Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 58

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч М.Баатарсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цагаан Соёо овогт Мартаашийн Баатарсүхэд холбогдох эрүүгийн 201626031641 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, Барилгын зургийн институтын 25-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цагаан Соёо овогт Мартаашийн Баатарсүх /РД:ХБ84122813/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч М.Баатарсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өү Жи Фамили” ХХК-д борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүн, орлогын мөнгөнөөс 2.577.912 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Баатарсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өү Жи Фамили” ХХК-д борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүн, орлогын мөнгөнөөс 2.577.912 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн болох нь:

1. Шүүгдэгч М.Баатарсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай “Өү Жи Фамили” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гутал” ХК-ийн оффисийн 411 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг ба хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон зарж борлуулдаг юм. Мартаашийн Баатарсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанид Нарантуул худалдааны төвийг хариуцсан борлуулагч-жолоочоор ажиллаж байсан юм. Тэрээр компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан. Борлуулагч-жолооч нь агуулахын няраваас тухайн өдөр зарж борлуулах барааг захиалгын падааны дагуу хүлээн аваад өөрийн хариуцсан бүсийн харилцагч нарт бэлэн болон бэлэн бусаар түгээдэг. Зээлийн гэрээтэй харилцагч нарт л барааг бэлэн бус буюу зээлээр олгодог ба тухайн тооцоог тухайн бүсийг хариуцсан менежер хийдэг. Харин борлуулагч-жолооч нь блэн мөнгөөр зарсан барааны тооцоог тухайн өдөрт нь компанийн харилцах дансанд тушаадаг. Мөн тухайн өдрийн борлуулалтын тайланг гаргаж ерөнхий нягтлан бодогч надад өгдөг юм...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр борлуулагч-жолооч Баатарсүхэд гэнэтийн тооллого хийхэд нэг ширхэг нь 500 төгрөгийн үнэ бүхий Mega sour gum нэртэй тасалдаг бохь 600 ширхэг, нийт 300.000 төгрөг, нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэ бүхий Kidsmania emoji face light нэртэй гэрэлтэй, нүдэн чихэр 132 ширхэг, нийт 316.800 төгрөг, нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэ бүхий Kidsmani Cyclops blast 132 ширхэг, нийт 316.800 төгрөг, нэг ширхэг нь 550 төгрөгийн үнэ бүхий Sun blast нэртэй жүүс 10 ширхэг, нийт 5500 төгрөг буюу 4 нэр төрлийн 939.100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан. Тухайн үед Баатарсүх нь гаргасан өр дутагдалаа компанидаа ажиллаж байгаад цалингаа төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргасаныг компанийн удирдлагууд авч хэлэлцээд түүнийг тухайн албан тушаалд нь хэвэр үлдээсэн. Ингээд дахин 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин  тооллого хийхэд нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэ бүхий Kidsmani Cyclops blast 12 ширхэг, нийт 28.800 төгрөгийн барааг дутаасан байсан. Мөн Завхан аймгийн Орхон суманд оршин суудаг Даваахүү гэгчид нэг ширхэг нь 1615 төгрөгийн үнэ бүхий Candy toy нэртэй чихэр 72 ширхэг, нийт 116.280 төгрөг, нэг ширхэг нь 2518 төгрөгийн үнэ бүхий Kidsmania нэртэй нүдэн чихэр 36 ширхэг, нийт 90.648 төгрөг, нэг ширхэг нь 2233 төгрөгийн үнэ бүхий Kidsmani нэртэй гал унтраагч чихэр 48 ширхэг, нийт 107.184 төгрөг, нэг ширхэг нь 2000 төгрөгийн үнэ бүхий Looney tunes нэртэй модтой хөөсөн чихэр 144 ширхэг, нийт 288.000 төгрөг, нэг ширхэг нь 550 төгрөгийн үнэ бүхий Sun blast  нэртэй жүүс 80 ширхэг, нийт 44.000 төгрөг буюу 4 нэр төрлийн 939.100 төгрөг, нэг ширхэг нь 12.825 төгрөгийн үнэ бүхий Star cup нэртэй шоколадтай жигнэмэг 12 ширхэг, нийт 153.900 төгрөг буюу 6 нэр төрлийн 866.012 төгрөгийн барааг дур мэдэн зээлээр өгсөн тайлан гаргаж өгсөн байсан. Ингээд Даваахүү гэгчийн 99142413 дугаарын утсыг Баатарсүхээс аваад ярьтал Даваахүү гэгч нь 99188544 дугаарын утастай байсан. Даваахүүтэй яриад манай компаниас бараа зээлээр авсан эсэх талаар асуутал тэрээр “би Баатарсүхээс бараа зээлээр авсан асуудал байхгүй, би наад хүнтэй чинь уулзалгүй 2 жил орчим болж байна, бид хоёр Глобал бридж нэртэй компанид хамт ажиллаж байсан” гэж хэлсэн. Ингээд Баатарсүх нь Даваахүү гэдэг  хүнд бараа зээлээр өгсөн нь худлаа болсон. Мөн Баатарсүх нь манай компанийн зээлийн гэрээтэй харилцагч нар болох Нарантуул 388 нэртэй харилцагчаас 100.000 төгрөг, Нарантуул 10 нэртэй харилцагчаас 400.000 төгрөгийг тус тус 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, ММ нэртэй харилцагчаас 84.000 төгрөг, 151 нэртэй харилцагчаас 160.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр очиж бэлнээр  авсан байсан. Энэ нь нийт 744.000 төгрөг болж байгаа юм. Баатарсүх нь манай компанид нэг сар орчим ажиллах хугацаандаа нийт 2.577.912 төгрөгийн хохирол учруулаад байна. Тийм болохоор түүгээр компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Мөн Баатарсүхийн манай компанид ажиллаж хугацааны санхүүгийн баримтанд аудитын байгууллагын дүгнэлт гаргуулсан, үүний ажлын хөлс болох 150.000 төгрөгийг түүнээс авах болно. Баатарсүх нь одоо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Барилгын зургийн институтын 25 дугаар байрны 2 тоотод эцэг, эхийн хамт оршин суудаг. Түүний гар утасны дугаар нь 99007421, 99913850...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18/

                 3. Гэрч С.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би 2010-2011 онд Сүхбаатар дүүрэгт байрлах “Глобал Бридж” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан юм. Энэ үед Мартаашийн Баатарсүхтэй танилцсан ба тэрээр тус компанид борлуулагчаар ажиллаж байсан. Би 2011 оны сүүлээр ажлаасаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Баатарсүхтэй хааяа нэг л утсаар ярьдаг. Түүнээс би түүнтэй найз нөхдийн харилцаа холбоогүй. Мөн Баатарсүхтэй хамгийн сүүлд хэзээ уулзсанаа ч санахгүй байна...Би 99142413 дугаарыг 2014-2015 онд ашиглаж байгаад, 2015 оноос 99188544 дугаарыг ашиглаж байгаа. Баатарсүхийг хаана ямар ажил эрхэлж байсныг би огт мэдэхгүй. Мөн түүнээс хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан зүйл огт байхгүй. Ямар учраас Баатарсүх нь компанидаа дээрх тайлбарыг гаргаж өгсөнийг мэдэхгүй байна. Миний аав, ээж Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац сумын хүмүүс байдаг ба тэд 1960-аад оны үед нутгаасаа гарч Улаанбаатар хотод суурьшсан...Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

                 4. Гэрч Ч.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би Нарантуул худалдааны төвийн 10 дугаар павилонд хүнсний бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Өү Жи Фамили” ХХК-ийн борлуулагч залуугаас Kidsmania emoji face light чихэр, Kidsmania нүдэн шүршдэг чихэр, Looney tunes хөөсөн чихэр, Star cup халбагатай шоколад /том, жижиг/ гээд нийт 1.464.120 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийн барааг худалдаж авсан. Ингээд тухайн өдрөө 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг “Өү Жи Фамили” ХХК-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дээрх компанийн борлуулагч залуу ирээд үлдэгдэл 664.100 төгрөгөөс 400.000 төгрөгийг бэлнээр аваад, миний хувийн дэвтэр дээр мөнгө хүлээн авсан талаар гарын үсэг зураад явсан. Үүнээс хойш тэр залуу дахин ирээгүй ба үлдэгдэл 264.100 төгрөгийг “Өү Жи Фамили” ХХК-ийн менежер Ганболд 2016 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ирж бэлнээр аваад явсан. Одоо манай “Өү Жи Фамили” ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

                 5. Гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 151 дүгээр павилонд худалдаа эрхэлдэг юм. Манайх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Өү Жи Фамили” ХХК-ийн борлуулагч залуугаас 240.000 төгрөгийн барааг худалдан авсан. Тухайн үед барааг бэлэн мөнгөөр худалдан авсан ба барааны үнэ болох 240.000 төгрөгийг борлуулагчид бэлнээр өгсөн. Энэ тухайгаа өөрийн хувийн дэвтэрт тэмдэглэсэн. Тухайн өдрийн бараа худалдан авсан баримт одоо надад байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх компанийн борлуулагчаас 60.000 төгрөгийн бараа худалдан авсан эсэхийг санахгүй байна. Ийм бага үнийн дүнтэй бараа худалдан авсан бол тооцоог тэр дор нь бэлнээр өгсөн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

                 6. Гэрч О.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би “Өү Жи Фамили” ХХК-д 2011 оноос эхлэн гаалийн бүрдүүлэлтийн менежерээр ажиллаж байгаа ба...2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Нарантуул захыг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Борлуулагч Баатарсүхтэй хамт Нарантуул худалдааны төвөөр явж харилцагч нараас барааны захиалга авч, бараагаа зарж борлуулдаг. Харилцагч нар худалдан авсан барааны тооцоогоо тэр дор нь өгнө гэж байхгүй, 2-3 хоногийн хугацаатай зээлээр авах юм уу, эсвэл барааны тооцоогоо 2-3 тасалж хийдэг. Баатарсүхийн зээлээр харилагч нарт бараа зээлээр өгөхдөө надаас зөвшөөрөл авдаг ба Нарантуул захын 10, 151, 388 харилцагч нарт миний зөвшөөрлөөр бараа зээлээр өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 07-09-ний үеэр манай компанийн импортын  бараа ирээд, би гааль руу бараагаа авах гэж явахдаа Баатарсүхэд “зээлээр өгсөн барааны  тооцоогоо аваарай” гэж хэлээд л явсан. Түүний дараа Баатарсүхээс харилцагч нартай тооцоо нийлж, зээлээр өгсөн барааны үнээ авсан эсэхийг асуусан. Тэрээр харилцагч нараас зээлээр авсан барааны тооцоогоо аваагүй байгаа гээд л явж байснаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа ирэхгүй алга болсон. Тэгэхээр нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул захын 10, 151 гэсэн харилцагч нар дээр очиж зээлээр өгсөн барааны тооцоогоо авах гэтэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баатарсүх нь 400.000 төгрөгийн Нарантуул 10 харилцагчаас авч, тухайн харилцагчийн дэвтэр дээр гарын үсэг зурсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нарантуул 151 харилцагчаас 160.000 төгрөгийг аваад явсан байсан. Гэхдээ тухайн харилцагчийн дэвтэр дээр Баатарсүх гарын үсэг зураагүй байна. Харин Нарантуул 388 гэсэн харилцагч дээр очоогүй. Мөн Нарантуул худалдааны төв дээр “ММ” нэртэй харилцагч байдаг эсэхийг би мэдэхгүй байна...Баатарсүх нь надтай хамт ажиллаж байх хугацаандаа дуугүй, төлөв томоотой хүн байна гэж бодсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

                 7. Гэрч Л.Сосорбурамын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 388 дугаар павилонд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зарж борлуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Өү Жи Фамили” ХХК-ийн борлуулагч залуугаас 202.719 төгрөгийн үнэ бүхий чихэр, шоколад зэрэг зүйлсийг бэлэн мөнгөөр худалдан авсан. Ингээд барааны үнэ болох 202.719 /хоёр зуун хоёр мянга долоон зуун арван ес/ төгрөгийг “Өү Жи Фамили” ХХК-ийн борлуулагч залууд бэлнээр өгөөд өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

                 8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №250 тоот дүгнэлт:  

                        -“Шилэн баланс аудит” ХХК-ийн 2016.11.17-ны өдрийн гаргасан 2/2016 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтээр “Өү Жи Фамили” ХХК-ийн борлуулагч-жолооч М.Баатарсүх нь 2.577.912 төгрөгийн дутагдал гаргасан гэж тооцоолсон байна

                        -М.Баатарсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс ажилд орж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдсан байна. Энэ хугацаанд 2.577.912 төгрөгийн дутагдал гаргасан байна. Дутагдал нь бараа материалын борлуулалтын тайлан, борлуулагчийн борлуулалтын падаанууд, ачилтын хуудаснууд, илүүдэл дутагдлын тайлангууд, зарлагын баримтуудаар нотлогдож байна /хх-ийн 33-39/

                 9. Сэжигтэн М.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өү Жи Фамили” ХХК-д борлуулагч-жолоочоор ажилласан. Би компанитайгаа хөдөлмөрийн гэрээ, батлан даагчийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Би тус компанид ажиллах хугацаандаа Нарантуул худалдааны төв дэх харилцагч нарт хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг байсан. Бусад бүсэд худалдааны төлөөлөгч нь харилцагч нараасаа захиалга аваад, түгээгч-жолооч нь бараа бүтээгдэхүүнээ түгээгээд, бэлэн орлогоо авч компанид тушаадаг. Харин зээлийн гэрээтэй харилцагч нартай худалдааны төлөөлөгч тооцоо нийлж, орлогоо авдаг юм. Нарантуул худалдааны төвийг хариуцсан худалдааны төлөөлөгч гэж байдаггүй. Борлуулагч нар нь өөрийн зарж борлуулах бараагаа агуулахын няраваас падааны дагуу хүлээн аваад харилцагч нарт бэлэн болон бэлэн бусаар борлуулдаг. Тухайн өдрийн борлуулаагүй барааг агуулахад буцаан тушаадаггүй. Ингээд тухайн өдрийн орлогоо Голомт банк дахь 1410000638 тоот дансанд тушаах эсвэл кассын няравт тушаагаад тухайн өдрийн орлогын тайлангаа бичиж ерөнхий нягтлан бодогч Оюунгэрэлд өгдөг. Компанийн зүгээс сард 2-3 удаа борлуулагч нарт тооллого хийж, тооцоо нийлдэг. Миний хариуцан ажиллаж байсан Нарантуул худалдааны төвд зээлээр бараа худалдан авах гэрээтэй харилцагч байдаггүй ба би борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхийн тулд зарим харилцагч нарт бараагаа зээлээр зарж борлуулдаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр компанийн ерөнхий нягтлан бодогч Оюунгэрэл гэнэтийн тооллого хийхэд над дээр 939.100 төгрөгийн бараа дутсан. Энэ барааг хэрхсэнээ би огт санахгүй байгаа юм. Би их олон нэр төрлийн бараа авч явдаг болохоор Нарантуул худалдааны төв дээр бараа түгээлт хийж байгаад машинаасаа алдсан байх гэж бодож байна. Нарантуул 388, Нарантуул 10, Нарантуул 151, ММ нэртэй харилцагч нарт 116.280 төгрөгийн үнэ бүхий Candy toy нэртэй чихэр 72 ширхэг, 90.648 төгрөгийн үнэ бүхий Kidsmania нэртэй нүдэн чихэр 36 ширхэг, 107.184 төгрөгийн үнэ бүхий Kidsmania нэртэй гал унтраагч чихэр 48 ширхэг, 288.000 төгрөгийн үнэ бүхий Looney tunes нэртэй модтой хөөсөн чихэр 144 ширхэг, 44.000 төгрөгийн үнэ бүхий Sun blast нэртэй жүүс 80 ширхэг, 153.900 төгрөгийн үнэ бүхий Star cup нэртэй шоколадтай жигнэмэг 12 ширхэг, 6 нэр төрлийн 744.000 төгрөгийн барааг зээлээр зарж борлуулсан. Ингээд Нарантуул 388 нэртэй харилцагчаас 100.000 төгрөг, Нарантуул 10 нэртэй харилцагчаас 400.000 төгрөг тус тус 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, ММ нэртэй харилцагчаас 84.000 төгрөг, 151 нэртэй харилцагчаас 160.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр очиж бэлнээр авсан байсан. Уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад л дууссан. Мөн 28.800 төгрөгийн үнэ бүхий Kidsmania Cyclops blast 12 ширхэг буюу нэг хайрцаг чихэр, 110.000 төгрөгийн үнэ бүхий Sun blast нэртэй 200 ширхэг буюу 5 хайрцаг жүүс зэрэг барааг машинаасаа алдсан. Энэ 2 төрлийн барааг яг хэзээ машинаасаа алдсанаа мэдэхгүй байна. Энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Ингээд нийт 1.821.900 төгрөгийн дутагдал гаргасан ба үүнээс 2016 оны 9 дүгээр сарын цалингаас 400.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Мөн 2016 оны 10 дугаар сард 13 орчим хоног ажилласан ба энэ хугацааны цалинг компаниас аваагүй. Ойролцоогоор 200.000 орчим төгрөгийн цалин бодогдох байх. Тийм болохоор үлдэгдэл 1.421.900 төгрөгөөс 10 дугаар сарын цалин 200.000 төгрөгийг хасахаар нийт 1.221.900 төгрөгийн өр төлбөр үлдэж байгаа. Энэ өр төлбөрөө 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Баатарсүх нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 90/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №250 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Баатарсүхийг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч М.Баатарсүх нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрт сайн дураар 2.727.912 /хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг нөхөн төлж, хохирогч Д.Оюунгэрэл нь шүүгдэгч М.Баатарсүхтэй сайн дураар эвлэрсэн /хх-ийн 109, 113/ байх тул М.Баатарсүхэд холбогдуулан прокуророос яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт “...Хохирогч яллагдагчтай харилцан эвлэрснээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байвал шүүхийн зардлыг тэдний аль нэгээс буюу хоёр талаас шүүх гаргуулах эрхтэй...” гэж зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал буюу байцаан шийтгэх ажиллагааны зардал болох 400.000 төгрөгийг шүүгдэгч М.Баатарсүхээс гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цагаан Соёо овогт Мартаашийн Баатарсүхийг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Цагаан Соёо овогт Мартаашийн Баатарсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. М.Баатарсүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан гэх 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Баатарсүхээс гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.

5. М.Баатарсүхэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Баатарсүхэд таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                            

    

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР