| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0700/З |
| Дугаар | 221/МА2026/0244 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0244
|
|
“тЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ч.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “тЕ” ХХК
Хариуцагч: Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Сангийн яамны Худалдах худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” №86 дугаарын тушаалын “тЕ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эт, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0700/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1-д тус тус заасныг баримтлан "тЕ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны 04 дүгээр дүгнэлт, Монголын Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" 86 дугаар тушаалын "тЕ" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ:
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2025 оны 86 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
2.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;” гэж заасан.
2.3 “Эү" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102154 дугаартай “Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д "... Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ."; ТШЗ 20.1-д "... Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ." гэсэн шаардлага тавигдсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар, гэрчлүүлэн ирүүлэх шаардлага тавигдсан.
2.4 Хэрэгт нотлох баримтаар авагдсан “тЕ" компанийн тендерт ирүүлсэн дээрх зөвшөөрлийн бичгийг гэрчилсэн нотариатч ВВИ талаар ОХУ-ын С мужийн Нотариатын холбооны 2024 оны 09 дугээр сарын 11-ний өдрийн 1791 тоот албан бичигт "С мужийн Нотариатын холбоонд 2024 оны 09 дүгээр сарын 09-нд хүргүүлсэн №2829 дугаар албан бичгийн хариуд дараах мэдээллийг илгээж байна: С мужийн Нотариатчидын танхимын гишүүдийн дунд ИВВ гэх хүн байхгүй. Үүнээс гадна баримт бичиг дээрх 96/347-н/96-2024-4-49 бүргтгэлийн дугаар нь С мужийн Нотариатчидын дугаарт тохирохгүй байна." гэж дурдсан бөгөөд "тЕ" компанийн тендерт ирүүлсэн дээрх зөвшөөрлийг гэрчилсэн ИВВ гэх хүн тус Нотариатчидын танхимын гишүүн биш, баримт бичиг дээрх буртгэлийн дугаар нь С мужийн Нотариатчидын дугаарт тохирохгүй байгаа талаар тайлбар ирүүлсэн.
2.5 Мөн "тЕ" ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" бичигт Энэ нь санаатай хийсэн үйлдэл биш бөгөөд ажилдаа хариуцлагагүй хандсан бичиг хэргийн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан болно. Манай компани 2018 оноос тендерт оролцож ирсэн бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахаа илэрхийлж байна." гэж дурдсан нь алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн утга агуулгатай байгаа бөгөөд хэрэгт тус компанийн тендерт ирүүлсэн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь үнэн зөв эсэх талаар ямар нэг баримт байхгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т "нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 дугаар 2 албан бичгээр ирүүлсэн тайлбарт нотариатыг бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжгүй байсан гэх агуулгаар буюу зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарласан агуулгатай байдаг" гэж тусгасан нь нотлох баримт баримтыг буруу унэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.6 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д "Мөн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/10483 тоот мэдэгдэлд нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот албан бичгээр хариу өгсөн байх боловч тухайн байцаагчийн албан ёсоор хүргүүлсэн мэдэгдэл нь нэхэмжлэгчид хариу өгөх хугацаанаас хойш ирсэн нь хуулийн хугацаандаа тухайн компанид очоогүйг нотолсон шуудангийн дардсаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгчээс уг мэдэгдэл нь шалгалтын асуудлаар тодорхой ойлгомжтой мэдээлэл агуулаагүй байсан бидэнд тодорхой хариу өгөх боломж олгоогүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна" гэж дурдсан байна.
2.7 Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/10483 тоот мэдэгдэлд хяналт шалгалтын үндэслэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, эрх, үүрэг, сонсох ажиллагааны хэлбэр, хугацаа, улсын байцаагчтай холбоо барих мэдээллийг тусгаж, удирдамжийг хавсарган хүргүүлсэн байхад, мөн тус мэдэгдлийн хариуд "тЕ" ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" бичиг ирүүлсэн бөгөөд бусад баримт тайлбараа хамт ирүүлэх бүрэн боломжтой боловч тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байхад нэхэмжлэгч “мэдэгдэл нь шалгалтын асуудлаар тодорхой ойлгомжтой мэдээлэл агуулаагүй байсан бидэнд тодорхой хариу өгөх боломж олгоогүй" гэж маргасныг хүлээн авсан нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
2.8 Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “... нотариатын үйлдэл шаардлага хангаагүй нь туршлагын шаардлага хангах баримт буюу зөвшөөрөл хуурамч гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй бөгөөд зөвхөн хуурамч нотариаттай холбоотой асуудлыг шалгаж уг хуулийг заалтад хамааруулан авч үзэж, нөхцөл байдлыг тодруулалгүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий болоогүй гэж үзлээ" гэж дурдсан бөгөөд шүүх "тЕ ХХК-ийн тендерт калж, нехцөл байдлыг тодруулалгүйгээр дүгнэлт гаргасан нь ундэслэл бухий ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийн хуулбарыг хуурамч буюу нотариатын үйлдэл шаардлага хангаагүй гэж дүгнэсэн.
2.9 Мөн шүүх "тЕ" ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгийн эх хувь буюу зөвшөөрлийг оролцогчийн чадавх болон туршлагыг хангах баримт бичиг мөн гэж дүгнэсэн. Гэвч захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсаны дагуу "тЕ" ХХК тендерт үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэхдээ хуурамч баримт бичиг ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д "Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;" гэж заасан чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичигт хамаарч байхад тус нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.10 Цаашлаад тус шийдвэрийн дагуу тендерт оролцогч нар тендерт хуурамч баримт ирүүлэх, ялангуяа нотариатын гэрчилгээг хуурамчаар үйлдэж тендер ирүүлэх практик тогтох эрсдэлтэй.
2.11 Үүнээс үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд "тЕ" компани худалдан авах ажиллагаанд оролцохдоо ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах тухай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн "тЕ" ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн Сангийн сайдын 2025 оны 86 дугаар тушаал нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0080 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “тЕ” ХХК-аас “Монгол Улсын Сангийн яамны Худалдах худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 86 дугаар тушаалын “тЕ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын худалдааг эрхлэх зөвлөлөөс олгодог тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, кю ар код бүхий мэдээлэл байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч бичиг баримт гэж үзсэн нь үндэслэлгүй”,
“...Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан. Тухайлбал сонсох ажиллагаа явуулах хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт сонсох ажиллагаа явуулах хугацааг оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг зөрчсөн”,
“...Манай компани нотариатын үйлдлийн үнэн зөвийг шалгадаг байгууллага биш. Санаатайгаар хуурамч баримт бичиг ирүүлсэнд хамаарахгүй” гэж тус тус тодорхойлон маргасан.
3.Харин хариуцагчаас “...оролцогч нь тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан ирүүлэх боломжтой байсан боловч үнэн зөвийг нотлох тайлбар, баримт ирүүлээгүй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ОХУ-ын С мужийн нотариатч Валерий Владимирович Ивнов гэрчилсэн орчуулга нь үнэн зөв болох талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна”,
“... “тЕ” ХХК-д сонсох ажиллагаа явуулж, өөрийн санал, тайлбарыг ирүүлэх тухай улсын байцаагчийн мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/10483 тоот албан бичгээр, хяналт шалгалтын үргэлжлэх хугацааг 30 хоногоор сунгасан тухай мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/391 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Үүний дагуу “тЕ” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 247-ний өдрийн 154/3 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” агуулга нь ялгаатай хоёр албан бичгийг ирүүлсэн тул тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй” гэж,
“...Сангийн сайдын 2023 оны 248 дугаар цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмын 4.5-д заасны дагуу аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой өөрийн ирүүлсэн тендер, түүний хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендерт хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэсэн зохицуулалттай байгаа” гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж байгаа дээр дурдсан үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн маргаж буй “зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын худалдааг эрхлэх зөвлөлөөс олгодог тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, кю ар код бүхий мэдээлэл байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч бичиг баримт гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх зөвхөн нэг үндэслэлд дүгнэлт өгч, “нэхэмжлэгчээс маргаан бүхий акт нь шийдвэр гаргах ажиллагааны буюу сонсох ажиллагааны журам зөрчсөн, мөн маргаан бүхий актад дурдсан нотариатын үйлдэл нь тендерт ирүүлсэн баримтыг хуурамч гэдгийг тогтоох үндэслэлгүй” талаар маргасан байхад эдгээр нэхэмжлэлийн үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй байгаа нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна.
5.Тодруулбал, нэхэмжлэгч “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 154/3 тоот албан бичгээр тайлбар ирүүлсэн” гэх баримт хэрэгт авагдсан боловч уг тайлбар нь хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авсны дараа гаргасан тайлбар уу, эсхүл өмнөх мэдээлэлд үндэслэн гаргасан тайлбар уу, уг тайлбарт маргаан бүхий үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн эх хувь, кю ар код, үйлдвэрлэгчийн баталгаажуулалт, нотариатын үйлдэлтэй холбоотой тайлбар өгсөн эсэх талаар тодруулж, тухайн нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн үнэлж, дүгнэлт өгөх шаардлагатай.
6.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Эү”ТӨҮГ-аас 2024 онд зарласан ЭҮТӨҮГ/20240102154 дугаартай “Ангилагч тоног төхөөрөмжийн хуяг” нийлүүлэгчийг сонгох шалгаруулах тендерт оролцсон “тЕ” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн баримт бичгийн мэдээлэл зөрчилтэй байна гэж үзэн “Эү” ТӨҮГ-иас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/6062 дугаар албан бичгээр[1] Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” заасан нөхцөл илэрсэн тул хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10-д заасны дагуу мэдээллийг холбогдох баримтын хамт хянуулахаар хүргүүлжээ.
7.Улмаар Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай “Хяналт шалгалт хийх тухай”, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Удирдамжийн хугацаа сунгах” удирдамж болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б “тЕ” компанид хяналт шалгалт хийгээд маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр[2] “...“тЕ” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтыг үндэслэн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал”-ыг гаргажээ.
8.Дээрх дүгнэлтэд үндэслэн маргаан бүхий Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 86 дугаар тушаалаар[3] “... “тЕ” ХХК-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх”-ээр шийдвэрлэсэн.
9.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “тЕ” ХХК-иас тендерийн баримт бичигт ирүүлсэн хуурамч гэх нотариатаар гэрчлүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий баримтын орчуулгаас[4] үзвэл “Эү” ТӨҮГ-т хаягласан БНХАУ-ын SZSC Co.,ltd /ШЖСК/ компани нь ангилагч машинд зориулсан цахиурын карбид доторлогооны БНХАУ дахь томоохон үйлдвэрлэгчийн хувьд, бүтээгдэхүүнээ тендерт оролцуулах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах эрхийг “тЕ” ХХК-д олгож байна. Бид бүтээгдэхүүндээ үйлдвэрлэгчийн баталгааг олгодог болно” гэх агуулга бүхий баримт ирүүлжээ.
10.Харин анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн http://www.rzccpit.com/validate.html болон http://www.rzccpit.com/vcc.html сайтад хийсэн үзлэгээр илрүүлсэн, түүнд хавсаргасан баримт түүний орчуулгаас үзвэл “Олон улсын худалдааны гэрчилгээний хуурамчийн эсрэг лавлагаа буюу гэрчилгээний 233700В0/003089 дугаартай SZSC Co.,ltd /ШЖСК/ компанийн тамга тэмдэг нь жинхэнэ болохыг тодорхойлсон Шандун мужийн Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Чиндао хотын визний хэлтсээс олгосон гэрчилгээ” гэжээ.
11.Дээрх хоёр баримтуудыг харьцуулан үзвэл шүүхийн үзлэгээр тогтоогдсон баримтын агуулга нь маргаан бүхий тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий баримттай ижил агуулгатай гэж үзэхээргүй байна.
12.Тодруулбал, нотариатаар батлуулсан баримт бичиг нь үйлдвэрлэгчээс Эүт хаягласан тендерт бараа нийлүүлэх эрхийг “тЕ” ХХК-д олгосон зөвшөөрлийн албан бичиг байх бол шүүхийн үзлэгээр илрүүлсэн баримтын тухайд SZSC Co.,ltd /ШЖСК/ компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй болохыг баталсан баримт бичиг байна.
13.Хэдийгээр анхан шатны шүүхээс холбогдох сайтад үзлэг хийн SZSC Co.,ltd /ШЖСК/ компанийн 233700В0/003089 дугаар бүхий гэрчилгээ нь үнэн зөв болохыг тогтоосон байх хэдий ч энэ нь маргаан бүхий акт гарах үндэслэл болсон “Эү” ТӨҮГ-т хаягласан БНХАУ-ын SZSC Co.,ltd /ШЖСК/-аас ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий баримтыг үнэн зөв гэдгийг тогтоох нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.
14.Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг нотлох баримт бичгийн үнэн зөв эсэхтэй талууд маргаж байгаа, хариуцагчаас “...хяналт шалгалтын хүрээнд маргаан бүхий үйлдвэрлэгчийн зөвшөөрөл бүхий бичиг баримтын үнэн зөвийг нотлох тайлбар, баримт ирүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд шүүх дээрх баримтын эх хувийг нэхэмжлэгчид бодитоор хадгалагдаж байгаа эсэхийг шалгах, тухайн баримтыг цуглуулах, үнэлэх, нотлох ажиллагааг хийгээгүй байна.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлэх нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх бичмэл нотлох баримтын эх хувийг шаардан авах эрхтэй байна.
16.Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль ёсны эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид маргаан бүхий акт гарах үндэслэл болсон нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хуурамч гэж маргаж байхад уг баримтыг эх хувийг шаардан гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ