Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 41

 

Т.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой Т.*******д холбогдох эрүүгийн 1737000110010 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй,******* овогт ******* ******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч *******ыг авто  тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Боржигон овогт ******* *******ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Т.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******ийг 2700 нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,     Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Т.*******ий ******* дугаартай В,С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгаж  шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээг шүүх авч болохоор хуульчлагдсан байна.

            Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт би хууль сахиулагчийг эсэргүүцээгүй, би машинаараа хүн шүргэх шиг болсон цонхондоо харахад шүргэгдсэн хүн босоод зогсож байх шиг харагдсан тэгээд би хөдлөөд явж байгаад гүүрний тэндээс буруу зүйл хийсэн гэдгээ ойлгоод шууд эмнэлэг дээр яваад очсон. Би хэргийн газраас зугтаагаагүй хэмээн мэдүүлсэн нь гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрөөгүй байна.

Т.******* нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хууль сахиулагчийг эсэргүүцээгүй, хэргийн газраас зугтаагаагүй талаар гомдол гаргаж оролцогчдын гомдлоор хэлэлцэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн магадлал, тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн байцаалтын болон хэлэлцүүлэгт Т.*******ий өгсөн мэдүүлгүүдээрээ гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. Ийд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн  шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх байх гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй  болж чадаагүй байна.

            Т.******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын үед ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч *******ыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг  үйлдсэнд тус тус холбогджээ.

            Шүүгдэгч Т.*******ий үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Т.*******ийг Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Харин шүүх шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.             Учир нь:

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж ,1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******ийг 2700 нэгж буюу 2,700,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно “ гэж заажээ.

            Гэтэл шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Т.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулсан нь “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” хуульд заасан дээрх заалтыг хэрэглээгүй байна.

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчсөн байна.

            Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.Т.*******д холбогдох хэргийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

            Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа прокурорын бичсэн эсэргүүцлээс өөр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын эсэргүүцлийг хүлээн аваагүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас   ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

  

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                              М.НЯМБАЯР

 

     Б.ДАМБА