| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0165/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/170 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Х.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Хгийн Мд холбогдох эрүүгийн 2035000000169 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 02-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, маркетэнгийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 24-р байрны ...... тоотод оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Б овогт Хгийн М /РД:............................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Мнь 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж төвийн караокед хохирогч Ж.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Х.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Мнь 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж төвийн караокед хохирогч Ж.Гантулгыг зодсон болох нь:
хохирогч Ж.Ггын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цаг 30 минутын үед 10 жилийн сургуулийн төгсөлтийнхөө хүмүүстэй хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Өгөөж төвийн караокед орсон юм. Манай төгсөлтөөс надаас гадна Х, Н, Г, С, Б, Сийн эхнэр Д, мөн Э, У, А нар байсан юм. Бид нар караокед байхдаа 0,75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан ба эмэгтэйчүүд нь пиво ууцгаасан юм. Бид нар караокед орсноос хойш 2 цаг гаруй хугацааны дараа караокены микрофон ажиллахгүй байхаар нь өрөөнөөс микрофон аваад гарчихаад удалгүй бид нарын сууж байсан өрөөнд Х нь Х.Мгэх зүс таних залуутай барьцалдаж орж ирээд газар унацгаасан. Тэгэхээр нь би юу болов гээд тэр хоёроос зөрж гарахад өрөөний хажуу талд байсан ариун цэврийн өрөөнд зүс харж байсан нэг залуу ганцаараа байхаар нь би тэр залуугаас яав, юу болов гэж асуухад би яасан юм, чамд ямар хамаатай юм гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлэн заамдаж тэр залуугийн нүүр орчим газарт нь нэг удаа цохиод бид хоёр барьцалдаж байтал тэр залуутай хамт явсан залуучууд ирээд бид хоёрыг салгаж авч байтал тэр залуу миний зүүн талын нүд, шанааны орчимд гараараа 3-4 удаа цохихоор нь би тэр залууг 2-3 удаа цохисон. Тэгж байтал тэнд байсан гурван залуу бид хоёрыг салгачихаад бөөндөө байж байтал бид нарын сууж байсан өрөөнөөс Х.Мгарч ирэнгүүтээ над руу ирээд үгийн зөрүүгүй миний шүд, ам руу гараараа нэг удаа цохисон бөгөөд миний амнаас цус гараад миний үүдэн доод нэг шүд уначихсан. Тэгтэл Х.Мтай хамт явсан залуучууд түүнийг бариад салгаж авсан ба манай өрөөнөөс надтай хамт явсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд бид нар бөөндөө караокенээс гараад Өгөөж төвийн үүдэн дээрээс цагдаад дуудлага өгсөн. Тэр үед манай найз Хэрлэнболд надад “чиний шүд унасан байна” гэж хэлсэн бөгөөд тэгэхэд би өөрийн шүд унасан талаар мэдсэн. Тухайн үед надад шүд унаж цус гарсан талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй юм. Х.Маар цохиулахаас өмнө миний шүд унаагүй, бүрэн байсан юм. Тэгээд цагдаа ирж бид нарыг авч явсан юм. Гарч ирээд Өгөөж төвийн үүдэн дээр дахин ямар нэгэн зодоон болоогүй юм. ...Надад гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Х.Мнадад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7, 9-р тал/,
Гэрч Б.Цны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн дуудлагын дагуу очиход Өгөөж төвийн гадна зодуулсан байдалтай нүдний шилтэй залуу зогсож байсан юм. Тухайн залуугийн үүдэн доод шүд уначихсан байдалтай шанаа хэсэг нь хавдартай, шанаанаас нь цус гарсан байсан. Тэгээд очоод яасан юу болсон гэж асуухад тухайн нүдний шилтэй залуу намайг хоёр хүн зодсон. Намайг зодсон хоёр залуу энд байхгүй байна гэсэн. Тухайн үед гадаа хэсэг залуучууд байсан юм. Тэгээд тухайн хүмүүсийг дагуулаад дотогш орж ариун цэврийн өрөөний хажуугийн булангийн өрөөнд ороход үл таних барилддаг гэх бөх залуу сууж байсан юм. Тухайн залууг аваад Цагдаагийн газар руу явах гэхэд “би явахгүй, та нар намайг авч явж чадахгүй” гээд намайг түлхсэн бөгөөд тэр залуу миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан юм. ...Сүүлд Цагдаагийн байгууллага дээр ирэхэд тухайн барилддаг гэх залуугийн нэр нь Х.Мгэсэн ба тухайн хүн нүдний шилтэй залуугийн шүд рүү цохисон гэж хэлж байсан. Харин машинд суугаад явчихсан гэх өөр нэг залуу нь хохирогчийн шанаа руу цохисон гэх талаар тухайн хүмүүс цагдаа дээр ирээд хэлж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Ч.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...би зөөгчид “энэ өрөөний микрофон ажиллахгүй байна” гээд өрөөний үүдэн дээр орилж байтал манай өрөөний эсрэг талын ариун цэврийн өрөөнөөс зүс үл таних хоёр залуу “юу гээд байгаа юм бэ пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд ямар хамаатай юм пизда минь” гэхэд Х.Мгэх залуу нь манай өрөөний үүдэн дээр намай заамдахаар нь би зөрүүлээд заамдсан юм. Тухайн үед тэр залуу хөл тавиад намайг газар унагаачихсан юм. Тэр үед манай өрөөнд байсан Д, У хоёр тухайн залууг надаас салгаад авчихсан юм. Тэгээд тэр хоёр намайг салгаад аваад буйдан дээр дараад суучихсан байсан тул би гарч чадаагүй. Хэсэг хугацааны дараа гарахад манай найз Ж.Г хэнээр зодуулсан талаар мэдэхгүй зүүн нүд тус газраас шанааг нь дагаад цус урсаж байсан тул би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Тухайн үед Ж.Гын шүд унасан талаар мэдээгүй бөгөөд Цагдаагийн байгууллага дээр ирэхдээ тэр талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Гэрч Т.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би Ж.Гын биед хэн халдаж зодсоныг хараагүй. Харин Ж.Г өөрөө надад ариун цэврийн өрөөнд Х.Мгэх залуу миний шүд цохисон. А гэх залуу шанаа руу цохисон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Шүүгдэгч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн залуу миний урдаас барьцалдаад авсан. Тэгээд би түүнийг газар унагасан юм. Гэтэл тэр өрөөнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан бөгөөд би тэр залуугаас салаад тухайн өрөөний гадна байж байгаад нэг залууг миний араас цохисон залуу гэж бодоод нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэр залууг Ж.Г байсан эсэх талаар би мэдээгүй. Тэгээд би буцаж өөрсдийн сууж байсан өрөөндөө сууж байтал цагдаа нар ирсэн юм. Цагдаагийн хамт гадаа гараад ирэхэд Өгөөж төвийн үүдэн дээр Ж.Ггын шүд унасан байдалтай зогсож байсан юм. ...Би Ж.Ггын нүүр тус газарт цохих үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Ариунболд өрөөнд байсан байх. Би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Ж.Ггын биед гэмтэл учирсан байна. Үүдэн доод баруун 2 дугаар шүдний булгаралт, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн нүдний гадны буланд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Үүдэн доод баруун 2 дугаар шүдний булгаралт гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтмол алдагдуулах тул 2.4.2-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба цус хуралт, зулгаралт нь тус тусдаа болон нийлээд нийт биеийн гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал/-ээр хохирогч Ж.Ггын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Мнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ж.Ггын үүдэн доод баруун 2 дугаар шүдэнд булгаралт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мурьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р тал/-аар тогтоогдож байна
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Оийн өгсөн: “Би нөхөр Х.М, М гэх 3 настай охины хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Элит-45 байрны 401 тоотод амьдардаг. Манай нөхөр Х.М тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд үндэсний бөхөөр хичээллэдэг. Бага наснаасаа бөхийн спортоор хичээллэдэг байсан ба одоо аймгийн арслан цолтой барилддаг. Ер нь бол манай нөхөр дандаа бэлтгэл, сургуулилт хийгээд явж байдаг. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, аливаа зүйлд хүлээцтэй, нийтэч, энэрэнгүй зантай, гэрээсээ гараад гадуур дотуур яваад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйлийг ч хэрэглээд байдаггүй, жилдээ 1-2 удаа баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Гэр бүлийн хайр халамж сайтай, мөн ах дүү хамаатан садангийн хүмүүсийн дунд нэр хүндтэй, бусдын хайр хүндэтгэл хүлээсэн хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцож санал ирүүлсний дагуу торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Мнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Мнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Мөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ