Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух, А овогт Д.Б /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1960 онд төрсөн. 1976 оны 1 сарын 1-нээс 1978 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар, 1982 оны 11 сарын 2-ноос 1991 оны 11 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Модны үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болохыг мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс олгосон Рэнцэндоржийн Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Сайнцагаан сумын мандах нэгдлээс олгосон Хурцын Бгэх хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Д.Б мөн болохыг тогтоож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал, мөн овгийн зөрүүтэй, буруу бичигдсэн гэх хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Рийн Б гэх мөн Хын Б гэх хөдөлмөрийн дэвтэрт овог нэрийн зөрүүтэй, нэр буруу бичигдсэн, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар  шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. .

А овогт Д.Б/РД:/ нь Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс олгосон мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Батсуурь, Б.Энхжаргал нарын мэдүүлэг болон түүний хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 А овогт Дын Бийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 08/494 дугаартай Сайнцагаан сумын “Мандах нэгдэл”, “Мандах ББХК”-ын талаархи, 2020 оны 07 сарын 09 өдрийн 08/767 дугаартай Дундговь аймгийн “Мод боловсруулан үйлдвэр” , “Өргөө”  үйлдвэрийн талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6, 57-р хуудас/

-Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 11 сарын 1-ний өдрийн 14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 9-р хуудас/

-1990 оны 11 сарын 15 өдрийн Мод боловсруулах үйлдвэрийн суурь машинч Р овогтой Бийн ажил байдлын тодорхойлолт /хэргийн 10-11-р хуудас/

-048967 дугаартай, Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс 1984 оны 01 сарын 14 өдөр олгосон, эзэмшигчийн овог нэр Р Б гэх овог нэрийн бичиглэлтэй, 1982 оны 11 сарын 02 өдрөөс 1991 оны 11 сарын 01 өдөр хүртэл Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэр, Өргөө үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13-р хуудас/

-0365 дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын мандах нэгдлээс 1976 оны 04 сарын 03 өдөр олгосон, эзэмшигчийн овог нэр Х Б гэх бичиглэлтэй, 1976 оны 01 сараас 1978 оны 02 сарын дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-19-р хуудас/

-642016 дугаартай Рийн Бийн 1986-1990 онуудад гишүүний татвар төлсөн бичиглэл бүхий МҮЭ-н гишүүний бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 20-21-р хуудас/

-Гэрч Д.Бийн “...Би 1987 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мод боловсруулах үйлдвэрт ажиллахад Д.Б нь надтай хамт ажиллаж байсан. Д.Б нь намайг ажилд ороход ажиллаж байсан. 1984 онд ажилд орсон гэж байсан байх. Би эсгүүрийн цехэд мужаан хийдэг байсан. Д.Б нь 5, 6 дугаар Гавшгайчин болж байсан. ... Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 34-р хуудас/

-Гэрч С.Түвдэнгийн “...1982-1990 он хүртэл Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар Бтэй хамт ажиллаж байсан. Б баярын бичиг авч байсан. Мужаанаар ажиллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй. Оныг нь сайн мэдэхгүй байна цэрэгт явсан. Надтай хамт ажиллаж байхдаа Рийн Б гэдэг байсан. Гэхдээ ээжээрээ овоглодог зүйл яриад байсан. Рэнцэндорж гуайг сайн танина. Бийн эцэг нь гэж бодож байсан. Хөрхийн хаданд мал малладаг байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/

-Гэрч Б.Энхжаргалын “...Б нь 1976 оны 7 сараас 1978 оны 6 сард цэрэгт явах хүртлээ нэгдэлд мал малласан. Бнь 1982 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар хувьчлал тартал ажилласан. Бахтай манайх намайг хүүхэд байхад л айл саахалт байсан болохоор нэгдэлд мал маллаж байсан болохыг нь мэднэ. Дугар гэдэг нь Бээж нь байгаа юм. Аав нь Рэнцэндорж гэж хүн байдаг байсан. Тухайн үеийн хүмүүс ээжээр нь овоглосон байх. Одоо ээж нь Улаанбаатар хотод амьдардаг байх. Дугар, Рэнцэндорж нар нь гэр бүлийн хүмүүс байгаа юм. Манайхтай ойр айл саахалт амьдардаг байсан учраас энэ хүмүүсийн талаар мэдэж байгаа юм. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/

-Д.Батсуурийн “Бнь 4-р ангиа төгсөөд 13 настайгаасаа Сайнцагаан сумын Далай бригадад мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар 1989 оны хүртэл ажилласан. 1990 оноос дахиад мал маллаж эхэлсэн. Баавыг рэнцэндорж гэдэг байсан. Бээж болох дугар гэдэг хүнийг өргөж авсан Долгор гэдэг хүн Хурц гэдэг хүнийг өргөж авсан юм. Долгор нь өргөж авсан эрэгтэй хүүхэд буюу Хурцаар хүүхдээ овоглуулж байсан. Сүүлд нв Батэрдэнээс бусад хүүхдүүд нь аавынхаа нэрээр овоглосон. Өөр ярих зүйлгүй. Ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс олгосон Рийн Б, Хын Бгэх хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр А овогт Д.Б /РД: / мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Д.Б/РД: /-ийг 1976 оны 1 сарын 1-нээс 1978 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандах” нэгдэлд малчнаар, 1982 оны 11 сарын 2-ноос 1991 оны 11 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн “Мод боловсруулах үйлдвэр”, “Өргөө” мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б