Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1393

 

 

 

 

 

 

 

 

       2023            11             23                                               2023/ШЦТ/1393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19** оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаватор, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.  

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэртээ ***тэй маргалдан улмаар биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1134 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 16-17, 21-22, 31, 33, 39, 68, 88-89 дүгээр хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэртээ хохирогч ***тэй маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр танил ***тай Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Боса” худалдааны төвийн урд нэг шил архи хувааж уусан. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн *** гудамжинд байрлах гэрт нь очсон. Би согтоод түрүүлээд тасраад унтсан. Өглөө босоход нүүр хөндүүртэй байхаар нь толинд үзэхэд бага зэрэг хөхрөөд хавдчихсан байхаар нь хамт байсан хүмүүсээс “Юу болсон” талаар асуухад *** “Ахаа би цохичихсон юм” гэж хэлсэн. Өөр миний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

- Гэрч ***гийн ”2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ***, ***, *** нар хамт явж байсан. Бид дөрөв нэг шил архи ууж дуусгаад ***ын гэрт очсон. Бид нар унтаж байхад шөнө ***, *** нар маргалдаад заамдалцаад зогсож байсан. Би босож ирээд тэр хоёрыг салгасан. Өглөө сэрэхэд ***ийн нэг талын нүд хавдсан байсан. Урьд гэмтэл учирсан зүйл байгаагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2263 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед баруун болон зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн няцрал, цус хуралт, дээд зүүн 2 дугаар шүдний хугарал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнө шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 09 сар 20 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 11 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгчээс “...хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 50, 58-73, 76-78 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар нийт 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар(2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар (2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас)-д “ял эдэлж байгаа хоригдол ***гийн ***д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон бодоход биеэр 07 сар, шагналын 01 сар 10 хоног эдэлсэн, 09 сар 20 хоногийн ялын үлдэгдэлтэй байна” гэсэн нотлох баримтууд авагдсан байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдон цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, тэрээр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон) зэргийг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож(320ц:8ц=40х) 01 сар 10 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 11 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилжээ.

Тус шүүхийн шүүгчийн захирамж(хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас)-аар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ***д “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн(хавтаст хэргийн 106 дугаар хуудас) тул тухайн хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 37 хоногоор тооцож, шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй юм.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2308007661481 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 сар 10 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 11 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон гучин долоон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн 2308007661481 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР