| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0946/З |
| Дугаар | 221/МА2026/0233 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0233
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Сангийн яам
Төрийн худалдан авах ажиллагааны газар
ЭҮТӨҮГ/202401011340 дугаартай “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “Н” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “ЭҮΤӨΥΓ/202401011340 дугаартай "Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, "Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай" А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" 02/9641 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0165 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Ж
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0946/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, ЭҮТӨҮГ/202401011340 дугаартай “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан “ЭҮΤӨΥΓ/202401011340 дугаартай "Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0165 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 26.9, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.6, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.2, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан "... ЭҮТӨҮГ/202401011340 дугаартай “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай" А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, "Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай" А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо:
... Гэтэл гуравдагч этгээд “Н” ХХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25/1122 дугаар "Э” ТӨҮГ-т хүргүүлсэн “Тодруулга гаргах тухай" албан бичигт ".. тендер шалгаруулалтад тендер хүчинтэй байх хугацаа дууссаны улмаас "Н” ХХК нь захиалагч буюу танай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд оролцогчийн зүгээс тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлгүй байна" /1xx-117х/ гэх мэдэгдэл, "Э" ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гиб2-134-12/4509 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" "Н" ХХК-д хүргүүлсэн албан бичиг /1xx-118х/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А-1/5600 дугаар "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" /1xx-119х/ албан бичиг зэргээр гуравдагч этгээд "Н" ХХК нь гэрээ байгуулахгүй болохоо мэдэгдэж, тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон, ахин хугацаа сунгах хүсэлт өгөх болон аливаа нэгэн байдлаар сэргээх боломжгүй болсон нь илэрхий байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “энэхүү шүүхийн маргаанаас үүдэлтэйгээр гэрээ байгуулаагүй” гэх тайлбарт үндэслэн тендерийн хугацааг сунгах мэдэгдэл хүргүүлээгүй, холбогдох баримт авагдаагүй байтал, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж, түүнийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн атал гуравдагч этгээдийг гэрээ байгуулах эрхээ сунгуулах эрхтэй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байгаа болно.
...Сангийн яамны албан бичиг нь аливаа нэг шийдвэрийг агуулаагүй, гэрээ байгуулах эрх олгоогүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, тендерийн шалгаруулалтыг үргэлжлүүлэх тухай байтал тухайн албан бичиг нь эцсийн "Гэрээ байгуулагдах эрх" олгогдож байгаа мэтээр, түүнтэй маргахгүй байна хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна...Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй этгээдийг шалгаруулсан нь хууль бус байсан, тендерийн шалгаруулалтын баримт бичиг, хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа нь хууль бус байна гэх шаардлагыг гаргаад байтал түүнд анхан шатны шүүхээс тухайлан дүгнэлт өгөөгүй атал Сангийн яамны албан бичгээр шаардлага хангаж байгаа нь тогтоогдож байна гэх дүгнэлт нь гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж буй нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг илтэд зөрчсөн дүгнэлт хийсэн байна.
...Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан байтал хуульд заасан ерөнхий шаардлагыг хангаагүй этгээдийг хамгийн сайн оролцогчоор шалгаруулсан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тэгш өрсөлдөх боломжоор хангагдах нь эрхийг хязгаарлаж байх бөгөөд тендерийн шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгож, хуульд заасны дагуу тендерийн шалгаруулалтыг дахин явуулах, шаардлага хангасан этгээдийг шалгаруулах нь нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх, ашиг сонирхол байгаа болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0165 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/251 дүгээр[1] тушаалаар байгуулагдсан “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар барих ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр хурлаар[2] тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг хүртэл тендерийг хүлээн авч, 10 цаг 10 минутад тендерийг нээхээр шийдвэрлэсний дагуу тендерийг нээхэд нэхэмжлэгч “Т” ХХК, гуравдагч этгээд “Н” ХХК болон өөр бусад 2 хуулийн этгээд оролцохоор тендер ирүүлжээ.
2.2. Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар[3] хурлаар оролцогчдын ирүүлсэн тендерийн мэдээллийг нэгтгэх, оролцогчдын санал болгосон тоног төхөөрөмжийн мэдээллийг хүснэгтээр бэлтгэх ажлыг хангаснаар дахин үргэлжлүүлэн хуралдахаар шийдвэрлэж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар[4] хурлаар “...тус тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу дахин тендер шалгаруулалтыг зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр” шийдвэрлэж, энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Т” ХХК-д А-1/4903 дугаар албан бичгээр[5], А-1/4905 дугаар[6] албан бичгээр гуравдагч этгээд “Н” ХХК-д тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.
Захиалагчаас нэхэмжлэгч “Т” ХХК-иас ирүүлсэн тендерийг “оролцогчийн ирүүлсэн төсөвт гадна холболтын ажлын зардлыг төсөвт нэмж тооцож ирүүлээгүй байгаа нь, ойн инженерээр санал болгосон Д.Г ХААИС-ыг 2003 онд агрономын мэргэжлээр, Улаанбаатар их сургуулийг 2025 онд цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн нь ойн инженерчлэл мэргэжилтэй байх шаардлагыг, оролцогчийн ирүүлсэн зургаас үзэхэд тэжээлийн ургамал хальслагч байгаа нь, боргоцой хатаах шүүгээ бус агуулахын зураг ирүүлсэн нь, оролцогч нэгээс дээш брэнд буюу үйлдвэрийн тоног төхөөрөмж санал болгосон нь нэг брэнд, нэг үйлдвэр байх зарчим баримтлах шаардлагад тус тус нийцэхгүй” гэх шалтгаанаар татгалзжээ.
2.3. Гуравдагч этгээд “Н” ХХК-иас тус мэдэгдлийг эс зөвшөөрч санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/8415 дугаар[7] албан бичгээр захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/4905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн.
2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар хурлаар[8] тендерийн үнэлгээг дахин хийж, үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзаж Төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу дахин тендер шалгаруулалтыг зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн ч уг зөвлөмжийг захиалагчаас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд захиалагчийн “Сангийн яамны бичгийн дагуу хянан үзэх, гомдол хянасан бичгийн дагуу шийдэх” гэх тэмдэглэлийн дагуу дахин хуралдаж, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлаар[9] “...үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр” шийдвэрлэсэн.
2.5. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А-1/5102 дугаар[10] албан бичгээр гуравдагч этгээд “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг, нэхэмжлэгч “Т” ХХК-д “...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж танай компанид 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/4903 дугаартай албан бичгээр татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж, тус тендер шалгаруулалтад хамгийн сайн тендерээр шалгарсан "Н" ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдэж байна.” гэх А-1/5103 дугаар[11] албан бичгийг тус тус хүргүүлжээ.
2.6. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас тус шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 02/9532 дугаар[12] албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх шийдвэрийг гаргаж, Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 02/9641 дугаартай[13] “...”Т” ХХК-аас гаргасан Худалдаа хөгжлийн банкны 432DBG/25/0937500 дугаартай тендерийн баталгааны 60,000,000.0 (жаран сая) төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын М№750090100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү.” гэх албан бичгийг хүргүүлсэн байна.
2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.
2.8. Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, захиалагчаас хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэрийг тус тус гаргадаг бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК-иас ирүүлсэн тендер нь захиалагчаас тавьсан тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй нь, мөн гуравдагч этгээд “Н” ХХК-иас ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 дугаар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/4903 дугаар албан бичгээр тус тус бүрэн тогтоогдож байна.
2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч захиргааны акт, гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хүчингүй болгуулахыг хүсэж байсан захиргааны акт, гэрээ тодорхой шалтгааны улмаас хүчингүй болсон эсхүл хэрэгжээд дууссан бөгөөд уг захиргааны актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай.
Гэтэл шүүхээс маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн аливаа зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээргүй байх төдийгүй нэхэмжлэгчид хууль бус байсан болохыг тогтоолгох “ашиг сонирхол” тогтоогдохгүй байна.
2.10. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгч “Т” ХХК-иас ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй үндэслэлээр татгалзсан, мөн “тендер шалгаруулалтад “Т" ХХК-аас татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах" шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан, гуравдагч этгээд “Н” ХХК-иас ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон байх тул Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, захиалагчаас “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон болон тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай мэдэгдэл зэрэг нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравдагч этгээдийг гэрээ байгуулах эрхээ сунгуулах эрхтэй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй... Сангийн яамны албан бичгээр шаардлага хангаж байгаа нь тогтоогдож байна гэх дүгнэлт нь гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж буй нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг илтэд зөрчсөн дүгнэлт хийсэн... нэхэмжлэгч хуулийн этгээдийн тэгш өрсөлдөх боломжоор хангагдах эрхийг хязгаарлаж...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-д “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7-д “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-д “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.” гэж тус тус зохицуулжээ.
2.12. "Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар барих ажил"-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч "Т" ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, гомдол бүхэлдээ үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 тоот албан бичгээр мэдэгдсэн байх тул 102,009,775,011.0 / нэг зуун хоёр тэрбум есөн сая долоон зуун далан таван мянга арван нэг/ төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн буюу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг улсын орлого болгох тухай мэдэгдсэн албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.13. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А-1/5527 дугаар албан бичгээр маргаан бүхий тендер шалгаруулалтаас өмнөх буюу 2024-2025 оны хооронд зарласан тендер шалгаруулалттай холбоотой 298 хуудас баримт, 2 CD-г анхан шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...тус баримттай танилцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн...” гэх гомдлыг гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэргийн материал танилцуулсан тухай” баримтад[14] нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан, мөн тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Ө.З нар оролцсон, мөн маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр хурлаар зарласан тендер шалгаруулалтаас өмнөх тендер шалгаруулалтын материал буюу хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримт байх тул нэхэмжлэгч талыг тус материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй байна.
2.14. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэрийг “Т” ХХК гэж алдаатай бичсэн байх тул үүнийг зөвтгөж, мөн хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0165 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 26.9, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10-т заасныг баримтлан “Т” ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “... ЭҮТӨҮГ/202401011340 дугаартай “Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар, барих ажил" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/5102 дугаар мэдэгдэл, “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “... ”Ти” ХХК гэснийг “Т” ХХК гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 95-97 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 99-100 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 140-149 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 154-168 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 193-194 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 187-190 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 201-203 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 205-208 хуудас
[9] 1 хавтаст хэргийн 224-226 хуудас
[10] 1 хавтаст хэргийн 235 дахь тал
[11] 1 хавтаст хэргийн 236 дахь тал
[12] 1 хавтаст хэргийн 242-247 хуудас
[13] 1 хавтаст хэргийн 251 дэх тал
[14] 2 хавтаст хэргийн 30 дахь тал