Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 20232ШЦТ/600

 

   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 0862 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч ***ийг миний утсыг үзэж намайг хардлаа гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэсэн болно.  

 

Хоёр.Эрүүгийн 221000000 0862 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ***д хийсэн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

3. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ***ийн биед үзлэг хийсэн “... 170 см орчим өндөртэй, 38 настай эмэгтэй, ...цэнхэр өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн канттай биеийн тамирын өмдтэй, цагаан шар өнгийн пүүзтэй, цэнхэр богино түрүүтэй оймстой, ...баруун гартаа хөхрөлт няцралттай, зүүн талын хөмсөгний хажуу талд шалбарч улайсан байдалтай, ...бусад газарт гэмтэл ...шархгүй байсныг тусгав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

4. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-н өдөр нөхөр *** өглөөний 10 цагт ажлаа тарж ирээд, ирэхдээ нэг ширхэг том пиво аваад гэртээ орж ирсэн. Тэр пивоо уугаад 13 цагийн үед орондоо ороод унтсан. Нөхрөө унтсан байх хойгуур нь би гар утсыг нь шалгатал нэг хүүхэнтэй харьцдаг байсан. Тэр хүүхэнтэй өмнө бас харьцдаг байж байгаад надад баригдаад, тэгээд би уурлатал намайг зодож байсан. Энэ удаад нөгөө хүүхэнтэйгээ мөн харьцсан болохоор нь би нөхрийнхөө утсаар тэр хүүхэн рүү “Чи одоо болиоч яадаг муу новш вэ дахиж манай нөхөртэй харьцах юм бол хохино шүү” гэж бичсэн. Би уурлаад нөхрөө сэрээгээд “чи энэ хүүхэнтэй харьцахаа больсон гэсэн яагаад худлаа хэлээд харьцаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи миний утсыг үздэг хэн бэ” гээд намайг зодож эхэлсэн. Би тухайн өдөр цагдаад дуудлага өгч чадаагүй. Нөхөр миний утсыг авчаад өгөхгүй байсан. Би өнөөдөр нөхрөө ажилдаа явсан хойгуур цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нөхөр *** ажлаа тарж ирсэн. Ирэхдээ том пиво гэртээ аваад ирсэн. Тэр пивоо уучхаад унтаад өгсөн. Би унтсан хойгуур нь утсыг нь үзэж байтал манай нөхөр нэг эмэгтэй хүнтэй харьцаж байсан. Би тэр хүүхнээс болоод нөхрөө хардаад унтаж байхад нь би нүүр лүү нь нэг удаа цохиод авсан, нөхөр сэрэхээр нь би “энэ юун хүүхэн бэ” гээд хэрүүл хийж эхэлсэн. Эхэндээ нөхөр мэдэхгүй гэж байснаа гэнэт уурлаад намайг цэнэглэгчийн залгуураар баахан ороолгосон. Гэнэт өө хайраа уучлаарай хайр нь сая уурласандаа ингэчихлээ гээд өөр хүн шиг болсон. Маргааш нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...2017 онд Солонгос Улсад амьдарч байхдаа намайг алгадаж байсан. Тэрнээс бол өөр гар хүрч байгаагүй. Бид хоёр хааяа гэр бүлийн маргаанаас болж хэрүүл хийдэг. Тэрнээс бол намайг өмнө нь зодож дарамталж байсан зүйл байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8642 дугаартай дүгнэлтэд:

-***ийн биед зүүн шанаа, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

6. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өглөө эрт ажлаа тараад 10 цагийн үед гэртээ орж ирээд нэг ширхэг том пиво уучхаад унтаж байсан. Тэгтэл манай эхнэр намайг унтаж байхад миний нүүр лүү алгадаж сэрээсэн. Тэгээд намайг нэг эмэгтэйтэй хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би тухайн үед согтуу байсан мөн унтаж байгаад гэнэт сэрсэн болохоор уур хүрээд эхнэрээ цэнэглэгчийн залуураар ороолгосон. Тэгээд би гэнэт ухаан ороод харсан чинь эхнэрээ нэлээн их хөл гар луу нь цэнэглэгчийн залгуураар ороолгосон байсан. Тэгээд би эхнэрээ уучлал гуйгаад хүйтэн жин тавиад гэртээ байсан. Харин маргааш нь манай эхнэр намайг ажилдаа явсан байсан хойгуур ажилдаа явсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч, хохирогч нарын хүсэлт (хавтаст хэргийн 44-47 дахь тал), прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэх (хавтаст хэргийн 26 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх (хавтаст хэргийн 29 дэх тал) лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулахад яллагдагч нь зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч *** нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн шинж чанарын талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд” хорооллын 406 дугаар байрны 50 тоотод 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан  үедээ хамтран амьдрагч ***ийг миний гар утсыг үзэж намайг хардлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн шанаа, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 2 дахь тал),

 

-2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ***д хийсэн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

-2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ***ийн биед үзлэг хийсэн “...баруун гартаа хөхрөлт няцралттай, зүүн талын хөмсөгний хажуу талд шалбарч улайсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 5-7 дахь тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Нөхрөө унтсан байх хойгуур нь гар утсыг нь шалгатал нэг хүүхэнтэй харьцдаг байсан, тэр хүүхэнтэй ...харьцсан болохоор нь ...тэр хүүхэн рүү “Чи одоо болиоч яадаг муу новш вэ дахиж манай нөхөртэй харьцах юм бол хохино шүү” гэж бичсэн, урлаад нөхрөө сэрээгээд “чи энэ хүүхэнтэй харьцахаа больсон гэсэн яагаад худлаа хэлээд харьцаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи миний утсыг үздэг хэн бэ” гээд намайг зодож эхэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал) болон 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн № 8642 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

-Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...намайг нэг эмэгтэйтэй хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. ...би тухайн үед согтуу байсан, мөн унтаж байгаад гэнэт сэрсэн болохоор уур хүрээд эхнэрээ цэнэглэгчийн залуураар ороолгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч *** нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх тул гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч ***, хохирогч *** нар гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах хүмүүс байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.  Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хардалтын улмаас болжээ.  

            Тиймээс прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.  

Иймд шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.

Тус хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн дүгнэлт хэлэхдээ ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон,  прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

Иймд шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН