Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/631

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           10             02                                                2023/ШЦТ/631

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

улсын яллагч Л.Т,

шүүгдэгч Ч.Э , түүний өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000044 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 2, эмээгийн хамтаар *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ч  Э  /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Э  нь *** тоот хашаанд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу *** нэртэй хүсний дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цаг 23 минут орчим цонхны төмөр хаалтыг татан авч, вакум цонхыг гараараа түлхэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Бигэр нэртэй дарс 2 ширхэг, Чоко нэртэй дарс 1 ширхэг, Сэнгүр нэртэй шар айраг 2 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 63,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч Ч.Э  шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 9 цагийн орчимд дэлгүүрээ манай эхнэр болох Ж.Ц нээгээд орой 20 цаг хүртэл суугаад би өөрөө хаатлаа буюу 23 цаг 40 минут хүртэл суусан. Дэлгүүрээ хаачихаад дотроо бараа янзалж байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 9 цаг 30 минутын орчимд дэлгүүрээ онгойлготол дэлгүүрийн урд талын хамгийн зүүн талынх нь цонхны хаалтыг аваад, вакум цонх түлхэж орсон байдалтай онгорхой байсан... манай дэлгүүрээс 2 шил Бигэр гэх нэртэй дарс, 1 ширхэг Чоко гэх нэртэй дарс, 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй шар айраг 2 ширхэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

2. Гэрч Ж.Цэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өчигөдөр 12 дугаар сарын 30-ны өглөө 9 цагийн орчимд дэлгүүрээ онгойлгож 20 цаг хүртэл өөрөө суусан юм. 20 цагаас хойш 23 цаг 50 минут хүртэл миний нөхөр болох Э.******* суугаад хаасан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 9 цаг 40 минутын орчимд дэлгүүрээ онгойлгоход дэлгүүрийн зүүн урд талын цонхны хаалтыг татан вакум цонх нь түлхэгдэн онгойсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дэх тал/,

3. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хуурай дүү болох Дэрмээтэй хамт И март худалдааны төвийн орчимд явж байхдаа хуучны танил понки гэх хочтой *******той тааралдсан тэгээд бид гурав хамт алхаж байгаад Хобби сургуулийн тэндээс ******* би явлаа гээд гэнэт замын хойд талаас танксинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

4. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дахь тал/

5. Дамно ХХК-ийн ХУ2-22-1 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дэх тал/,

6. Дамно ХХК-ийн ХУ2-22-70 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дэх тал/

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дахь тал/ зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цаг 23 минут орчим “Оюу” нэртэй хүсний дэлгүүрийн цонхыг эвдэж, Бигэр нэртэй дарс 2 ширхэг, Чоко нэртэй дарс 1 ширхэг, Сэнгүр нэртэй шар айраг 2 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 63,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн санаатай үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

Шүүгдэгч Ч.Э гийн “Оюу” дэлгүүрт хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр буюу цонхыг эвдэж, зөвшөөрөлгүйгээр бараа хулгайлсныг дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх ба энэ нь хэрэгт авагдсан хохирогч Э.*******, гэрч Ж.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн тухайд дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч хохирогчийн эд зүйлсийг авч буй шүүгдэгч Ч.Э гийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч Э.Д үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт 63,400 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******д 591,413 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч “...2022 онд байцаагчаар дамжуулан 200,000 төгрөгийг бэлнээр авсан ба 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулсан тул гомдол, саналгүй...” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

   Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

    Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Э  нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдал /...43 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эцэг болох нь *** Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э гийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.    

Түүнчлэн шүүгдэгч Ч.Э д хорих ял оногдуулсантай холбогдуулан Э.Б, Э.Х, Э.Б нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

            Шүүгдэгч Ч.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ч  Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Б  овогт Ч  Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э гийн эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э гийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.    

            5. Шүүгдэгч Ч.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээсүгэй.

            6. Э.Б, Э.Х, Э.Б нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Э д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдэж, Ч.Э г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БАТБОЛОР