Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Г.Г, Д.О нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэртэй

Г.Г, Д.О нарын нэхэмжлэлтэй

Б.Шт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 122 700 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.     

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:     

          Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт:

          “Д.О би Б.Шт 2016.07.28-ны өдөр 29 260 000 төгрөгийг, 2016.12.23-ны өдөр 35 325 000 төгрөгийг банкны хүүгээр бодож 2 хувийн хүүтэйгээр, миний охин Г.Г нь 2016.04.01-ний өдөр 32 370 000 төгрөгийг цалингийн зээлийн хүүгээр бодож 1,4 хувийн хүүтэйгээр тус тус барилга барихад нь зориулж зээлүүлсэн боловч одоог хүртэл бидний мөнгийг өгөхгүй маш ихээр хохироож байна. Б.Ш барилгаа 2016.07 сард наадмаас өмнө ашиглалтад оруулна, хөрөнгө оруулалт нь бэлэн гэж гуйгаад байхаар нь итгээд банкнаас зээл авч энэ мөнгийг өгсөн. Би Б.Шыг таньдаггүй байсан. Г.Г, Мягмаржав хоёртой найз гээд гүйгээд байдаг байсан. Хүн байнга гуйгаад байхаар итгээд Б.Ш хүүтэй нь буцааж өгнө гэхээр нь зээл авч өгсөн. Тэгтэл Б.Шын барилгын ажил эхлэхгүй болохоор нь утсаар ярихад удахгүй эхлэх гэж байна гэсээр удсан. Намар Б.Штай уулзаад ломбарднаас зээл авч банкны зээлээ төлж байна гэхэд “таны зээлийг одоохон төлнө” гэсэн. Дараа  нь барилга барих газраа зарах гэж байгаа гээд хэдэн сар болсон. Сүүлд нь “байшингаа 35 000 000 төгрөгөөр зарахаар болсон, тэгээд таны мөнгийг өгнө” гэсэн хэрнээ өөрөө машин авч унасан байсан. Тэгэхэд нь би маш их гомдсон. “Машин авч унахаар надад хэдэн төгрөг өгөөч” гэхэд “манай хадам ээж авч өгсөн” гэж хэлсэн. Би анх Б.Шыг эвлэрүүлэн зуучлалд өгсөн. Дараа нь шүүхэд өгөхөд эвлэрнэ гээд хэрэг эвлэрүүлэн зуучлал руу шилжсэн. Б.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр Б.Штай  уулзуулна гэсэн боловч уулзуулаагүй. Б.Шын барилга 2016, 2017 онд ашиглалтад ороогүй. Одоо 2018 он. 2017.07.21, 2017.10.24-ний өдөр байгуулсан гэрээгээр тохирсны дагуу 96 955 000 төгрөг, хүү 25 745 120 төгрөг, нийт 122 700 120 төгрөгийг гаргуулж намайг болон миний охин Г.Гг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох 122 700 120 төгрөг нь Г.Г бид хоёрын нэхэмжлэлийн нийт үнийн дүн. Б.Ш нь Г.Г, Мягмаржав хоёроос 2016.01.25-ны өдөр 5 700 000 төгрөгийг бэлнээр, 5 300 000 төгрөгийг Хас банкин дахь өөрийнхөө дансаар, 2016.03.07-ны өдөр 2 000 000 төгрөгийг мөн дансаар, 2016.03.22-ны өдөр 4 500 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.05-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.08-ны өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.12-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.01-ний өдөр 550 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.28-ны өдөр 6 320 000 төгрөгийг бэлнээр, нийт 32 370 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг Г.Г банкнаас зээлж аваад дансандаа хийчихсэн байж байгаад Б.Шт цувуулж өгсөн юм билээ. Г.Г үндсэн зээл 32 370 000 төгрөг, хүү 8 157 240 төгрөг, нийт 40 527 240 төгрөг нэхэмжилнэ. Б.Ш 2018.03.24-нд Мягмаржавд 1 000 000 төгрөг өгснийг нь авч зээл рүүгээ хийсэн. 1 000 000 төгрөгийг хасаад Г.Г үндсэн мөнгө 31 370 000 төгрөг, нийт 39 527 240 төгрөг нэхэмжилж байгаа. Би НИК-ээс авсан зургаан сарын шатахууны үнэ 2 581 000 төгрөгийг Б.Шт бэлнээр, 2016.07.07-ны өдөр хэв шахмалын мөнгө гэж Ганцэцэгийн данснаас 1 622 800 төгрөгийг, 2016.07.18-ны өдөр 2 700 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.19-ний өдөр 1 300 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.20-ны өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.21-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.30-ны өдөр 3 000 000 төгрөгийг Дэлгэрзаяагаас зээлж тус тус өгсөн. Тэр мөнгийг Дэлгэрзаяад би төлсөн. Утас засуулах мөнгө гэж 2016.08.03-ны өдөр Золзаяагаас 100 000 төгрөгийг шилжүүлсэн. 2016.08.04-ний өдөр 100 000 төгрөгийг Мөнхбатаас, 4 000 000 төгрөгийг Ганцэцэгээс, 2 200 000 төгрөгийг ХААН банкаар Эрдэнэсайханаас, 70 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар Ганцэцэгээс тус тус шилжүүлж, 7 200 000 төгрөгийг хар фанерийн үнэ гэж өгсөн. 2016.08.06-ны өдөр би ХААН банкны данснаасаа 1 000 000 төгрөг, бэлнээр 300 000 төгрөг, 2016.08.21-ний өдөр Ганцэцэг Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ганцэцэг бол манай охин юм. Нийт 29 260 000 төгрөг болсон. 2016.12.22-ны өдөр Ганзориг зээл авч 12 000 000 төгрөг, би зээл авч 13 000 000 төгрөг, 2016.12.23-ны өдөр 10 325 000 төгрөг, нийт 35 325 000 төгрөг өгсөн. Би Б.Шаас 29 260 000 төгрөгийн хүү 9 363 200 төгрөг, 35 325 000 төгрөгийн хүү 8 224 680 төгрөг, хүүнд нийт 17 587 880 төгрөг, үндсэн мөнгө, хүү нийлээд 82 172 880 төгрөг нэхэмжилнэ. Б.Ш нь Г.Гг уг барилгынхаа нягтлан бодогчоор ажилладаг байсан гэсэн тайлбар өгсөн. Б.Ш авсан барилгын материалаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж Гантуяагаар компьютерт бичүүлдэг байсан. Түүнээс биш Б.Шын дансны гүйлгээг Г.Г хийх боломжгүй. Б.Шыг утсаа авахгүй таг болчихоор нь Г.Г 2017.10.23-ны орой Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш нь Б.Штай зээлдүүлсэн мөнгөнийхөө талаар ярилцаад өмнө нь тохирсон ёсоор гэрээ хэлцэл хийсэн гэсэн. Хуульд талуудын аль нэг нь гэрээнээсээ татгалзсан тохиолдолд нөгөө тал учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй гэж заасны дагуу бид нарын мөнгө 122 700 120 төгрөгийг Б.Ш өгөх ёстой гэж үзэж байгаа учир шийдвэр гаргаж өгнө үү. Г.Г “Намайг амиа хорлоно гэсэнд би туйлын их гомдолтой байна. Би гэр бүлтэй, ажил амьдралтай, хоёр дээд сургууль төгссөн, гурван нялх хүүхэдтэй, өөрөө жирэмсэн байж тэгж хэлэх хүн биш. Ингэж хэлсэнд нь Б.Ш, Золжаргал нарт туйлын их гомдож байгааг онцлон хэлээрэй” гэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байгаа. Тийм учир Б.Ш банкны мөнгийг хүүгийн хамт өгөх нь зөв гэж бодож байна. Үнэхээр манай гурван гэрийн хувьд амьдрал хэцүү байна. Асар их гомдолтой байна.” гэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

          “Хариуцагч Б.Ш нь нэхэмжлэгч Г.Ггаас 2016.04.01-ний өдөр 32 370 000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Оээс 2016.07.28-ны өдөр 29 260 000 төгрөгийг тус тус зээлийн журмаар аваагүй ба энэ мөнгө нь Д.Оийн охин Г.Г, хүргэн Мягмаржав нар Б.Штай барилгын ажил хамтран гүйцэтгэж ашиглалтад оруулах, ашгийн 60 хувийг Б.Ш, 40 хувийг хөрөнгө оруулагч тал болох Мягмаржав, Г.Г нар авахаар тохиролцон хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгө бөгөөд эдгээр мөнгийг барилгын ажилд зарцуулсан бүх тооцоог Д.Оийн охин Г.Г хариуцан хөтөлдөг байсан. Энэ мөнгө барилгын бүх ажилд зарцуулагдсаныг Г.Г болон Мягмаржав нар маш сайн мэдэж байгаа хэрнээ барилгын ажил удаашраад ирмэгц нөхцөл байдлыг өөрөөр эргүүлэн шахалт дарамт үзүүлэн аргагүй байдалд оруулан хэлцэл хийж, түүнийгээ шүүхийн өмнө нотлох баримт болгон ашиглаж буй нь буруу байна. Бүх мөнгө зээлийн биш өөр зорилгоор хэлцэлд дурьдагдсанаас өөр цаг хугацаанд барилгын материалд зарцуулагдаж байсан болохыг тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын мөнгөнд тухайн үед хүү тооцох тухай яригдаж байгаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Дансны хуулга болон Б.Штай тооцоо нийлсэн актаас харахад 29 260 000 төгрөг, 35 325 000 төгрөг, 32 370 000 төгрөгийг бөөнд нь аваагүй, олон удаагийн байдлаар янз бүрийн хэлбэрээр барилгын материалын үнэнд шилжүүлсэн байдал нь хөрөнгө оруулалт явагдаж байсан гэж харагдахаар байна. Би Б.Шыг Д.Отэй хэлцэл хийсэн талаар мэдэхгүй байна. Харин Г.Гтай хэлцэл хийснийг нь мэдэж байна. Нотариатын урд өрөөнд би суудаг. Тэр хавиар хэцүү байдал үүсгэж гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, өмнө нь хийсэн хэлцлээр хожим гэрээ байгуулж хүү авдаг хуулийн зохицуулалт байхгүй. Хүнд шаардлагатай үед 5 000 төгрөгийн юм өгсөн ч тэр нь хөрөнгө оруулалт. Түүнээс биш тэрбумаар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт, хэдэн саяар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт биш гэсэн ойлголт байхгүй. Хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулсан. Мягмаржав нь барилгын мэргэжилтэй хүн учир барилгын бүх ажлыг хариуцах, Г.Г нягтлан бодогчийн үүргээ, Б.Ш барилгаа бүхэлд нь хянах, Б.Шын эхнэр Т.Золжаргал дотоод ажил хариуцах ажлын хуваарьтай ажиллаж байсан. Барилгын ажлаа 2016 онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Хөрөнгө оруулалтаасаа болж зогсонги байдалтай болсон. Хамтран ажиллах гэрээндээ Г.Г, Мягмаржав хоёр ашгийн 40 хувийг, Б.Ш 60 хувийг авахаар байгаад эрсдэл үүсэхээр хэлцэл рүү оруулж ийм байдал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь баригдаж байгаа барилгаас орон сууц авна гэсэн хэлбэрээр нэхэмжлэгч нар мөнгө өгсөн. Нэхэмжлэгч нарын өгсөн мөнгөн дүнтэй маргахгүй. Одоо барилгын ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа учир мөнгийг мөнгөн хэлбэрээр хүү тооцож буцаан өгөх боломжгүй, орон сууц хэлбэрээр өгөх боломжтой. Цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө оруулалт хийгдэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бас нэг үндэслэл нь зээлийн гэрээг цаг тухай бүрдээ бичгийн хэлбэрт оруулж хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байна. Хөрөнгө оруулалт нь орон сууц болж нэхэмжлэгч талд очих ёстой. Тийм учир үндсэн мөнгө 96 955 000 төгрөгийг барилга баригдсаны дараа тохиролцсон хямд үнээр орон сууцыг өгч төлнө. Нэхэмжлэгч нар банкны хүүгээр тооцож мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банктай байгуулсан зээлийн гэрээ хэрэгт байхгүй. Анх 37 м2 орон сууцыг 1 м2-ыг нь 750 000 төгрөгөөр, дээд давхарт 54 м2 болон 41 м2 хоёр орон сууцыг 1 м2-ыг нь 700 000 төгрөгөөр тус тус бодож гурван орон сууц өгөхөөр тохиролцсон. Эдгээр орон сууцыг бол өгнө.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Шаас 65 876 700 /жаран таван сая найман зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од, 31 823 180 /гучин нэгэн сая найман зуун хорин гурван мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 16 296 180 /арван зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга нэг зуун ная/ төгрөг, нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 704 060 /долоон сая долоон зуун дөрвөн мянга жар/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771 451 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Шаас 319 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд, 487 334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од тус тус олгож, нэхэмжлэгч нараас 157 949 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Шт 2016.01 сараас 2016.12.26-ны өдрийн хооронд барих гэж байгаа орон сууцны барилгаас зах зээлийн үнээс хямд үнээр гурван айлын орон сууц авах замаар хөрөнгө оруулж, мөн ашиг хуваах замаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, үүний үндсэн дээр Г.Г 54 м2 орон сууцны үнэ буюу 32 370 000 төгрөг, Д.О 47,1 м2 орон сууцны үнэ буюу 35 325 000 төгрөг, 41,8 м2 орон сууцны үнэ буюу 29 260 000 төгрөг, нийт гурван орон сууцны үнэ 96 955 000 төгрөг өгсөн үйл баримттай хариуцагч маргадаггүй. Харин энэхүү мөнгийг эхнээсээ зээлийн гэрээний дагуу аваагүй, орон сууц авахын тулд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохирсон хамтран ажиллах гэрээний дагуу авсан мөнгө болох талаар маргаж байгаа, энэ нь тэдний дээрх мөнгийг цувуулан өгч барилгын материал авах, барилга барих үйл явцад хөрөнгө оруулсан байдал, мөн өгсөн мөнгө дээр дурдсан талбай бүхий гурван орон сууцны үнэ болох нь мөнгөн дүн, орон сууцны хэмжээ тохирч байгаа зэргээр нотлогддог. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний дагуу Б.Шт мөнгө өгөөгүй. Мөнгө авч өгөлцсөн үйл баримт дууссаны дараа тэд Б.Штай зээлийн гэрээ байгуулсан. Эхнээсээ зээлийн гэрээ байгуулагдаагүй, урьд байгуулагдсан гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээг нөхөн байгуулсан байхад анхан шатны шүүх анх авсан 96 955 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр гэж дүгнэн, улмаар Б.Шаас зээлийн хүүд Г.Гд 453 180 төгрөг, Д.Од 1 291 700 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн зөвтгөж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

          Нэхэмжлэгч Г.Г, Д.О нар нь хариуцагч Б.Шаас зээлийн гэрээний үүрэгт 122 700 120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нараас 96 955 000 төгрөг авсан бөгөөд энэ мөнгөнд 37 м2 орон сууцыг 1 м2-ыг нь 750 000 төгрөгөөр, дээд давхарт 54 м2 болон 41 м2 хоёр орон сууцыг 1 м2-ыг нь 700 000 төгрөгөөр тус тус бодож гурван орон сууц өгөхөөр тохиролцсон, эдгээр орон сууцыг бол өгнө, харин мөнгө өгөхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

           

          Анхан шатны шүүх хариуцагчаас 65 876 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од, 31 823 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгохоор шийдвэрлэжээ.

 

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Гд олгох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа алдаатай тооцсоныг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Харин шийдвэрийг өөрчилж, 96 955 000 төгрөгийн оронд 37 м2  нэг орон сууц, 54 м2 нэг орон сууц, 41 м2 нэг орон сууц, нийт гурван орон сууц өгөхийг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

          Г.Г нь Б.Штай байгуулсан 32 370 000 төгрөгийг 2017.11.24-ний өдрийг хүртэл сарын 1,4 хувийн хүүтэй зээлэх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг, Д.О нь Б.Штай байгуулсан 64 585 000 төгрөгийг 2017.08.25-ны өдрийг хүртэл сарын 2 хувийн хүүтэй зээлэх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

 

          Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Ггийн зүгээс 2016.01.25-ны өдөр 5 700 000 төгрөгийг бэлнээр, 5 300 000 төгрөгийг Хас банкин дахь өөрийнхөө дансаар, 2016.03.07-ны өдөр 2 000 000 төгрөгийг мөн дансаар, 2016.03.22-ны өдөр 4 500 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.05-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.08-ны өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.06.12-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.01-ний өдөр 550 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.28-ны өдөр 6 320 000 төгрөгийг бэлнээр өгсөн нь, нэхэмжлэгч Д.Оийн зүгээс 2016.06.30-ны өдөр шатахууны үнэ 2 581 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.07-ны өдөр хэв шахмалын үнэ 1 622 800 төгрөгийг Ганцэцэгийн данснаас, 2016.07.18-ны өдөр 2 700 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.19-ний өдөр 1 300 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.20-ны өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.21-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.30-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 2016.08.03-ны өдөр утас засуулах мөнгө 100 000 төгрөгийг Золзаяагаас, 2016.08.04-ний өдөр 100 000 төгрөгийг Мөнхбатаас, 4 000 000 төгрөгийг Ганцэцэгээс, 2 200 000 төгрөгийг ХААН банкаар Эрдэнэсайханаас, 70 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар Ганцэцэгээс, хар фанерийн үнэ 7 200 000 төгрөгийг, 2016.08.06-ны өдөр ХААН банкны данснаасаа 1 000 000 төгрөг, бэлнээр 300 000 төгрөг, 2016.08.21-ний өдөр Ганцэцэг Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 100 000 төгрөг, 2016.12.22-ны өдөр Ганзориг 12 000 000 төгрөг, Д.О 13 000 000 төгрөг, 2016.12.23-ны өдөр 10 325 000 төгрөгийг өгсөн нь тус тус тогтоогдсон, хариуцагч нь Г.Ггаас нийт 32 370 000 төгрөгийг, Д.Оээс нийт 64 585 000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

          Нэхэмжлэгч нар нь тухайн үед талууд бичгээр гэрээ байгуулаагүй ба 2017.07.21, 2017.10.24-ний өдрүүдэд гэрээг бичгээр нөхөн байгуулсан гэжээ.

 

          Г.Г, Д.О, Б.Ш нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгээгүйн улмаас захиалагч нар гэрээнээс татгалзжээ. Гэрээнээс татгалзсны улмаас Г.Г Б.Шаас 32 370 000 төгрөг авахаар, Д.О Б.Шаас 64 585 000 төгрөг авахаар тус тус харилцан тохиролцсон байна.

 

          Талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр солихоор харилцан тохиролцсон ба мөн зүйлийн 236.2-т зааснаар гэрээ цуцалснаас төлөх төлбөрийн үүрэг дуусгавар болж, харин түүний оронд талууд зээлийн гэрээ байгуулсан тул Б.Ш Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн төлбөрийн үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

          Зээлийн гэрээний дагуу Г.Г, Д.О нар үндсэн зээл, хүү шаардсан байна.

 

          Үндсэн зээл болон хүүг Иргэний хуулийн 281.1, 282.1-д зааснаар Г.Г, Д.О нар шаардах эрхтэй. Гэрээг талууд бичгээр хийсэн тул хүү авах эрхтэй байна. Үндсэн зээл болон гэрээгээр тохирсон хүү бол үүрэг гүйцэтгэгч Б.Шын гэрээгээр хүлээсэн үүрэг болно.

 

          Нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ байгуулахаас өмнөх хугацааны хүүг, нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ байгуулахаас өмнөх хугацааны хүүг тус тус нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалтад тохироогүй байх тул шүүх хүүгийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

          Б.Ш нь Г.Г, Д.О нарын санхүүжилтээр тэдэнд гурван орон сууцыг барьж өгөхөөр анх тохиролцсон буюу талуудын хооронд анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь алдаатай юм.

 

          Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан, анхнаасаа зээлийн гэрээ байгуулаагүй ба хожим нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож, хүү тохирох нь хууль зөрчөөгүй, мөн бодит байдалд анх зээлийн гэрээ байгуулах талаар зохигчийн хооронд тохиролцоо байгаагүй гэж хариуцагч нь маргасан, нөгөө талаас “37 м2 орон сууцыг 1 м2-ыг нь 750 000 төгрөгөөр, 54 м2 болон 41 м2 хоёр орон сууцыг 1 м2-ыг нь 700 000 төгрөгөөр тус тус бодож гурван орон сууцыг 96 955 000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон” гэх хариуцагчийн тайлбарыг харгалзан талуудын хооронд анх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэв.

 

          Хариуцагч нь 96 955 000 төгрөгийг нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр өгсөн гэж мэтгэлцсэн боловч талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгын үндсэн дээр хамтран ажиллах үүрэгтэй байсан болохыг баримтаар нотлоогүй байна. Хэрэгт байгаа баримтаар талууд хамтран ажиллах гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, тохирсон гэж үзэх бодитой үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд хариуцагч нь 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гд өгсөн нь тогтоогдож байх тул буцааж төлөх ёстой 32 823 180 төгрөгөөс хасч тооцоход 31 823 180 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гд, 65 876 700 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од хариуцагч нь тус тус төлөх үүрэгтэй.

 

          Энэ үндэслэлээр гомдлыг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “319 800” гэснийг “317 066” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 42 868 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 761 532 төгрөг, нийт 804 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                           Д.БЯМБАСҮРЭН

                                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ