Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0012

 

Г.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяагийн

                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                                                                       

Хэргийн индекс 132/2018/000148/И

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийдвэртэй,

 Г.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяагийн нэхэмжлэлтэй, Г.Г т учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирол 71460000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Булган аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа

Прокурор Ц.Гэрэлбаатар  

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Төлөөлөн нэхэмжлэгч Э.Алтан-Уяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлж буй А овогт Г.Г ийг Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр М.З, Г.Г  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Г т эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулсан. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолтой М.З , Г.Г  нарт холбогдох 201606000323 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.З гийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 сарын 23-ны өдөр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас А овогт Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан 15 дугаар магадлал гаргасан. Г.Г  нь гэмт хэрэг үйлдээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт шалгагдаад эцэст нь 2 шатны шүүхээр орж цагаатгагдсан. Г.Г  нь хууль хяналтын байгууллагад олон сарын хугацаагаар шалгагдах явцдаа ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байдалд хүрч амьжиргааны орлогоо алдаж байсан. Мөн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг удаа дараалан авагдаж бүр олон хоногоор хүртэл цагдан хоригдож бие махбодь болон сэтгэл санааны хувьд их хохирол амссан. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд Г.Г ийн нэр төр алдагдан хулгайч нэр зүүснээс үүдэн түүний эхнэр нь би хулгайч хүнтэй цаашид хамт амьдрахгүй, чи хулгайч юм байна гэж хэлэн нөхрөөсөө салж явсан. Энэ нь түүнийг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан. Мөрдөн байцаалтын шатанд Г.Г  нь 201606000323 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар татагдсан, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдан уг өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон болно. Тиймээс Г.Г  нь мөрдөгч, прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас их хохирол амсан гэмт хэрэгтэн хэмээн гүтгэгдэн олон сар шалгагдан хэлмэгдсэн тул дараах гэм хорын нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Г.Г  нь уг хэрэгт 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өдрөөс эхлэн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Г.Г т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан магадлал гарах өдөр хүртэл нийт 284 хоног уг хэрэгт шалгагдсан байна. Үүнээс нийт 42 хоногт нь цагдан хоригдсон. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өдрөөс эхлэн хэрэгт шалгагдсан 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөр тооцож нийт 284 хоногийн 68160000 төгрөг,

Г.Г ийг хэрэгт шалгагдаж байх хугацаанд түүний эхнэр нь хулгайч хүнтэй хамт амьдрахгүй гэж түүнээс салснаас үүдэн сэтгэл санааны хямралд орсон, мөн үндэслэлгүйгээр цагдан хоригдсон тул сэтгэл санааны хохиролд 3000000 төгрөг,

Г.Г  нь хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өөрийн хууль ёсны хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар Д.Дарьбазар өмгөөлөгчийг хөлслөн авч өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 300000 төгрөг, нийт 71460000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Г т  учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохиролд 71460000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт холбогдуулан шалгасан. Ингэж шалгах болсон үндэслэл нь М.З , Г.Г  нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж Булган аймгийн Бугат сумын нутгаас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Л.Санжаагийн 19 тооны хонийг, иргэн М.Батбаярын 20 тооны хонийг тус тус хулгайлсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. М.З , Г.Г  нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч М.З гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор М.З , Г.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Г т 3 сар 10 хоногийн хугацаагар баривчлах ял оногдуулсан. Үүнийг хүнийг үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан болон хууль бусаар цагдан хорьсон гэж үзэхээргүй байна. Мөн Г.Г ийн эхнэр нь “хулгайч хүнтэй хамт амьдрахгүй” гэж түүнээс салснаас үүдэн сэтгэл санааны хямралд орсон гэж сэтгэл санааны хохиролд 3000000 төгрөг нэхэмжилсэн нь түүнийг сэтгэл санааны хямралд орсныг нотолсон нотлох баримт байхгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгөх нотлох баримт байхгүй байх тул үндэслэлгүйгээр хохирол нэхэмжилсэн гэж үзнэ.

Г.Г нь хэрэгт шалгагдаж байхдаа эрхээ хамгаалуулахаар Д.Дарьбазар өмгөөлөгчид төлсөн 300000 төгрөгийн төлбөрөө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 201606000323 дугаартай хэрэгт холбогдон шалгагдах хугацаандаа өмгөөлүүлэх эрхээ эдлэх эрх нь өөрт нь байдаг ба энэ тохиолдолд өмгөөллийн хөлсийг төрөөс нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ямар хуулийн зүйл заалтанд заасны дагуу ямар нотлох баримтуудад үндэслэн 71460000 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 10380000 /арван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г т олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 61080000 /жаран нэгэн сая наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 515250 /таван зуун арван мянга хоёр зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Булган аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар давж заалдах гомдолдоо:

... Г.Г  "шүүхээс холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул цагдан хоригдсон 42 хоногийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн" нь үндэслэлгүй байна.  

Үүнд: Тус  шүүх хуралдаанд оролцсон  Булган  аймгийн  прокурорын  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төрийг төлөөлөн оролцсон прокурор гэж ташаа бичсэн нь хэрэгт хаанаас, ямар байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон болохыг зөв тодорхойлоогүй байна.

Иргэн Л.Санжаа,  М.Батбаяр нараас ирүүлсэн  гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэрэгт Г.Г ыг холбогдуулан шалгах үндэслэл байсан.

Гомдлын дагуу шалгахад Г.Г , М.З  нар нь бүлэглэн үйлдсэн болохыг яллагдагч М.З гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байна.

Мөн Г.Г , М.З  нарыг хамт явж байсныг гэрч Д.Сүхбаатар "...Дараа нь 3-4 хоногийн дараа дахиж утсаар яриад би 20 хонь аччихсан явна та авах уу гэхээр нь би зөвшөөрөөд маргааш өглөө нь утсаар яриад хорооллын эцэст байдаг дүүгийнхээ хашааг зааж өгөөд би тэнд Заагаатай уулзахад нөгөө цагаан Пронтертой Г.Г ийн хамт 20 хонь авч ирснийг 1200000 төгрөгөөр тооцож худалдан авсан" гэж мэдүүлсэн байна.

Гэм буруутай эсэхийг шүүх тогтоох зарчмын М.З , Г.Г  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс М.З , Г.Г  нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул гэм буруутайд тооцож 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийтгэх тогтоолоор Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оноон шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Г.Г т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба магадлалдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн талаар дурдаагүй байдаг.

Г.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүхэд Г.Г нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлөгддөг байсан, гар дээр хэдэн төгрөг авдаг байсан, сэтгэл санааны хохиролын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд Г.Г ын биеийн байцаалтанд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар цалин орлого олдог байсан болох, нийгмийн даатгал төлөгдсөн эсэх, гар дээр хэдэн төгрөг авдаг байсан нь тодорхойгүй, хэзээ, ямар тушаал, шийдвэрээр орсон, уг газарт ажилладаг эсэх, ямар хугацаанд ажилгүй байсан талаархи баримт тодорхойгүй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10380000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба ямар баримт дээр үндэслэн 10380000 төгрөг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч 42 хоног буюу 1 сар 12 хоногийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнд 10080000 төгрөг гаргаснаас дүгнэхэд сард дунджаар 5.040.000 /таван сая дөчин мянга/ төгрөгийн цалин орлого олдог байдлаар ойлгогдож байгаа нь Монгол улсын хүн амын сарын дундаж цалингаас эрс зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 116.3 дах хэсэгт заасан "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрт "...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т "...цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан   хоригдсон   нэг  хоногийг  тухайн   үед   мөрдөгдөж  байсан   хөдөлмөрийн хөлсний  доод  хэмжээтэй  тэнцүүлж,  торгох  ялаас  хасч  тооцно"  гэж заасныг дүйцүүлэн нэхэмжлэгч Г.Г ийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөр тооцож 10080000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 300000 төгрөг, нийт 10380000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар   зүйлийн   8.3.7-д   зааснаар   гаргуулах   үндэслэлтэй   байна"   гэсэн   нь үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлд Сэтгэл санааны хохирлын үр дагаварыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхөөр заасан байна. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан "...Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно" гэх хорих ялыг торгох ял руу шилжүүлэхэд тооцох тэнцүүлж өгсөн заалтыг гэм хорын хохирлыг тогтооход дүйцүүлэн тооцож хэрэглэсэн нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1 дэх заалтад заасан "...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэхээр байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэм хорын хохиролыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар дүйцүүлэн тооцож шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт, заалт байхгүй байхад дүйцүүлэн тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-ийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийдвэр үндэслэлгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг удирдлага болгон Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Төлөөлөн нэхэмжлэгч Э.Алтан-Уяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас Г.Г т учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохиролд 71.460.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “... хүнийг үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, хууль бусаар хорьж гэм хор учруулсан, эхнэр нь салснаас  үүдэн сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.                                                                          

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Т.Загдсүрэн, Г.Г  нар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож Г.Г ийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдсан гомдлоор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасныг баримтлан Г.Г т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.   

Иргэн Г.Г т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Г.Г т учирсан гэх гэм хорын хохиролыг гаргахдаа эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлснээс цагаатгах тухай магадлал гарах хүртэл хугацааны буюу 242 хоногийн хохиролыг хэрхэн тооцож гаргуулах талаар хуульд зохицуулаагүй гэж дүгнэн цагдан хоригдсон 42 хоногийг тухайн үеийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  /240.000 төгрөгөөр/ тооцон 10.080.000 төгрөг төрөөс гаргуулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Г.Г  нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж баривчлах ялаар шийтгүүлсэн нь байцаан шийтгэх ажиллагааны дагуу явагдсан хэдий Давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгасан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхийн дагуу учирсан хохирлыг хуулийн байгууллагуудын буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх Г.Г ын цагдан хоригдсон 42 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцохдоо 1 сард олгогдох 240.000 төгрөгөөр тооцож гаргасан нь буруу бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг 8000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хоногт хувааж нөхөн төлбөрийг гаргуулах, мөн эрүүгийн хэрэгт шалгагдсан 242 хоног буюу 8 сар 2 хоногийн нөхөн төлбөрийг  нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр  тооцож 1.936.000 төгрөг /8с2хоног х 240.000төгрөг=1.936.000/, цагдан хоригдсон 42 хоногт  336.000 төгрөг /240.000:30х42=336.000/, өмгөөллийн хөлс-300.000 төгрөг нийт 2.572.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, үлдэх 68.888.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Төрийг төлөөлж оролцсон хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын “10.380.000 /арван сая гурван зуун наян мянга”/ гэснийг “2.575.000 /хоёр сая таван зуун далан таван мянга”/ гэж, “61.080.000 /жаран нэгэн сая наян мянга”/ гэснийг  “68.888.000 / жаран найман сая найман зуун наян найман мянга”/ гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                                Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                                                                                    

                                                                                              М.ХҮРЭЛБААТАР