Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/474

 

 

 

 

  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж

улсын яллагч О.Доржмаа /томилолтоор/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221001158 0705 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

   Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө үйлчлүүлж байсан иргэн *** өмдний зүүн талын арын халааснаас түүний “I phone 12 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн.

Хоёр. Эрүүгийн 2210011580705 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтас хэргийн 2 дахь тал),

2. Эд зүйл хураан авч, хүлээлгэсэн өгсөн тухай  2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн:

***өөс саарал өнгийн шаргал хүрээтэй I phone 12 pro маркийн гар утсыг хураан авч, ...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шаргал өнгийн хүрээтэй цагаан шаргал өнгийн ар талтай I phone 12 pro маркийн гар утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн ***д хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэлүүд (хавтас хэргийн 6-7 дахь тал),

 

3. “Минт” клубийн “2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэгийг сидин дээр буулгасныг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол (хавтас хэргийн 8 дахь тал),

 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн:

“Тухайн бичлэг нь 2022 оны 04 дүгээр сарын 22-с 23-нд шилжих шөнийн 04 цаг 22 минутын бичлэгт: ...Хохирогчийн ард саарал өнгийн цамц, саарал өмд цагаан пүүзтэй 20-25 орчим насны эрэгтэй зогсож байгаад дээрх сэжигтэй этгээдийг хохирогчийг дуудаж ярилцах бөгөөд, 04 цаг 22 минут 48 секундэд сэжигтэй этгээд нь хувцасны дотроо эд зүйл хийгээд 04 цаг 25 минут 39 секундэд “Минт” баараас гараад гүйж байгаа бичлэг байсан тухай. ...”тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 9-10 дахь тал),

 

5. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-с 23-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” бааранд 2 эрэгтэй, 2 эмэгтэй найзын хамт орсон. Өглөөний 04 цаг 30 минутын үед бүжгийн талбайд байж байхад миний халаасанд байсан I phone 12 pro маркийн гар утас алга болсон.  Би эргээд хартал миний ард 25 орчим натай цагаан ягаан өнгийн футболк жинсэн өмдтэй 175-178 орчим өндөртэй шардуу царайтай залуу байсан. Би очоод миний утсыг өгөөч гэхэд тэр авсан шүү дээ гээд нэг залуу руу заасан. Би тэр хүн рүү очиход миний таньдаг хүн байсан. Тэгээд би буцаагаад харахад дээрх хүн алга болсон байсан. Би утас руу залгахад эхлээд холбогдож байгаад 04 цаг 37 минутад унтарсан байсан. Тэгээд би харуул хамгаалалтын хүмүүстэй нь уулзаад камер шүүе гэхэд миний зогсож байсан хэсэгт камер байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 14-15 дахь тал),

-хохирогчоор дахин 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би гар утсаа хүлээн авсан, миний утсанд эвдрэл гэмтэл гэх зүйл байхгүй байна.... Надад одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 16 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би “Скайтел” төвийн 2 давхарт гар утасны засварын төв ажиллуулдаг. Надад тухайн гар утсыг олсон гэж хэлээд зарсан. Би хохирол болох 400.000 төгрөгөө тухайн залуугаас авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 20-21 дэх тал), Гантөмөр нь ***ас 400.000 төгрөгийг хүлээн авсан тухай бичгээр гаргасан баримт (хавтас хэргийн 84 дэх тал),

 

7. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өөрийн найз Биндэръяа болон түүний найз залуу *** нартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Наадам” центрийн урд талын “Беер хаус” дотор уулзсан. Тэнд Биндэръяа бид хоёр хүн тус бүр 2 шил пиво хувааж уусан. Тэгээд хэсэг сууж юм ярьж байгаад гараад “Минт” клуб руу очсон. Тэнд хэсэг бүжиглэж бага зэрэг ууж байгаад, хэдэн цагт гарсан талаараа сайн санахгүй байна, гараад би өөр тийшээ явах гэтэл манай найз Биндэръяа бага зэрэг дургүйцээд, тэгээд маргаан болсон. Тэндээсээ 2 тийшээ салаад явсан....” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дахь тал),

 

8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ1-22-457 дугаартай: “I phone 12 pro” маркийн гар утасны зах зээлийн үнийг 2.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 37-38 дахь тал),

 

9. Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Би анх удаагаа ийм гэмт хэрэгт холбогдож байгаа учир энэхүү хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү, хохирол төлбөрийг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 50-51 дэх тал),

 

10. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай яллагдагч *** хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал), прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 89-92 дахь тал),

 

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 54 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтас хэргийн 55 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтас хэргийн 56 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтас хэргийн 57 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тодорхойлолт (хавтас хэргийн 58 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 61 дэх тал) болон болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг  хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь гэм хорыг арилгасан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаагүй болно.

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө үйлчлүүлж байсан иргэн *** өмдний зүүн талын арын халааснаас түүний “I phone 12 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтас хэргийн 2 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр (хавтас хэргийн 14-15 дахь тал) болон 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтас хэргийн 16 дахь тал),

 

- ***өөс эд зүйл буюу I phone 12 pro гар утсыг хураан авч, хохирогч ***д хүлээлгэсэн өгсөн тухай  2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлүүд (хавтас хэргийн 6-7 дахь тал),

 

- Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 20-21 дэх тал),

 - ***ас 400.000 төгрөгийг хүлээн авсан тухай ***ийн бичгээр гаргасан баримт (хавтас хэргийн 84 дэх тал),

 

- Минт клубийн 2022 оны 04 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө хийсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол (хавтас хэргийн 8-10 дахь тал),

 

- “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ1-22-457 дугаартай: I phone 12 pro маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 37-38 дахь тал),

 

- Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 50-51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.    

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь “Минт” клубээр үйлчлүүлж байсан хохирогч *** халааснаас гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон бөгөөд тус бичлэг нь хэрэгт цугларсан бусад эх сурвалж нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой гэмт хэрэг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *** гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч *** “I phone 12 pro” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2.200.000 төгрөгөөр тогтоосон байна.  Шүүгдэгч *** нь хохирогч *** гар утсыг ***т 400.000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ***өөс “I phone 12 pro” маркийн  гар утсыг хураан авч, хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн байх тул хор уршиг арилж, хохирогчид  төлөх төлбөргүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч ***т 400.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эд мөрийн баримт 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч *** Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруу, оногдуулах эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч У.Рэнцэнлхагвыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

              7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ДОРЖСҮРЭН