Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Д.Ц, Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овогт Дгийн Ц, Б овогт Чгийн Ө нарт холбогдох 2035000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Дгийн Ц /РД:................../,

Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Бор овогт Чгийн Ө. /РД:....................../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг хулгайлж 1.922.917 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоцикл Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын гадна зогсоолоос алдагдсан болох нь:

1. Хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт байдаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад миний найз охин болох Ц.Ц 80........33 дугаарын утаснаас миний 89.....02 дугаар луу 22 цагийн үед залгаж “миний бие өвдөж байна! хурдан ир” гэж дуудсан. Би өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн мотоциклтой сумын төв рүү явсан. Манай гэр сумын төвөөс 20 гаруй км байдаг бөгөөд би 23 цагийн үед сумын төвд орж ирээд мотоциклоо захиргааны зүүн талын авто машины зогсоол дээр тавиад хуучин захиргаанд байх найз охиныхоо ажил руу орсон. Найз охины ажлын өрөөнд манай найз охин Ц.Ц, эгч Ц.Д бид 3 хамт хоносон. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 6 цагийн үед гэр рүүгээ явахаар захиргааны зүүн талын зогсоол дээр ирэхэд миний мотоцикль байхгүй болохоор нь хулгайд алдчихлаа гэж цагдаад хандсан. Манай сумын цагдаагийн албан хаагч нар түргэн шуурхай ажиллаж миний мотоциклийг Ч.Ө, Д.Ц нар авч явсан байсныг олж тогтоон миний мотоциклыг олж өгсөн. Ч.Ө, Д.Ц нар миний мотоциклыг авч явахдаа надад мэдэгдэж надаас зөвшөөрөл аваагүй мотоциклын кундакторыг салгаж авч явсан байсан. ...Би мотоциклоо 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1.950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1.900.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн хохирол учраагүй, миний мотоцикл ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-32, 33-34-р тал/,

3. Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны 08 цагийн үед Увс аймгийн Тэс сумын 3-р багийн иргэн Ч.Дгаас “Миний эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль сумын захиргааны зогсоолоос хулгайлагдсан” гэх гомдол гаргасан. Гомдлын дагуу сумын захиргааны зүүн талын автомашины зогсоол руу харсан сумын хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн цамцтай, цагаан өнгийн шляпан малгай, улаан өнгийн цамцтай хоёр хүн ирээд уг мотоциклыг аваад  6 дугаар багийн 2-3 тоот хашаанд очсон байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

4. гэрч С.Жын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн иргэн Ч.Даас “миний эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоцикл, сумын захиргааны зүүн талын автомашины зогсоолоос хулгайлагдсан гэх гомдол  гаргасан. Уг гомдлын дагуу сумын захиргааны зүүн талын автомашины зогсоол руу харсан сумын хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн цамцтай, цагаан өнгийн шляпан малгай, улаан өнгийн цамцтай хоёр хүн ирээд уг мотоциклыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Хохирогч Ч.Дгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг Д.Ц, Ч.Ө нар авч явсан болох нь:

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р тал/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18-р тал/,

хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад ямар нэгэн хохирол учраагүй, миний мотоцикл ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

гэрч Ж.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр З.Т 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөө яваад гэртээ ирээгүй байхад 2020 оны 6 дугаар сарын 25-ны 06 цагийн үед Ч.Ө, Д.Ц гэх хүмүүс манай гэрт “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн мотоцикльтой ирсэн. Ч.Ө, Д.Ц нар манайд цай уугаад гарахдаа “Энэ мотоциклыг эзэн нь ирээд авна” гэж хэлээд явсан. Яг ямар хүн ирж авах талаар надад хэлээгүй. 10 цагийн үед сумын цагдаа, Ч.Ө, Д.Ц нар ирээд мотоциклыг аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед манай гэрийн гадна мотоцикльтой хүмүүс ирж зогсоод удалгүй хаалга цохисон. Би өглөө хар үүрээр хэн явж байдаг байна гээд “хэн бэ?” гэхэд “Ч.Ө байна аа. Хаалгаа эгч” гэж хэлсэн. Би хаалга онгойлгож өгөхөд Ч.Ө, Д.Ц нар орж ирсэн. Манай нөхөр З.Г сэрээгүй учир тэд нар юм хэлэлгүй цай уучихаад гарсан. Удалгүй мотоцикль дуугараад тэд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

гэрч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Ардчилсан намын байрнаас 2020 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 2 цагийн үед ажлаа хийж дуусчихаад гарах үед Ч.Ө, Д.Ц нар архи хэрэглэсэн намын байранд ирэхэд тэр хоёрт хандаж “намын байр хааж байна” гэж хэлэхэд “унаанаасаа хоцорчихлоо” гэж надад хэлэхээр нь “тэгвэл манайд очиж хоноод яв” гэж хэлээд хамт явсан. Ч.Ө, Д.Ц нар унаагүй явж байсан. Бид 3 манай гэрт “Хар Чингис” гэх 0.5 литрийн архи задлаад архинаас өгөхөд амсах төдий уучихаад унтаад өгсөн. Өглөө 04 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Хаашаа яах гэж явж байгааг мэдээгүй. Түүнээс хойш дахин уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

гэрч О.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед манай нөхөр Б.Ч нь манай сумын Д.Ц, Ч.Ө нарын хамт ирсэн. Манай нөхөр тэр хоёрт задалчихсан байсан 0.5 литрийн архинаас хийж өгөхөд тэр 2 амсах төдий уугаад унтаад өгсөн. Өглөө 04 цагийн үед манайхаас гараад явсан. Хаашаа яах гэж явсныг мэдээгүй. Түүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны 08 цагийн үед Тэс сумын 3-р багийн иргэн Ч.Дгаас “Миний эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикл сумын захиргааны зогсоолоос хулгайлагдсан” гэх гомдол гаргасан. Уг гомдлын дагуу сумын захиргааны зүүн талын зогсоол руу харсан хяналтын камерийг шалгахад камерын цагаар 05-06 цагийн үед ертөнцийн зүүн хойд зүгээс цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн цамц өмссөн, мөн цагаан шляпан малгай өмссөн, улаан өнгийн цамц өмссөн 2 хүн ирж байгаа дүрс бичигдсэн байсан. Уг 2 хүн мотоциклыг аваад Тэс сумын 6 дугаар баг, 3 дугаар хороо, 2-3 тоот гэх хаягтай цэнхэр өнгийн жижиг хаалгатай, улбар шар өнгийн том хаалгатай дэлгүүртэй айлд очсон байсан. Камерын бичлэгийн дагуу уг айлд очиход Н.Т байсан. “Өглөө 5 цагийн үед танайд мотоциклтой 2 хүн ирсэн үү” гэж асуухад Н.Т“Ирсэн. 3 дугаар багийн Ө, Ц нар байсан” гэж хариулсан. Ингээд уг мотоциклыг авсан хүмүүсийг тогтоосон. Н.Тгийн дэлгүүрээс гараад алхаж явтал Ө, Ц нар архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай явж байхтай нь таарсан. Би тэр хоёрт хандан “Мотоцикль хаана байна” гэхэд “Айлын хашаанд тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг дагуулан мотоцикль тавьсан айлын хашаанд очход хулгайд алдсан гэх мотоцикль мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,

гэрч З.Тны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай мал Тэс сумын 11 дүгээр багт байдаг бөгөөд би малаа хариулах, маллах гэж хөдөө гэртээ байдаг. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сонгуулиа өгөх гэж 11 дүгээр багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн ........ УВА улсын дугаартай машинаар очиж саналаа өгчихөөд хөдөө гэр лүүгээ буцсан. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төвд байх гэртээ ирэхэд манай эхнэр О надад хандаж “2020 оны 6 дугаар 25-ны өглөө Ө, Ц нар манай гэрт ирээд мотоциклоо танай хашаанд үлдээчихье гэж хэлээд үлдээгээд явсан. Удалгүй цагдаа нар ирж надаас мэдүүлэг авсан” гэж хэлсэн. Тэгэхэд би Ч.Ө, Д.Ц нар манай хашаанд мотоцикль үлдээгээд явсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Шүүгдэгч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт сонгуулиа өгөөд түүний дараа Сонгуулийн дүн хэлэлцэж дуусгаад Ц бид хоёр олон хүмүүстэй 3-4 шил архи уусан. Дараа нь Ж гэгч нь сумын төв ороод намын гишүүдийг цайлуулна гэж хэлсэн. Бид хоёр Жийн машинд суугаад сумын төв рүү орсон. Тэгээд намын байр руу очоод ганц нэг шил архи тойруулсан. Ч манай гэрт очъё гээд бид 3 гэрт нь очсон. Гэрт нь очоод 0.5 литрийн архи уусан. Ойролцоогоор 02 цагийн үед унтсан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө Ц бид хоёр үүрээр 05 цагийн үед Чойсүрэнгийн гэрээс гарч яваад Тэс сумын 6 дугаар багт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах замын зогсоолын хажуугаар явж байхад хүрэн өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байсан. Тэгээд тэр мотоциклын кундакторыг нь салгаж асаагаад явсан. ...Тэгээд бид хоёр Н гэгчийн гэрт очиход Н сэрүүн байсан бөгөөд Ц бид хоёр 0.5 литрийн шүүс уугаад тэднийхээс гараад Г гэгчийн гэрт очсон. Хаалгыг нь цохиход Т гэгч хаалгаа онгойлгосон. Таас тамхи худалдаж авч гараад Тны гэрт очоод хүний мотоцикль гэдгийг мэдээд тэнд үлдээгээд явсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Тэс сумын төв рүү орсон. 6 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах замын зогсоолын хажуугаар өнгөрч байхад хүрэн өнгийн мотоцикл байсан. Тэр мотоциклын кундакторыг нь салгаж асаасан. ...Нынд очиход унтаж байснаа сэрээд цай ууж хэсэг байж байгаад Г гэгчийн гэрт очсон. Хаалгыг нь цохиход Т гэгч хаалгаа онгойлгосон. Таас тамхи худалдаж авч гараад Т гэгчийн гэрт очсон. Ты гэрт очоод унаж явсан хүний мотоциклыг үлдээгээд гадуур гарч архи ууж явтал цагдаа ирээд мотоцикль хаана байна гэхээр нь айлын хашаанл орхисон гээд дагуулж очиж зааж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлтээр хэрэг шилжиж ирсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаар Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэйгээр нууц далд аргаар үйлдэгддэг, гэмт этгээд өөртөө ашиг, орлого олох зорилготой байдгаараа онцлог гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Өнарын хувьд хохирогч Ч.Дгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг авч явахдаа уг мотоциклыг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулж үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх хөл дүүжлэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна.

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн эд автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Д.Ц, Ч.Өнар санаатай нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос дээрх зүйлийг журамлаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ц, Ч.Өнарыг бүлэглэн бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь энгийн ухамсарын түвшинд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа нь бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй  тул тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй гэж үзэх үндэслэлболно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд  “Надад ямар нэгэн хохирол учраагүй, миний мотоцикль ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хэвийн байсныг авсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц, Ч.Ө нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Дгийн Ц, Б овогт Чгийн Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг тус бүрийг нь 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл  хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГАНСҮХ