Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 43

 

 

Г.Нямтулгад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Г.Нямтулга түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолтой Г.Нямтулгад холбогдох эрүүгийн 1936000000158 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Нямтулгын  давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,  Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгээд 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Бургууд овогт Гантулгын Нямтулга нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-5 тоотод байрлах иргэн О.Ичинхорлоогийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн Хитачи маркийн зурагт хулгайлж 170,000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Цэнд-Аюушийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу ХААН банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1,067,000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Бургууд овогт Гантулгын Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бургууд овогт Гантулгын Нямтулгыг 02 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Нямтулгад оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн  1936000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 79000 төгрөгийг шүүгдэгч Г.Нямтулгаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нямтулгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Нямтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гантулга овогтой Нямтулга миний бие Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдох хэргийг дахин хянаж өгнө үү?  

Т.Тлеубек бид хоёр Д.Цэнд-Аюушийн картнаас мөнгө авч хувааж авсан мөн Т.Тлеубек бид хоёр телевизийг хамт аваад гэрч Г.Баярсайханы дэлгүүрт Б.Дөл гэдэг залуугаар тавиулсан.

Бид нар энэ хэргийг хамт үйлдсэн.Тухайн үед намайг урьд нь ял шийтгэл эдэлж байсан учраас чи энэ хэргийг даагаад гарчих бид нар чамд боломжоороо тусалж, дэмжиж хоригдож байх хугацаанд ар гэрийг чинь эргэж тойрно гэж ярьсан гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Нямтулгын үйлдсэн хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.Нямтулга нь гэрч Т.Тлеубек, Б.Дөл нартай хамтран хэргүүдийг үйлдсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа боловч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Нямтулгын давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Г.Нямтулга нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-5 тоотод байрлах иргэн О.Ичинхорлоогийн гэрт буюу байнга хүн амьдрах орон байранд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн Хитачи маркийн зурагт хулгайлж, 170000 төгрөгний хохирол учруулсан мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Цэнд-Аюушийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу ХААН банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1067000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Г.Нямтулгын иргэн О.Ичинхорлоогийн гэрт буюу байнга хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Хитачи маркийн зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь хэрэгт авагдсан хохирогч О.Ичинхорлоо / хх-н 12х /, гэрч Н.Батжаргал / хх-н 17х /, Б.Дөл / хх-н 21-22х /, Т.Тлеубек / хх-н 34-35 /, Д.Булгаа / хх-н 27х /, Г.Баярсайхан / хх-н 28 х / нарын өгсөн мэдүүлгүүд ,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 6-9х /, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-н 10х /, Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт / хх-н 32х / зэрэг нотлох баримтуудаар,

            Г.Нямтулгын иргэн Д.Цэнд-Аюушийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу ХААН банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1067000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэргийг  үйлдсэн болох  нь хэрэгт авагдсан хохирогч Д.Цэнд-Аюуш / хх-н 52-54х /, гэрч Т.Тлеубек / хх-н 65-67 /  нарын мэдүүлгүүд, Г.Нямтулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх-н 62-64х / зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Г.Нямтулгын үйлдсэн гэмт хэргүүдийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Нямтулга нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ . . . Би хулгайн гэмт хэрэг мөн иргэн Д.Цэнд-Аюушийн өгсөн картыг ашиглан уг данснаас мөнгө авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ.

            Шүүгдэгч Г.Нямтулга нь “...шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянаж өгнө үү” гэх гомдол гаргасан ба   давж заалдах шатны шүүх хуралдаанд “уг хэргүүдийг гэрч Б.Дөл, Т.Тлеубек нартай хамтран үйлдсэн” гэж тайлбарлаж байна.

Шүүгдэгч Г.Нямтулгын давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбарын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад дээр дурьдсан гэмт хэргүүдийг шүүгдэгч Г.Нямтулга  нь гэрч Б.Дөл, Т.Тлеубек нартай хамтран үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нямтулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ /158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нямтулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Нямтулгын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

           

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                                         М.НЯМБАЯР

 

                                                                                                                        Б.ДАМБА