Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/580

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023        09            07                                     2023/ШЦТ/580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил

улсын яллагч Б.Энх-Амгалан,    

шүүгдэгч Э.Г , түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л овогт Э  Г /РД:ТА99061516/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г  нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 17 дугаар давхрын орцонд насанд хүрэээгүй хохирогч Т.Б тэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орж, улмаар “бэлгийн харьцаанд орох явцдаа бичлэг хийсэн, хэрэв гар утсаа өгөхгүй бол насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт буюу дүрс бичлэгийг фэйсбүүк орчинд тараана” гэж сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Э.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Насанд хүрээгүй хохирогч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нээж байсан Акипа нэртэй фэйсбүүк хаягаар 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой би нэвтрээд байж байхад ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дахь тал/   

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2589 дүгээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2589 тоот

“-Т.Б гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

  -Охин хальс нь хуучин урагдалтай байна.

  - Үтрээсний арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна.

  - Т.Б  нь ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 63 дахь/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дахь тал/ зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

 Шүүхээс тогтоосон үйл баримт:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г  нь насанд хүрээгүй хохирогч Т.Б тэй фэйсбүүк хаягаар танилцаж, гэрийнх нь гадаа уулзаж, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсныхоо дараа бэлгийн харьцаанд орсон бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараана гэж сүрдүүлж, гар утсыг нь авахаар заналхийлсэн үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь бусдаас эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхдээ түүний болон ойр дотны хүмүүсийн мэдээллийг ашиглах, тэдэнд болон өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл сүрдүүлсэн үйлдлээр илрэнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “Өөрийгөө хамгаалах зорилгоор ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод бичлэг хийсэн тэгж хэлсэн. Түүнээс огт бичлэг хийсэн зүйл байхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Учир нь “Мэдээлэл тараахаар сүрдүүлэх” үйлдэл нь тухайн мэдээлэл үнэн бодит эсэхээс, шүүгдэгч Э.Г  бэлгийн харилцаанд орсон бичлэгийг бодитоор хийсэн эсэхээс тус тус үл хамааран хохирогч Т.Б г бичлэг хийсэн гэж сүрдүүлж, түүний эд хөрөнгийг авахаар заналхийлсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

Түүнчлэн дээрх гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгох учир шүүгдэгч Э.Г ын насанд хүрээгүй хохирогч Т.Б г сүрдүүлж, эд хөрөнгө болох гар утсыг авахын тулд бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж хэлж сүрдүүлснийг дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх ба энэ нь насанд хүрээгүй хохирогч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

          Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Б  хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г ыг гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байгаа боловч торгох ялыг төлөх хугацаан дээр санал байна. Шүүгдэгч Э.Г  нь өөрийн нэр дээр банкнаас зээлтэй бөгөөд сард 910,000 төгрөгийн зээл төлдөг учир торгох ялын үнийн дүнг төлөх хугацааг 3 сар биш 3 жилийн хугацаанд байхаар тогтоож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Э.Г  нь эрхэлсэн тодорхой ажилтай эсэх, төлбөр хариуцах чадвартай эсэх нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, сар бүр 910,000 төгрөгийн зээл төлдөг байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

              Иймд шүүгдэгч Э.Г ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол, саналгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...24 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.../ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бий болсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г од оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлав.

           

  1. Бусад асуудлаар:

 

  Шүүгдэгч Э.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л овогт Э Г-г  бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Л овогт Э Г-г  1 жилийн хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г од оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Э.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР