| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00499/и |
| Дугаар | 503 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух хаягтай, Б овогт Э.У /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1967 онд төрсөн, ..хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэр, бичилт засвартай тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хэрэг авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1989 оны 7 сарын 1-ээс 1992 оны 8 сарын 4-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд нягтлан бодогч, эдийн засагчаар, 1992 оны 8 сарын 5-наас 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай БХХоршоонд нягтлан бодогчоор, 1993 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сум дахь Монгол даатгалын орон тооны зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Унь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 08/604 дугаартай Говь-Угтаал сумын “Говийн өрнөлт нэгдэл”, “Ажирхай БХХоршоо”-ын талаархи, 2020 оны 06 сарын 30 өдрийн 08/715 дугаартай “Дундговь аймгийн Даатгал”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7, 57-р хуудас/
-Монгол даатгал компанийн Дундговь дахь даатгалын салбарын захирлын 1993 оны 2 сарын 8-ны өдрийн 07 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/
- Монгол даатгал компанийн Дундговь дахь даатгалын салбарын захирлын 1994 оны 1 сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Цалинд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/
-333267 дугаартай, ХААДС-с 1989 оны 06 сарын 30 өдөр Эрдэнэбилэгийн Уранбилэгт олгосон, 1989 оны 07 сарын 01 өдрөөс 1995 оны 03 сарын 29 өдрийг хүртэл Говийн өрнөлт нэгдэл, Ажирхай хоршооны нягтлан бодогч, эдийн засагч, Говьугтаал сумын Даатгалын зөвлөлийн даргаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-14-р хуудас/
-Э.У цалингийн түүвэр тодорхойлолт, 1989-1992 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийг 15, 17-44-р хуудас/
-Гэрч Н.Эрхэмбаярын “...Э.Унь 1989 оны 7 сарын 1-нээс 1992 оны 6 сарын 1-нийг хүртэл Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1992 оны 6 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 1-нийг хүртэл Ажирхайн хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1993 оны 2 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Монгол даатгалын даатгалын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би Говь-Угтаал суманд санхүү тасгийн нягтлан бодогчоор 1978-1995 оны 8 сарын 22-ныг хүртэл ажилласан. Э.Уранбилэгийг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 56-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Э.У /РД/-ийг 1989 оны 7 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Говийн өрнөлт” нэгдэл, “Ажирхай” БХХ хоршоонд нягтлан бодогч, эдийн засагчаар, 1993 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Даатгал /Монгол даатгал компани/-ийн Говь-Угтаал сум дахь даатгалын орон тооны зөвлөлийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б