Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух хаягтай, Б овогт Ц.Г /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:   .. миний бие 1969 онд төрсөн, ..ажилд орсон тушаал нь архивт байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн тул хэрэг авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1987 оны 7 сарын 1-ээс 1991 оны 5 сарын 22-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 08/234 дугаартай Сайнцагаан сумын “Худалдаа бэлтгэлийн трест”, “Баянговь-Мандал ХХК”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 2 сарын 5-ны өдрийн 159 дугаартай “Худалдаа нийтийн хоолны трестийн 1987 оны Ц.Гтэй холбогдох ажилд томилсон тушаалыг хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

Дундговь аймгийн мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 сарын 07 өдрийн 61 дугаартай “зарим хүнийг шинээр ажилд авах, байгууллага дотроо ажил өөрчилөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/

-Гэрч Ё.Болормаагийн “...Ц.Г нь 1987-1991 онд Худалдаа нийтийн хоолны трестэд нарийн боовны цехэд үйлчлэгч хийж байсан. Би Худалдаа нийтийн хоолны трестэд нарийн боовны цехэд нарийн боовчиноор ажилласан. Ц.Гийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Дэлгэрхангай ресторанд нарийн боовны цехэд нь ажиллаж байсан юм. Худалдаа бэлтгэлийг удирдах газарт харъяалагддаг байж байгаад дараа нь худалдаа нийтийн хоолны трест болж өөрчлөгдсөн. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/

- Гэрч Б.Удвалын “...Ц.Г 1986 онд намайг төгсөж ирэхэд Дэлгэрхангай ресторанд нарийн боовны цехэд үйлчлэгчээр ажиллаж байсан. 1991 он хүртэл ажилласан. Би ажлаасаа 1992 онд гарсан юм. Тэгэхэд Ганчимэг 1991 онд гарч байсан. Би Дэлгэрхангай ресторанд халуун цехэд нь тогоочоор 1986-1992 он хүртэл ажилласан. Ц.Г нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Дэлгэрхангай ресторанд ажиллаж байсан юм. Тухайн үед дарга нь Моёор гэж хүн байсан юм. .. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг шууд баримтууд,

-Ё.Болормаагийн 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трест, Баянговь ХК-д тогооч, нарийн боовчиноор ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 18-19-р хуудас/

-Б.Удвалын 1986 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 02 сарын 01 өдрийг хүртэл Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трест, Баянговь ХК-д тогоочоор ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг дам баримтууд  болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ц.Г /РД/-ийг 1987 оны 7 сарын 1-ээс 1991 оны 5 сарын 22-ныг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б