Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/615

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2023        09            20                                              2023/ШЦТ/615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч А.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С , түүний  өмгөөлөгч Ц.Д,

шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Ц.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2303002540238 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод бүртгэлтэй боловч *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, А  овогт С  Г /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргө чөлөө, Х-Апартмент хотхоны баруун замд Тоёота приус 30 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.П ыг мөргөж, амь  насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгчийг уучлах боломжгүй. Миний эцэг дээрээс хараад уурлана. Иймд ялын дээд хэмжээг авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн сүүлд буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 05 минутад аавтайгаа уулзсан. Уулзахдаа гэрийн гадаа нь машинтайгаа ирсэн. Тэгээд аавыгаа аваад машинтай явж байхад надад өнөөдөр Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дарга ирсэн байгаа. Маш амжилттай гэрээ байгуулж байгаа энэ гэрээ хийгдсэн тохиолдолд бүхий л салбарт Монголоос Хятад улсад оюутан сурагч суралцах эрх нээгдэж байгаа. Аав маань 2023 оны 5 дугаар сарын 17-26-ны өдрийн хооронд Япон улс руу ажлаар явах билетээ авчихсан байсан. Надад тэр өдөр аав  нь өнөөдөр жаахан орой ирнэ шүү. Гадаад улсаас хүмүүс ирсэн байгаа гэж байсан. Маргааш аав нь хүүг нь авна. Өглөө сургуульд  нь хүргэж өгчихөөд ажилдаа явна гэж хамгийн сүүлд хэлж байсан. Аавыгаа тэр өдөр Драмын театр дээр буулгаж өгөөд явсан, аав ажил руугаа алхаад явлаа гээд явсан, миний машинаас бууж үлдсэн. Би 2023 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө буюу 3 цагийн үед манай дүү нөхөр хоёр над руу залгаад аав машинд дайруулсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд осолд ороод нас барсан талаар мэдсэн. Миний хувьд  үгээр хэлж илэрхийлэх арга байхгүйгээр гомдолтой байна. Маш их шаналж байна. Ослын улмаас гарсан бодит зардлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 38-41 дэх тал)
  4. Гэрч Ц.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд пиво уугаад дуусаад шөнө 1 цаг 30 минутын үед Юүбикаб гээд такси үйлчилгээгээр такси дуудсан. Тэгсэн нээх удалгүй 10 орчим минутын дараа такси ирсэн байсан. Ирсэн тэр такси нь Тоёота приус 30 маркийн хар өнгийн машин ирсэн байсан. Тэгээд бид тэр таксины хойд талын суудал дээр суугаад зайсандаа нэг суугаад пиво уучих газар байна уу гээд хараад байхгүй байхаар нь Сүхбаатар дүүрэг талбай руу явна гээд явсан. Гэтэл Энхтайваны гүүр өгсөхийн наана таксины жолооч нэгдүгээр эгнээгээр явж байтал машины зүүн талын урд хэсгээр хүн мөргөх шиг болсон уд цонх хагарсан. Мөргөснөөс хойш цааш хэсэг яваад зогссон. Тэгээд машинаас буугаад хартал нэг хүн мөргүүлчихсэн замын гол хэсэгт хэвтэж байгаа харагдсан. Айгаад ойртож очоогүй, тэгээд жолоочийг түргэн дуудаач, дараа нь цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51 дэх тал)
  5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болдог орой миний машиныг С.Г  надаас ирээд гуйж аваад явсан. Такси үйлчилгээнд яваад ирье гэж хэлээд аваад явсан. Би өөрөө зөвшөөрөөд С.Г т өгөхийг зөвшөөрсөн. С.Г  над дээрээс ирээд машин авахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хэвийн ирсэн. С.Г  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Эрүүл мэндийн шалтгаан байдаг гэж байсан. С.Г т жолоо барих эрхийн үнэмлэх хүчин төгөлдөр байгаа. С.Г  тогтосон ажил эрхэлдэггүй болохоор такси үйлчилгээнд яваад хэдэн төгрөг олог гээд машинаа өгч явуулсан. Осол гарсны улмаас миний машинд хохирол учирсан байсан. Тэр хохирлыг С.Г ээс машинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, ямар нэгсэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 45-47 дахь тал)
  6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1104 дугаар шинжээчийн:

                 “- Шинжилгээгээр талийгаач Э.П ын цогцост гавал тархи, цээж, хэвлий, нугалам, доод мөчний хавсарсан гэмтэл, гавлын баруун чамархайн урд хэсгээс доош баруун чулуулаг, залаа ясны суурь хэсэг, зүүн урд хонхор, зүүн чамархай хүрсэн, баруун чамархайн ар хэсгээс дагз, суурийн баруун ар хонхор хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, гол судасны нум хэсгийн бүрэн тасрал, баруун 1-7 дугаар хавирганы хугарал, сээрний 2-3 дугаар нугалмын салалт, нугасны бүрэн тасрал, уушгины хатгагдсан шарх, бүсэлхийн 5-р нугалмын салалт, бүсэлхийн 5-р нугалмын их биеийн хугарал, нугасны бүрэн тасрал, умдаг, шагай, ясны хугарал, элэгний эдийн няцрал, дух, баруун шанаа, хацар, зүүн хацар, хамар, хэвлийд зулгаралт, дух, баруун хацар, баруун ташаанд язарсан шарх, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой,

                 -Гавлын баруун чамархайн урд хэсгээс доош баруун чулуулаг, залаа ясны суурь хэсэг, зүүн урд хонхор, зүүн чамархай хүрсэн, баруун чамархайн ар хэсгээс дагз, суурийн баруун ар хонхор хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, гол судасны нум хэсгийн бүрэн тасрал, баруун 1-7-р хавирганы хугарал, сэрний 2-3-р нугалмын салалт, нугасны бүрэн тасрал, уушгины хатгагдсан шарх, бүсэлхийн 5-р нугалмын их биеийн хугарал, нугасны бүрэн тасрал, элэгний эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

                 -Умдаг, шагай ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

                 -Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархи, цээж, хэвлий, нугалам, доод мөчний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт ( 1 хавтаст хэргийн 59-63 дахь тал)

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1978 дугаар шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 75-78 дахь тал)
  2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1978 дугаар шинжээчийн:

                 “-Шинжилж буй дүрс бичлэгийн 01:46:35 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь А-В цэгийн хоорондох 28.3 метр зайг ойролцоогоор 79.6-82.2 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэсэн дүгнэлт (1 хавтаст хэргийн 100-101 дэх тал)

  1. 102 тусгай дугаарын утсанд  ирсэн дуудлага, лавлагааны хуудас (1 хавтаст хэргийн 2 дахь тал)
  2. 2023 оны  4 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 4-13 дахь тал)
  3. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 21-25 дахь тал)

12. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын гаргасан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 591 дугаартай мөрдөгчийн магадлагаа (1 хавтаст хэргийн 121-122 дахь тал)

13. Тоёота приус 30 маркийн 6262 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 6-7 дахь тал)

14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд (1 хавтаст хэргийн 154-182 дахь тал) зэрэг баримтууд авагдсан.

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (1 хавтаст хэргийн 144 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 145 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 хавтаст хэргийн 146 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 хавтаст хэргийн 147 дахь тал), иргэний үнэмлэхний лавлагаа (1 хавтаст хэргийн 148 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 151 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г  нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ноос  13-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Х-Апартмент хотхоны баруун замд Тоёота приус 30 маркийн ** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлэн зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.П ыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдлоо.

Учир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,  суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.******* амь насыг хохироосныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч С.Г ийн дээрх үйлдэл 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1978 дугаар шинжээчийн “...Дүрс бичлэгийн 01.46.35 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь А-В цэгийн хоорондох 28.3 метр зайг ойролцоогоор /79,6, 82,2/ км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрч Ц.Ц , Б.Н нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

      Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иймд шүүгдэгч С.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1.   Хохирол, хор уршгийн тухай:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 45.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт сэтгэцэт учирсан хохирол нэхэмжлэхээр заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж хөдөлмөрийн доод хэмжээг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С  нь  төрсөн эцэг Э.П ыг нас барсантай холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг шүүгдэгч С.Г ээс  шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч С.Г ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С  нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход

1. Амь хохирогч Э.П  нь гэмт хэрэг болох үед 62 настай, Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын хүн амын дундаж наслалт эрэгтэй наслалт 67 байх ба үүний зөрүү /5/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар тогтоосон/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /550,000*5=2,750,000/ хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд /2,750,000*5=13,750,000/ төгрөг,

2.  Гэмт хэрэг болох үеийн буюу 2023 оны 4 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /550,000*150=82.500.000/ төгрөг байна.

Хохирлыг хохирогчид аль ашигтай байдлаар тогтоохоор журамласан тул шүүгдэгч С.Г ээс сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С д олгохоор шийдвэрлэв.

                

  1.      Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.Ганпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй...” гэсэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би уучлах боломжгүй. Иймд хуулийн дээд хэмжээгээр ял оноож өгнө үү...” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бусдад төлөх төлбөргүй, сэтгэл санааны төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа учир хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэг гэж үзэж тэнсэх боломжтой гэж үзэж байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.

             Иймд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардалд 45.100.000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн болох нь гэрч нарын тайлбараар тогтоогдсон, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн /...36 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, цаашид гарах хохирлын зардлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал../, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ялын санал, шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Г ийг  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Бусад асуудлаар:

            Шүүгдэгч С.Г т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А  овогт С  Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

            2. Шүүгдэгч А  овогт С  Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт С.Г ийн эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1  ширхэг сидиг хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Г  нь гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г  нь хохиролд 45.100.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С д олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БАТБОЛОР