| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00424/и |
| Дугаар | 414 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух хаягтай, Х овогт Т.Э /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. миний бие 1970 онд төрсөн, .. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1988 оны 6 сарын 20-ноос 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Энь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 08/516 дугаартай Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”, “Хөгжил хувьцаат компани”, “Далайн хөгжил хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 5 сарын 8-ны өдрийн 122 дугаартай “Хөгжил нэгдэлд Т.Эын ажиллаж байсан үеийн 1990-1991 оны цалингийн картыг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Т.Эын 1990-1991 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 6-7-р хуудас/
-Гэрч Л.Сэрээтэрийн “.. Т.Э1988 онд илгээлтээр гараад Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад бог мал маллаж байгаад нэгдэл тартал мал малласан. Би Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1975-1986 он хүртэл мал маллаж байгаад 1986 оноос эхлээд хувьчлал тартал Сангийн далай бригадад мал малласан. Би бог мал маллаж байсан. Т.Э ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Ц.Ёндонпэрэнлэйгийн “...Т.Энь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1988-1990 он хүртэл хонь, адуу маллаж байсан. Би Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1977-1992 он хүртэл бага мал маллаж байсан. Т.Энь ажиллаж байх үедээ баярын бичиг авч байсан. Т.Энь малчнаас өөр ажил хийж байгаагүй. 1988-1990 он хүртэл тасралтгүй мал малласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ зэрэг шууд баримтууд
-Ц.Ёндонпэрэнлэйд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 04 сарын 20 өдөр олгосон, 1987-1990 онуудад хамаарах “Ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-р хуудас/
-Л.Сэрээтэрт Дундговь амйгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 04 сарын 25 өдөр олгосон, 1987-1990 онуудад хамаарах “Ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 19-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Т.Э /РД/-ийг 1988 оны 06 сарын 20-оос 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б