Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 56

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч А.Лодойсамбуу, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ҮД:0-583/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Адъяагийн Лодойсамбууд холбогдох эрүүгийн 201626030127 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17 дугаар гудамжны 443 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Адъяагийн Лодойсамбуу /РД:УХ62120819/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Лодойсамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт” дэлгүүрийн гадна “Нано Интернэйшнл” ХХК-д борлуулагч ажилтай Э.Мөнх-Очирын зогсоож тавьсан 40-26 УБЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч Э.Мөнх-Очирын орлогын мөнгө болох 1.656.687 төгрөг, мөн түрийвчинд нь байсан 40.000 төгрөгийг буюу нийт 1.696.687 төгрөгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүхийн шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа А.Лодойсамбуу нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Лодойсамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт” дэлгүүрийн гадна “Нано Интернэйшнл” ХХК-ийн борлуулагч Э.Мөнх-Очирын зогсоож онгорхой орхисон байсан 40-26 УБЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинд оролгүйгээр гараа оруулан бусдад мэдэгдэлгүйгээр далд, сэм аргаар автомашины дунд суудал дээр байсан эд зүйлийг авсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд буюу түүнд холбогдох хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн дуудсан цагт ирэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж шүүхээс оргосон болох нь:

             1. Шүүгдэгч А.Лодойсамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Өлзийт” дэлгүүрийн гадна байсан портер авто машинаас тортой бичиг баримт, бэлэн мөнгө байсныг авч хүмүүстэй нийлж архи, дарс ууж дуусгасан. Миний буруутай үйлдлээс болж бусдад хохирол учирсанд маш их гэмшиж байгаа. Хохирол төлбөрийг төлсөн байгаа. Шүүхийн шатанд байхдаа шүүх хуралдаан болсон өдөр бие өвдөөд ирж чадаагүй. Шүүх хуралдаад оролцох ёстой байсан. Би гэм буруугаа ойлгож байгаа. Би 5 сар хоригдож байх хугацаандаа маш их юм ойлголоо. Би архи ууж улмаар бусдад хохирол учруулсандаа маш их дүгнэлт хийсэн. Миний буруутай үйлдэл...Би падаануудыг гудамжинд айлын хашаа давуулаад хаясан. Аль айлын хашаа руу шидсэнээ мэдэхгүй байна...Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архинд орсны буруугаас ийм үйлдэл хийсэн байгаа. Би тодорхой хугацаанд хоригдож байхдаа буруу хүмүүстэй нийлж архи ууснаас болж ийм үйлдэл хийсэнээ маш их ойлгож байгаа...Миний буруу. Би тухайн үед архи олон хоног уугаад гэртээ босож чадахгүй халуураад байсан. Тэгээд хаашаа хэн рүү, хэнтэй холбоо барих вэ гэдгээ мэдэхгүй байсан...Хүн архи уухын тулд яаж амархан аргаар мөнгө олох вэ гэдэг бодол төрдөг. Энэ бодлынхоо үүднээс буруутай үйлдэл хийсэн. Би маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө ажилдаа яваад ажил дээрээс бараагаа ачаад өдөр 12 цаг болж байхад ажлаасаа ганцаараа гарсан бөгөөд ажлаасаа явж байтал борлуулалтын автомашин унтарчихаад асахгүй нэг цаг болсоны дараагаар хүн дуудаж машинаа асаачихаад Толгойтод байрлах “Увидас” гэх эмийн санд 4 ширхэг сүү, хүүхдийн каш 5 буюу 81.400 төгрөгийн бараа өгөөд 80.950 төгрөг авсан юм. Тэгээд цаашаа Орчлон хороолол ороод “Зуун хавар” гэх хүнсний дэлгүүрт 36 уут чипс өгөөд 33.480 төгрөг авсан. Тэгээд Орчлон хороолол руу ороод “Увс баянхайрхан” гэх хүнсний дэлгүүрт 12 ширхэг буюу нэг пакет хүүхдийн сок өгөөд 15.840 төгрөг аваад цааш “Болор” гэх хүнсний дэлгүүр ороод энэ дэлгүүрт 20 ширхэг хүүхдийн сок өгөөд 29.120 төгрөг аваад дахиад “Нарлаг” хүнсний дэлгүүрт 8 ширхэг хүүхдийн сок өгөөд 13.280 төгрөг авсан. Тэгээд “Баянхангай” дэлгүүр ороод 15 ширхэг соруултай ундаа өгөөд 26.700 төгрөг авсан...Цааш Орчлон хорооллын 47 дугаар байр руу орж хувь хүнд 5 ширхэг хүүхдийн каш өгөөд 22.250 төгрөг авсан. Мөн “Орчлон” супермаркет руу ороод 30 уут чипс өгөөд 62.500 төгрөг авсан. Мөн “Лхам-Ундрам” гэх эмийн санд орж 4 ширхэг хүүхдийн сүү өгөөд 62.960 төгрөг авсан. Тэгээд Орчлон хорооллоос гараад Ханын материал ороод “Өгөөмөр” гэх хүнсний дэлгүүрт 16 ширхэг хүүхдийн сок, 8 ширхэг чипс өгөөд 23.630 төгрөг авсан юм. Дараа нь “Зөөлөн” гэх хүнсний дэлгүүрт ороод 26.630 төгрөгийн чипс өгчихөөд мөнгөө аваад цааш “Жаран булаг” гэх хүнсний дэлгүүр ороод 8 ширхэг хүүхдийн сок өгөөд 13.280 төгрөг авсан...Мөн...үлдсэн 31 захиалагчийн барааны үнэ болох 1.656.687 төгрөгийн барааг тарааж хүлээлгэж  1.656.687 төгрөгийн орлого бэлнээр алдсан болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-117, 2хх-ийн 64-65/

             3. Гэрч Б.Билгүүны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тухайн өдөр 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би ажил дээрээ оффисын байранд байхад манай компанийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан борлуулагч ажилтай Э.Мөнх-Очир нь компанийн захирал Насантогтох руу утсаар ярьж Яармагт түгээлт борлуулалтын ажил хийж яваад орлогын мөнгөө, баримтын падаанаа хулгайд алдсан тухай хэлсэн юм. Захирал намайг дуудаж надад үүрэг өгөн юу болсон талаар өөрийн биеэр очиж үз гэж хэлсэн. Би тэгээд 20 цагийн орчим Яармагийн эцэст ирж борлуулагч Мөнх-Очиртой уулзсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 156-157/

            4. Гэрч Ц.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хурал болохоор болсон. Тухайн өдөр А.Лодойсамбуу ирээгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн чангатгах шүүгчийн захирамж гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албадан ирүүлэх захирамжийг Цагдаагийн ерөнхий газрын олон нийт аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 1 дүгээр газарт хүргүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн ажилтанууд А.Лодойсамбууг албадан авчирсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109-112/

            5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын хажууд “Өлзийт” хүнсний дэлгүүрийн үүдэнд 40-26 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашинд хэрэг учрал болсон байв...уг дэлгүүрийн үүднээс зүүн урагш 8 метрийн зайд дээрх автомашин зогсож байв...автомашины хажууд хохирогч Эрдэнэчулуун овогтой Мөнх-Очир гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй зогсож байв...Э.Мөнх-Очир хэлэхдээ машинаас бараагаа зөөж дэлгүүр орохдоо автомашинаа онгорхой орхин дэлгүүр рүү бараа оруулах хооронд автомашинд байсан цүнхтэй бэлэн мөнгө алдагдсан байна гэж хэлснийг тэмдэглэв...” /1хх-ийн 10-14/

            6. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Өлзийбаярын илтгэх хуудас: “...Эрдэнэчулууны Мөнх-Очиртой уулзаж ярилцахад 18 цаг 35 минутын үед Өлзийт хүнсний дэлгүүрт бараа буулгаж байхдаа машины кабинаа онгорхой орхиж дэлгүүрт орсоны хойно үл таних хүн машинаас цүнхтэй мөнгө бичиг баримт авч явсан байна. Уг цүнхэнд барааны падаан болон орлогын 1.657.840 төгрөг, жолооны үнэмлэх байсан гэв...Өлзийт дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 18 цаг 44 минут 38 секундэнд дэлгүүрийн гадна байсан 40-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинаас үл таних зүүн талруугаа хазгар явдалтай хувцасны өнгө тодорхой бус эрэгтэй хүн цүнх аваад ертөнцийн зүгээр хойд талруу явсан бичлэг байсныг хороо хариуцсан төлөөлөгч ахмад Амарбаясгаланд үзүүлэхэд урд нь тус хэлтэст аккумляторын хулгайн хэрэгт шалгагдаж байсан Боржигон овогтой Адъяагийн Лодойсамбуутай төстэй хүн байна гэсний дагуу...гэрийн хаягаар /7 дугаар хороо Жаргалантын 17-467 тоотод/ очиход эзэнгүй байв...” /1хх-ийн 42/

             8. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “... “Summer” 730 МВ/80 MIN 52X multispeed CD-R гэсэн бичигтэй цагаан өнгийн CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргаж тэмдэглэл үйлдэв...” /1хх-ийн 145/

            9. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 37 минутаас эхлэн 18 цаг 45 минутын хоорондын CAMERA 01 хяналтын камерын бичлэгт үзлэг хийв...18 цаг 44 минут 38 секундэд хар бараан өнгийн куртиктэй, хар богино түрүүтэй гуталтай, хар бараан өнгийн саравчтай малгайтай, нүүр царай нь хэн болох нь сайн харагдахгүй, биеийн жин нь явахдаа зүүн тийшээгээ ялимгүй хазайж явдаг нэг хүн цагаан өнгийн ачаатай, бүхээгтэй автомашины жолооч талын хаалгыг нь онгойлгон дотор талаас нь хар өнгийн овор ихтэй эд зүйлсийг аван баруун гартаа барьсан байна. Юу авсан нь харагдахгүй байна. Уг автомашины хаалга дахин нааш онгойсон боловч тухайн хүн мөрөөрөө түлхэн хааж харагдаж байна...зам дагуу ертөнцийн зүгээр хойд хэсэг руу явж байгаа нь гадна талын камерын бичлэгт харагдаж байна...” /1хх-ийн 146-147/

            10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Боржигон овогт Адъяагийн Лодойсамбуу...суулган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн гаднаас баруун тийш 6,2 км явж Нано интернэшнл ХХК-ийн ачилтын машин болох 40-26 УБЕ улсын дугаартай автомашин эвдэрсэн байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Моносын агуулах байрны 24 тоот дугаартай гаражид очиж яллагдагч А.Лодойсамбуу миний хулгай хийсэн машин мөн байна гэж заасны дагуу...хар уутанд байсан эд зүйлсийг хулгайлсан гэж заасныг үйлдэл хөдөлгөөнийг фото зургаар бэхжүүлэв...” /1хх-ийн 184-187/

            11. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт /2хх-ийн 32/

            12. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамж /2хх-ийн 36/

            13. Эрүүгийн 201626030127 тоот хэргийн хохирлын тооцоо: “...Халдлагад өртөхөөс өмнө түгээсэн бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр хүлээж авсан буюу хулгайд алдсан гэх бэлэн мөнгө...1.656.687 /нэг сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун наян долоо/ төгрөг...” /2хх-ийн 87/

             14. Яллагдагч А.Лодойсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Яармагийн хуучин эцсийн буудал дээр байх “Өлзийт” нэртэй дэлгүүрийн хажуу талд зогсож байсан цагаан өнгийн Портер маркийн автомашины хаалга онгорхой байхаар нь би буруу талын хаалгыг онгойлгоод машины суудал дээр байсан хар өнгийн гялгар ууттай байсан...бичиг баримт мөнгөтэй уутыг хулгайлсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Лодойсамбуу нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 130/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Лодойсамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт” дэлгүүрийн гадна “Нано Интернэйшнл” ХХК-ийн борлуулагч Э.Мөнх-Очирын зогсоож онгорхой орхисон байсан 40-26 УБЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинд оролгүйгээр гараа оруулан бусдад мэдэгдэлгүйгээр далд, сэм аргаар автомашины дунд суудал дээр байсан эд зүйлийг авсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд /тээврийн хэрэгслийн кабинд/ нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор “агуулах сав” гэдэг нь...хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин,...“орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг... хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох,...зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно гэж тайлбарласан байна.

Мөн шүүгдэгч А.Лодойсамбуу нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд буюу түүнд холбогдох хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн дуудсан цагт ирэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түүнийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч шүүхээс оргосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Лодойсамбууг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч шүүхээс оргосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг буюу бүгдийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг  3 жилийн хорих ялын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан,...хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ....” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Шүүгдэгч А.Лодойсамбууд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 133 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Лодойсамбууг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч шүүхээс оргосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Адъяагийн Лодойсамбууг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг буюу бүгдийг нэмж нэгтгэн, А.Лодойсамбуугийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Лодойсамбуугийн эдлэх 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лодойсамбуугийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. А.Лодойсамбууд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Лодойсамбууд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Лодойсамбууд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Лодойсамбууд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР