Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 42

 

П.Баяндалайд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, өсвөр насны шүүгдэгч П.Баяндалай, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энх-Оргил, прокурор Н.Доржсүрэн, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд холбогдох эрүүгийн 1936000000154 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттай хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Тайж овогт Пүрэвдоржийн Баяндалай нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Баяндалайг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Баяндалайд тайлбарлаж, Эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 135490 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж, Өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хейс” маркийн хөргөгч битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/87 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, Өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ: Ховд аймгийн Прокурорын газраас эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хяналтын прокурор 5/124 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 2019/шцт/136 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Пүрэвдоржийн Баяндалайд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна:1.1.нийтэд тустай ажил хийлгэх;1.2.зорчих эрхийг хязгаарлах; 1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж ялын төрлийг шууд хуульчилсан байхад өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь өсвөр насны шүүгдэгч П.Баяндалай нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 03 сар 07 хоногтой байсан байх ба шүүхээр гэм бурууг тогтоох үед 17 нас 04 сар 17 хоногтой байсан байна. Иймд өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/шцт/136 дугаартай шийтгэх тогтооолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн заалтын 1.2-т заасан “ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлүүдийг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүх өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин  хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг тайлбартаа: Өсвөр насны шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэдэг ялын төрлийг хэрэглэж болохгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлагын санкцуудаас торгох ялыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                      

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй  болж чадаагүй байна.

            Өсвөр насны шүүгдэгч П.Баяндалай нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт   холбогджээ.

             П.Баяндалайгийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт хэргийг  үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн 8.2 дугаар зүйлд заасан  өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд байхгүй ял шийтгэл буюу торгох ял оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Өсвөр насны шүүгдэгч П.Баяндалайд  холбогдох хэргийг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

            Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас   ТОГТООХ нь:

  1. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь дахь сум дундын

эрүүгийн  хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 08 дугаар  сарын 30-ны өдрийн  2019/ШЦТ/136 дугаартай шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, П.Баяндалайд  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч П.Баяндалайд  урьд авсан хувийн баталгаа гаргах

таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

         

           

 

 

                                                                   

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА            

 

                                              ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                    Б.ДАМБА