9%, "Смг" ХХК, "М" ХХК-ууд 41.5%, /2хх-3- 13-р тал/, өөрөөр хэлбэл "Смг" онгоцны шатахууны худалдаа эрхэлдэггүй, Сумалгаа огт хийдэг аж ахуй эрхлэгч биш байтал шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, анхан шатны шүүхээс "М" ХХК, "Смг" ХХК-ийн борлуулалтыг нэгтгэн үзэж, 2021, 2022 онуудад давамгай байдлаа алдаагүй өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.8.Шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 22-т "... Дээрх судалгаанаас үзвэл, хэдийгээр хуульд заасны дагуу Засгийн газраас бараа бүтэгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбоотой журмыг батлаагүй байна гэж дүгнэсэн атлаа нэг жилийн хугацаанд үндэслэлгүйгээр агаарын хөлгийн шатахууны үнийг 100 хувь буюу нэг дахин нэмэгдүүлснийг хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж..." хуульд байхгүй, журам нь батлагдаагүй байхад шүүхээс хийсвэр дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.9.Онгоцны шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нь Ковид-19 цар тахал, ОХУ, Украйн хоорондын дайн болсон зэрэг таамаглашгүй гадны нөлөөллийн улмаас сүүлийн 3 жил үйл ажиллагаа асар их алдагдалтай ажиллаж ирсэн. Бусад авиа компаниуд гэрээгээ цуцалсан. Бид зүгээс хэдийгээр алдагдалтай ажиллаж байсан ч инженер техникийн ажилтнууд болон онц чухал мэргэжлийн ажилтнуудаа авч, үлдэх аль болох ажлаас хүн халахгүй хүнд хэцүү үед хүмүүсийг ажлын байртай нь үлдээх үндсэн зорилго тавьж ажилласан. 2019 онд үйл ажиллагааны зардал 6 тэр бум байсныг 2020 онд 4,5 тэр бум болгож буруулсан 2021 онд 3 тэр бум, 2022 онд 1,5 тэр болтол буруулж алдагдалтай ажилласан.

2.10.Мөн дэлхийн нийтийн эдийн засгийн хямрал, инфляцын өсөлт, валютын ханшийн өсөлт, нийлүүлэгчийн үнийн өсөлт нь үнэ өсөхөд гол хүчин зүйлс болсон. Манай улсын зүгээс урд, хойд хөршөөс шатахууны шууд хамааралтай бөгөөд төлбөр тооцоог гадаад валютаар хийдэг энэхүү хүнд нөхцөлд ОХУ-аас рублээр гүйлгээ хийхийг шаардаж рүбль хомсдолтой үед 2 ч удаа рүблээр төлбөр тооцоог хийж байсан.

2.11.Монгол улс нь гаднын хөрөнгө оруулалттай компанид шатахуун импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгодоггүй учир "Смг" ХХК-с ТС-1 шатахууныг ямар ч нэмэгдэл төлбөргүйгээр дамжуулан оруулж ирдэг. ОХУ-д дайн гарсантай холбоотой агаарын хөлгийн шатахуун хомсдож үнэ өссөн. Улаан-Үүд хотоос худалдан авч байсан бол Москвагийн дэргэдээс буюу холоос худалдан авч тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн.

2.12.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 2019, 2020, 2021, 2022 оны үнийн судалгааны талаар бусад агаарын шатахуун оруулж ирдэг компаниудыг шалгаж, харьцуулалт хийгээгүй, хэт үнийн дүнг ямар аргачлалаар тооцоолж, тогтоосон нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаар ч үзээгүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Гомдлын шаардлага, талуудын маргаж буй үндэслэлийн тухайд:

1.1.“М” ХХК-иас “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0002296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагч Х.Од холбогдуулан гаргажээ.

1.2.Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...үнэ өсөхөд дэлхий нийтийн эдийн засгийн хямрал, Ковид-19 цар тахал, ОХУ, Украйн хоорондын дайнаас үүдэлтэй агаарын хөлгийн шатахуун хомсдсон, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн, рублийн ханш өссөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн бөгөөд бусад агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудыг шалгаж, үнийн харьцуулсан судалгаа хийгээгүй, хэт өндөр үнэ тогтоосон гэдгийг хэрхэн тооцоолж, ямар аргачлалаар тогтоосон нь тодорхойгүй тул үндэслэлгүй торгууль ногдуулсан” гэж маргажээ.

1.3.Хариуцагчаас “...гомдол гаргагч нь Ковид цар тахлын үед борлуулалтын ашиг өндөр хувиар буурсан байхад ерөнхий удирдлагын зардлаа өсгөсөн нь санхүүгийн алдагдалд орох үндсэн шалтгаан болсон, Ашигт малтмал газрын тосны газраас агаарын хөлгийн шатахуун болон бусад шатахууны үнийн өөрчлөлтийн мэдээллийг 7 хоног тутам авч, нэгтгэн судалгаа хийдэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон тул хэт өндөр үнээр торгууль тавьсан гэх гомдол үндэслэлгүй, гомдол гаргагч нь шатахууны үнийг богино хугацаанд өсгөж, бууруулж байгаа үйлдэл нь тухайн цаг хугацаанд бодит зардал өсч буураагүй, импортын үнийн өөрчлөлт нь сумалгааны болон ачилтын үнэд нөлөө үзүүлээгүй байгаа зэргээс үзэхэд гомдол гаргагч нь шатахууны үнийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэх хариу тайлбар гаргасан.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.“Ам” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/539 дугаар албан бичгээр “М” ХХК нь агаарын хөлгийн шатахууны үнийг өмнөх үнээс 49 хувиар өсгөсөн тул уг үнийн өсөлтийн үндэслэлийг шалгаж өгнө үү” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байна.

2.2.Мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07/1586 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн нийлүүлж буй ТС-1 шатахууны үнэ 2022 оны эхний хагас жилд 1 тонн нь 3,300,000 төгрөг байсан бол 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,900,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 5,550,000 төгрөг болж өссөн тул үнийн өсөлт хэт өндөр эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргажээ.

2.3.Дээрх хүсэлтүүдийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаар хяналт шалгалтын удирдамжаар гомдол гаргагч компанид хяналт шалгалт явуулж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2202000306 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна.

2.4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “М” ХХК-ийн агаарын хөлгийн шатахууны үнэ, санхүүгийн үзүүлэлт, борлуулалтын ашиг, ханш болон хил үнийн өөрчлөлт, сумалгаа, ачилтын үнийн өсөлтийн талаар хяналт, шалгалт явуулж улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М” ХХК-ийг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэн, өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 183,622,231.99 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “М” ХХК давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш байсан гэх давж заалдах гомдлын тухайд:

3.1.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр заасан.

3.2.Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхтэй гэж хуульчилсан.

3.3.Хэрэгт авагдсан баримтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” 03 дугаар тогтоолоор “М” ХХК-ийг онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

3.4.Уг тогтоолыг хүчингүй болгосон, эсхүл “М” ХХК давамгай байдлаа алдсан болохыг эрх бүхий байгууллага маргаан бүхий шийтгэлийн хуудас гарахаас өмнө тогтоосон нөхцөл байдал хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Давамгай байдлыг тогтоосон захиргааны акт хүчин төгөлдөр байгаа тохиолдолд тухайн актын эрх зүйн үр дагавар арилаагүй гэж үзнэ.

3.5.Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0737 дугаар шийдвэрээр “М” ХХК болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хооронд ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг судалж, тухайн аж ахуй эрхлэгч давамгай байдлаа алдсан эсэхийг тогтоохоор эвлэрснийг баталсан байна.

3.6.Үүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор[1]  харилцан хамаарал бүхий “Смг” ХХК болон “М” ХХК-ийг онгоцны түлшний зах зээлд Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоосон байна.

3.7.Уг 2024 оны 06 дугаар тогтоолын хууль ёсны байдлыг үгүйсгэн гомдол гаргагчаас маргаж байгаа боловч уг тогтоолыг гомдол гаргагч компаниас хүчингүй болгуулахаар энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, уг тогтоолыг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон нөхцөл байдал мөн тогтоогдсонгүй. 

3.8.Иймээс 2019 оны 03 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсан, давамгай байдлаа алдсан тухай шийдвэр гараагүй, мөн 2024 оны 06 дугаар тогтоолоор 2021, 2022 онд хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдож байх тул “М” ХХК-ийг маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах цаг хугацаанд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

4.Засгийн газрын журам батлагдаагүй тул “хэт өндөр үнэ” тогтоосон гэж үзэх үндэслэлгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

4.1.Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон нь бие даасан хориглосон хэм хэмжээ юм.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг нь уг хориглолтыг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газар батлах тухай зохицуулалт бөгөөд журам батлагдаагүй нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчих боломж бүрдүүлсэн, эсхүл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч үндэслэлгүйгээр “хэт өндөр үнэ тогтоох” боломжтой гэсэн үр дагавар үүсгэхгүй.

4.2.Иймээс хариуцагч улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... торгоно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг ноёлох үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж, зөрчил тогтоогдсон бол шийтгэл ногдуулах эрхтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...хэт өндөр үнийг тогтоох журмыг Засгийн газар батлаагүй байхад хэт өндөр үнэ тогтоосон гэж шийтгэл оногдуулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.“М” ХХК давамгай байдлаа ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийг хясан боогдуулсан, өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчаас ямар журмыг баримтлан “хэт өндөр үнэ тогтоосон” гэж үзсэн нь тодорхойгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

5.1.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгохоор заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг ноёлох үйл ажиллагааны нэг хэлбэр болгон хориглосон байна.

5.3.Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 52, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолуудаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд “...зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу  харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ.” гэж дүгнэжээ.

5.4.Маргааны тохиолдлын хувьд, агаарын хөлгийн ТС-1 шатахуун нь ердийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс ялгаатай, тусгай зөвшөөрөл, нийлүүлэлтийн суваг, хадгалалт, сумалгаа, ачилтын дэд бүтэц шаардсан, хэрэглэгч нь тухайн бүтээгдэхүүнийг чөлөөтэй олон эх үүсвэрээс шууд орлуулан худалдан авах боломж хязгаарлагдмал шинжтэй бараа бүтээгдэхүүн байна.

5.5.Иймд зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнэ тогтоох бодлого нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас өөр сонголт хязгаарлагдмал, эсхүл зайлшгүй худалдан авах шаардлагатай хэрэглэгчид шууд нөлөөлөх бөгөөд үнийг үндэслэлгүйгээр огцом нэмэгдүүлэх нь хэрэглэгчийн сонголт хийх боломжийг хязгаарлаж, түүнийг тухайн үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр бодит сонголтгүй байдалд оруулдаг гэж үзэх үндэслэлтэй.

5.6.Энэ утгаараа “хэрэглэгчийг хясан боогдуулах” гэдэг нь заавал хэрэглэгчийг гэрээ байгуулахыг шууд албадсан, эсхүл хориглосон үйлдлээр илрэх шаардлагагүй. Харин давамгай байдлын улмаас хэрэглэгчид орлох сонголт хязгаарлагдмал байхад бараа бүтээгдэхүүний үнийг бодит үндэслэлгүйгээр огцом өсгөж, тухайн өсөлтийг хэрэглэгчид тулгасан нөхцөл байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-т заасан “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”-ыг хориглосон хэм хэмжээ, мөн хуулийн зорилго болох өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агуулгад хамаарна.

5.7.Хэрэгт авагдсан “Агаарын хөлгийн шатахууны худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналтын шалгалтын үр дүн” [2]-гээр гомдол гаргагч компаниас 2022 оны 08 дугаар сард өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад ТС-1 шатахууны сумалгааны үнэ 2,800 төгрөгөөс 5,600 төгрөг болж 100 хувиар, ачилтын үнэ 2,750 төгрөгөөс 5,550 төгрөг болж 102 хувиар тус тус нэмсэн байна.

5.8.Мөн дээрх шалгалтын дүгнэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар “М” ХХК-ийн борлуулалтын ашиг 236 хувиар өссөн, төгрөгийн ам.доллартай харьцах ханш, сумалгааны болон ачилтын үнийн хооронд харилцан хамаарал багатай, хилийн үнийн өөрчлөлт нь сумалгаа болон ачилтын үнэд төдийлөн нөлөө үзүүлээгүй гэж дүгнэжээ.

5.9.Гомдол гаргагчаас үнийн өсөлтөд Ковид-19 цар тахал, ОХУ, Украйны дайн, гадаад валютын ханш, шатахууны хомсдол, тээвэрлэлтийн зардлын өсөлт зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь сумалгаа, ачилтын үнийг богино хугацаанд 100-102 хувиар нэмэгдүүлсэн хэмжээтэй шууд холбоотой гэдэг  нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

5.10.Үнийн өсөлтөд гадаад эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой боловч давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд тухайн өсөлт нь бодит зардлын өсөлт, нийлүүлэгчийн үнэ, валютын ханш, тээвэрлэлтийн зардлын өсөлттэй уялдсан, зайлшгүй бөгөөд шууд холбоотой болох нь нотлогдсон байх шаардлагатай.

5.11.Гэтэл маргаан бүхий тохиолдолд үнийн өсөлт нь бодит зардлын өсөлтөөс шалтгаалсан гэхээс илүүтэй өмнөх хугацааны алдагдлыг нөхөх, борлуулалтын ашгийг огцом нэмэгдүүлэх үр дагавартай байсан нь хариуцагчийн хяналт шалгалтын баримтаар тогтоогдсон байна.

5.12.Гомдол гаргагч давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь өмнөх хугацаанд алдагдалтай ажилласан, удирдлагын зардал өндөр байсан, үйл ажиллагааны эрсдэл хүлээсэн гэх үндэслэлээр хэрэглэгчийн орлуулах боломж хязгаарлагдмал бараа бүтээгдэхүүний үнийг 100-102 хувиар огцом нэмэгдүүлж, уг алдагдлыг хэрэглэгчид шууд шилжүүлэх нь “үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

5.13.Хяналт шалгалтын хүрээнд хийсэн судалгаанд үндэслэн хариуцагчаас “М” ХХК-д “...давамгай байдлаа хууль бусаар ашиглан, бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон” гэж үзэн 183,622,231.99 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай  хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасантай нийцжээ.

5.14.Иймээс гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “... .“М” ХХК давамгай байдлаа ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийг хясан боогдуулсан, өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчаас ямар журмыг баримтлан “хэт өндөр үнэ тогтоосон” гэж үзсэн нь тодорхойгүй байхад 183,622,231.99 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

6.”Бусад аж ахуй эрхлэгчтэй харьцуулсан судалгаа хийгээгүй, “Смг” ХХК-ийн борлуулалтыг нэгтгэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын тухайд:

6.1.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т давамгай байдлыг дангаараа, бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй хамтран зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа эсэхээр тодорхойлохоор заасан.

6.2.Иймээс давамгай байдлыг тогтоохдоо зөвхөн тухайн нэг компанийн дангаар хийсэн сумалгаа, ачилтын үйл ажиллагааг тусгаарлан авч үзэх бус, тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд харилцан хамаарал бүхий этгээдүүдийн нийлбэр оролцоо, борлуулалт, худалдан авалтын хэмжээ, зах зээлийн эзлэх хувь, бодит нөлөөллийг харгалзан үзэх боломжтой.

6.3.“Смг” ХХК сумалгаа хийдэггүй гэх нөхцөл байдал нь харилцан хамаарал бүхий этгээдийн хувьд онгоцны түлшний импорт, нийлүүлэлт, борлуулалтын зах зээлд эзлэх байр суурийг тооцох боломжгүй гэсэн агуулгагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 5.2 дахь заалт нь үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын аль нэг үзүүлэлтээр давамгай байдлыг тодорхойлох боломжтойгоор хуульчилсан.

6.4.Түүнчлэн энэ хэрэгт маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон зөрчил нь “М” ХХК-ийн сумалгаа, ачилтын үнийг үндэслэлгүйгээр огцом өсгөсөн үйлдэлд хамаарч байгаа бөгөөд бусад аж ахуй эрхлэгчдийн бүх үнийн мэдээллийг ижил хэмжээнд шалгаагүй нь уг үйлдлийг тогтоосон хариуцагчийн хяналт шалгалтын явцад ашигласан баримтуудын ач холбогдлыг үгүйсгэхгүй.

6.5.Хэрэгт “Ам” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлт, “М” ХХК-ийн үнэ өөрчлөх албан бичгүүд, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэл, санхүүгийн хяналтын шалгалтын дүгнэлт зэрэг баримтууд авагдсан бөгөөд эдгээр нь маргаан бүхий үнийн өсөлтийн бодит байдал, хэмжээ, үндэслэлийг тогтооход ач холбогдолтой юм.

6.6.Иймд “бусад аж ахуй эрхлэгчийг шалгаагүй тул шийтгэлийн хуудас үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлээр маргаан бүхий зөрчлийг үгүйсгэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

         ШҮҮГЧ                                                 Э.ЗОРИГТБААТАР

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                   ШҮҮГЧ                                                  А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 2 дахь тал

[2] Нотлох баримтын 1-р хавтас 69-75