Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0258

 

 

 

 

                                                                                           

 

                                            

Ш.БДийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0151 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.БД

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.БД

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л

Хариуцагчийн өмгөөлөгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Хэргийн индекс: 128/2025/0809/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Маргаан бүхий Б/55 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг, 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн,

1 дэх заалтаар “Дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Шын БДийг 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 52 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 335 минут хоцорсон, 829 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй нь холбогдох баримтаар нотлогдож байх тул 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулж” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/5451 дүгээр албан бичгээр “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасны дагуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна ...” гэж хариу өгч, анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0151 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.БДийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лх дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

5.1. “...Нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн ЕRР системийн тайлангаар Ш.БД нь ажлын 52 өдөр ажилдаа хүрэлцэн ирээгүй, 335 минут ажлаас хоцорсон, 829 минут ажлын цаг дуусахаас өмнө эрт гарсан нь тогтоогдсон байдаг. Харин нэхэмжлэгч Ш.БД нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зарим төрийн байгууллагаас дурдсан хугацаанд ажиллаж байсан тухай тодорхойлолтыг өгсөн байдаг боловч, энэ тухайгаа түүнийг томилох эрхтэй дээд шатны захиргаа болох дүүргийн засаг дарга болон эрх бүхий этгээдэд мэдэгдэж байгаагүй.

Тодруулбал байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагч нь албан үүргийнхээ хүрээнд гадуур ажиллах боломжтой ба ингэхдээ тус системд “гадуур ажиллах” тухайгаа бүртгүүлэх ёстой байсан. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ЕRР систем нь гадуур ажилласан цагийг мөн адил бүртгэдэг тул ажилтан гадуур гарахаасаа өмнө түүнийгээ системд бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч Ш.БД нь хариу тайлбартаа маргаад байгаа тус ажил тасалсан гэх өдрүүдэд гадуур ажилласан гэж байгаа боловч бодит байдал дээр тэр нь тогтоогдохгүй байна. Мөн эдгээр нотлох баримт нь тодорхой цаг, өдөр заагаагүй болохыг анхаарах шаардлагатай.

5.2. Хорооны засаг дарга гэдэг бол тухайн нэгждээ хамгийн том байр суурь эзлэгч гэвч ийнхүү олон удаа ажлаа тасалж, ажлын цагаас эрт явж, ажлын цагийг үр бүтээлгүй ажиллаж байгаа нь өөрөө төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.8-д заасан “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” буюу тус хорооны дээд шатны удирдлагын хувьд бусад ажилчдад үлгэр жишээ үзүүлэн манлайлах үүргээ биелүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргасан гэж үзэхээр байна. Иймээс байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг байнга тог тасарч, системд бүртгүүлэх боломжгүй байсан бол гадуур ажлын дэвтэрт бүртгэсэн эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

5.3. Мөн 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд нэхэмжлэгч Ш.БД нь ирц бүрэн биш шалтгаанаар оноо хасуулсан бөгөөд өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн байна.

5.4. Мөн хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл очсон эсэх, мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн чат(харилцах систем)- аар дамжуулан тайлбараа хүргүүлэх боломжтой байсан эсэх, аливаа хязгаарлалт байсан эсэх, тайлбар хүргүүлсэн эсэх зэрэг үйл баримтыг тодруулах зорилгоор үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч, энэхүү хүсэлтийг мөн хангаж шийдвэрлээгүй. Тус үзлэгээр нэхэмжлэлийн агуулга, үндэслэлд дурдагдаад буй Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны” бөгөөд “үндэслэл бүхий” байх зарчмыг хангаагүй байна.

5.5. Иймд энэхүү давж заалдах гомдлыг хангаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 09-ны өдрийн 128/ШШ2026/0151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Ш.БДоос “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Маргаан бүхий Б/55 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг, 6.3.1, 6.3.3, 6.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн  “Дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ширбазарын БДийг 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 52 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 335 минут хоцорсон, 829 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй нь холбогдох баримтаар нотлогдсон гэж үзэж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулж” шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь цагийн бүртгэлд бүртгэгдээгүй, тасалсан гэх ... хугацаанд бүх нийтийн амралтын өдөр, 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан өдөрлөг, Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооноос зохион байгуулсан өдөрлөгт оролцож зохион байгуулсан болох нь Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Сүхбаатар дүүргийн ахмадын хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургууль, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус тус ирүүлсэн тодорхойлолт, албан бичгүүдээр тогтоогдсон, ... Мөн нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалттай дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд түүнд бусад төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулах боломжтой болохоос шууд огцруулах үндэслэл болохгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зарим төрийн байгууллагаас дурдсан хугацаанд ажиллаж байсан тухай тодорхойлолтыг өгсөн байдаг боловч, энэ тухайгаа түүнийг томилох эрхтэй дээд шатны захиргаа болох дүүргийн засаг дарга болон эрх бүхий этгээдэд мэдэгдэж байгаагүй. Тодруулбал байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагч нь албан үүргийнхээ хүрээнд гадуур ажиллах боломжтой ба ингэхдээ тус системд “гадуур ажиллах” тухайгаа бүртгүүлэх ёстой байсан. ...  Ажил тасалсан гэх өдрүүдэд гадуур ажилласан гэж байгаа боловч бодит байдал дээр тэр нь тогтоогдохгүй байна. Мөн эдгээр нотлох баримт нь тодорхой цаг, өдөр заагаагүй болохыг анхаарах шаардлагатай...” гэснийг хангах үндэслэлгүй.

5.1. Учир нь хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө гомдолд дурдсан нөхцөл байдлыг шалгаж, хичнээн өдөр нь гадуур албан ажилтай байсан, хэзээ нь шалтгаангүй ажил тасалсан зэргийг тогтоогоогүй, сонсох ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж явуулаагүй, мэдэгдэл өгөөд нэхэмжлэгчийг тайлбар, баримт өгөх боломж олголгүй, нэг өдрийн дараа маргаан бүхий актыг гаргасан нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг, мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

5.2. Ийнхүү сонсох ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн ажил тасалсан хоцорсон нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй, Гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийг тухайн албан ажил, үүргийг гүйцэтгэснийг няцаах хангалттай баримт болохооргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Хорооны засаг дарга гэдэг бол тухайн нэгждээ хамгийн том байр суурь эзлэгч гэвч ийнхүү олон удаа ажлаа тасалж, ажлын цагаас эрт явж, ажлын цагийг үр бүтээлгүй ажиллаж байгаа нь өөрөө Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.8-д заасан “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” буюу тус хорооны дээд шатны удирдлагын хувьд бусад ажилчдад үлгэр жишээ үзүүлэн манлайлах үүргээ биелүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргасан гэж үзэхээр байна...” гэх боловч хариуцагч нь сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, ажил тасалсан гэх нөхцөл байдлыг бодитой тогтоосон тохиолдолд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулах боломжтой атал дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, мөн албан тушаалаас нь “огцруулах” хариуцлага тооцсон нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

             ШҮҮГЧ                                                        Л.ОДБААТАР

 

            ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ