Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Эаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Огийн Бгт холбогдох  2035000000178 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын   10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 31-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн хороо ........ тоотод оршин суух Ч овогт Огийн Б /РД:............./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Бнь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой хохирогч Д.Хыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч О.Бнь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Хыг зодсон болох нь:

хохирогч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад ганцаараа харих гээд явж байтал замын уулзвар дээр миний найз Б, О нар байсан бөгөөд цаашаа бид 3 хамт явж байтал миний урд ..... УВА улсын дугаартай саарал өнгийн машин ирж зогсоод дотроос нь 3 залуу бууж ирсэн бөгөөд тэдний зүс таних нэг залуу нь надад “чи намайг таньж байна уу” гэхээр нь таньж байна гэхэд “чи урьд нь надад томроод байсан биз дээ гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед зангидсан гараараа цохисон уу, тохойлсон гараар цохисон уу гэдгийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан гараараа далайж байсан, би газар унасан. Тухайн үед тус газар буюу баруун хөмсөг дээр цохиулаад газар унасны дараа миний баруун хөмсөгнөөс цус гарсан. Өөр бидний хооронд ямар нэгэн зүйл болоогүй. Би өмнө мэдүүлэхдээ сандарсан, бас манарчихсан байсан болохоор хоёр хүн намайг цохисон гэж андуурч мэдүүлсэн. Намайг нэг хүн л цохисон бөгөөд тэр залууг О.Бгэдэг. ...Би тухайн өдөр эмнэлэг дээр очиж шархаа цэвэрлүүлсэн. Одоо миний шарх эдгэрсэн ба ямар нэгэн оёдол тавьсан зүйл байхгүй. Надад О.Боос нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8-р тал/,

Гэрч Г.Огын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Нархан цэцэрлэгийн хажууд байрлах 4 замын уулзвар дээр найз Батсуурийн хамт явж байгаад Д.Хгэх найзтайгаа таарсан. Тэгээд бид хойд зүг буюу тухайн уулзвараас 1 дүгээр сургуулийн чиглэлд зам дагаад алхаж байтал ....... УВА улсын дугаартай автомашин ирж зогсоод 3 залуу бууж ирсэн. Тэдний нэг залуу нь манай найз Д.Х нүүрэн тус газарт цохисон бөгөөд манай найз тухайн үед газар уначихсан. Манай найз Батсуурь тухайн үед хүнтэй утсаар яриад болсон явдлыг хараагүй. Тэгээд би Д.Хыг газраас босгоод түүнийг зодсон залуугаас “юу болж байгаа юм” гэж асуухад “танай найз урьд нь намайг дээрэлхэж дарамтлаад байсан” гэж хэлчихээд яваад өгсөн. Сүүлд Д.Хыг зодсон залууг О.Бгэдэг талаар сонссон. Манай найз Д.Хыг О.Бгоос өөр хүн зодож, цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр О.Б, Ч.Б бид 3 Ахлах 1 дүгээр сургуулийн урд талаар машинтай явж байтал манай найз О.Б“зогсоорой, өмнө нь намайг зодож байсан хүүхэд байна” гэж хэлэхээр нь би 1 дүгээр сургуулийн зогсоолд машинаа байрлуулсан. Тэгээд О.Б машинаас түрүүлж буугаад араас нь Ч.Б бид хоёр буугаад яваад очсон. Гэтэл О.Б тухайн 3 хүүхдийн нэгнийх нь баруун хөмсөг хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Гэтэл тухайн цохиулсан хүүхдийн хөмсөгнөөс цус гарч байсан ба тухайн үед О.Б түүний өмнө зогсож байсан хоёр хүүхдийн намхан нуруутай улаан куртиктай залууг нь зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Ч.Баын мөрдөн байцаалтад өгсөн “...О.Б сүүлд машинд суучихаад “энэ залуугийн хөмсөг рүү тохойгоороо цохисон чинь цус гарчихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байтал манай найз Т.Б, Ч.Б нар Т.Бын аавын эзэмшлийн ........... УВА улсын дугаартай Ниссан Экстриал загварын машинтай ирсэн. Тэгээд бид гурав 4 дүгээр сургуулийн хажууд Ч.Бын эмээгийн гэрт очсон юм. Тэгээд хэсэг юм яриад сууж байтал Т.Бын аав залгаад машин авч ирж тавь гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав Ч.Бын эмээгийн гэрээс 22 цагийн орчимд гараад 1 дүгээр сургуулийн урд замаар явж байтал урьд нь надад томроод байсан залуу болох зүс таних залуу улаан куртиктай явж байсан. Тэгээд би Т.Быг машинаа зогсоогоорой гээд зогсоолгоод түрүүлээд машинаас буугаад тухайн залуу дээр очоод зүүн гарын тохойгоороо баруун хөмсөг дээр нь 1 удаа цохиход тэр залуу газар унасан юм. Гэтэл түүнийг хамт явж байсан нэг залуу босгож авсан бөгөөд тухайн үедээ би айгаад за хөгшөөн саад ороод уулзъя гэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүй шууд цагдаа дуудчихсан юм. Тэгээд би айсандаа зугтчихсан юм. Өөр бидний хооронд ямар нэгэн зүйл болоогүй. ...Тэр үед би болон манай хоёр найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан бөгөөд манай хоёр найз Д.Х биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 700 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Д.Х биед баруун хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тогтоолд заасан хэргийн болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Д.Х биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/-ээр хохирогч Д.Х биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Бнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бний биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч О.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бурьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Тгийн өгсөн: “Миний хүү О.Бнь 2002 оны 3 дугаар сарын 31-ний өдөр айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн юм. Ах, эрэгтэй дүүтэй. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. ...2019 онд ЕБС-ийн 12 дугаар анги төгссөн. Одоогоор ямар нэгэн их дээд сургуульд суралцахгүй байгаа. Саяхныг хүртэл буюу 2020 оны 10, 11 дүгээр сард хувиараа ажил хийж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Хөдөө ах дүү нарын малд тусалж хааяа хөдөө явдаг бөгөөд бусад үед гэртээ байдаг. ...Манай хүү О.Бнь зан байдлын хувьд гэнэн цайлган, хүүхдээрээ зантай. Хүү маань урьд өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохионы хэрэгт холбогдож байгаагүй. Найз нөхөд, ангийнхан дундаа нэр хүнд сайтай. Аав, ээжийнхээ үгэнд сайн ордог, ямар нэгэн хорт зуршилгүй. Архи, тамхи гэх зүйлээс холуур,, гэр орноосоо төдийлөн гараад байдаггүй. Хааяа гарч найз нөхөдтэйгөө уулзаад ирдэг. Өөрийнхөөрөө сэргэлэн цовоо зантай, урлаг, спортод авьяастай сайн хүү байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчтай тохиролцож ирсэн  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Батзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Огийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ