| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00423/и |
| Дугаар | 415 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, Х овогт Д.Н /РД/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1970 онд төрсөн, .. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1986 оны 6 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р 5 жил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ннь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 1 сарын 28-ны 124 дугаартай “Нэгдлийн даргын 1986 оны Д.Н холбоотой малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт, Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 07 өдрийн 37 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 4-5-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 08/533 дугаартай Өлзийт сумын “2-р 5 жил нэгдэл”, “2-р 5 жил ХК”, “Мөнхрөх ББХК”, “Гэсрээ ХХК”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 5 сарын 6-ны өдрийн 02/133 дугаартай “тус сумын 2-р багийн иргэн Д.Н 2-р 5 жил нэгдлийн Буянт бригадад ажиллаж байсан үеийн 1986-1989 оныг дуусталх хугацааны цалин хөлсний баримт тооцооны хүснэгт 34 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /хэргийн 7-р хуудас/
-Д.Н 1986-1989 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 8-41-р хуудас/
-Гэрч Ц.Цэгмидийн “..Норовсүрэн Өлзийт сумын Буянт бригадын 2-р багт мал маллаж байсан. Оныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би хамт мал маллаж байсан болохоор малчин байсныг нь сайн мэдэж байна. Би Өлзийт сумын Буянт бригадын 2-р багт 1972 оноос эхлээд тэтгэвэрт гартлаа хонь маллаж байсан. Д.Н ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй. Д.Нхонь маллаж байсан. Д.Нмал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 52-р хуудас/
-Гэрч А.Дагдангийн “...Д.Ннь 1986 оноос эхлээд илгээлтээр гарч Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд бог мал нэгдэл тартал маллаж байсан. Одоог хүртэл маллаж байгаа. Би Өлзийт сумын Буянт бригадад малын бага эмчээр 1978-1980 он хүртэл ажилласан. Тэгээд хөдөө малчин болсон юм. Д.Н ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй. Д.Нбог мал маллаж байсан. Д.Нмал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 53-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д.Н /РД/-ийг 1986 оны 06 сарын 01-ээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын хоёр дугаар таван жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б