Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/646

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           10            04                                                 2023/ШЦТ/646

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

улсын яллагч С.Б,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009620897 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  Монгол улсын иргэн, ** * дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суудаг, урьд 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 254 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б  овогт Д  Б  /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Б  нь үргэлжилсэн үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Х***тоотод оршин суух иргэн Ц.Л эзэмшлийн байшинг цэвэрлэж өгөхөөр гэрт нь үлдсэн байхдаа 3 ширхэг бага оврын мөнгөн аяга, 1 ширхэг сөнгийн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 430,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө ***  тоот иргэн Б.Ц байшин түлхүүрээр нь онгойлгож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж электрод, дрилл, булан шума, таслагч, таслагчны ир, айфон таб зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 189,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.  Шүүгдэгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргээс хойш байнга архи уудаг, архины хамааралтай болчихсон байсан. Тэрнээсээ болоод энэ хэргийг шийдвэрлэж чадаагүй. Одоо архи уухаа больсон, тодорхой эрхэлсэн ажилгүй, биеийн байдал муу байгаа...” гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн найз н.Чинзоригийн дүү н.З  гэх залууг гэртээ авч ирж байлгасан. Өнөөдөр манай эхнэр ажилдаа яваад би 100 айлд орж ирнээ н.З  миний дүү амбаар дээвэрлэж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Би 14 цаг өнгөрч байхад гэртээ Х***тоотод очиход манай гэрийн шалавчин дор байсан түлхүүр байхгүй, гэрийн хаалга үүд нь онгорхой байхаар нь би ороод том өрөөнд ороход байшинд байсан 3 ширхэг мөнгөн аяга болон 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь хуудас/,

3. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ***  тоот манай хашаа байшингаас миний дүү н.*******тай ирээд, энэ өдрөө бороо ороод гагнаагүй. Маргааш нь гагнахаар болсон. Тэгээд н.Б  нь удалгүй би ойрхон арын гудамжинд таньдаг хүнийхээ юмыг ганачихаад ирье. 30 минутын дараа буцаад багажаа аваад ирье гэж хэлээд миний гагнуурын аппарат багтай нь авч явсан. Энэ шөнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө н.Б  манай түлхүүр нуудаг газрыг мэддэг болсон болохоор, түлхүүр нуудаг газраас түлхүүр аваад байшингийн хаалга түлхүүрдэж онгойлгоод манай байшингаас айфон маркийн таб, кен маркийн тасдагч, булан шугамж, БНХАУ-ын маркийг нь мэдэхгүй 2 хурдаар ажилладаг 220 вольтийн дрилл, толгойд зүүдэг лед гэрэл, 1 боодол электрод, 10 ширхэн таслагчны ир зэргийг хулгайлсан...Хамгийн анх н.Б т гагнуурын аппарат, хамгаалалтын баг авах талаар байшин онгойлгоод ав гэсэн. Дараа нь би бусад багажийг ав гэж хэлээгүй. Бусад багажийг ав гэсэн зөвшөөрөл өгөөгүй. Н.З миний эзэмшлийн багаж хэрэгслийг хүнд өгч түр хэрэглүүлээд буцаагаад авах эрхтэй. Хамгаалалтын баг, гагнуурын аппаратыг эхлээд н.Б т өгөх үедээ би өөрөө биечлэн байгаагүй. Түлхүүр хаана нуусан байсныг хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дэх хуудас/,

4. Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр над руу н.Б  утсаар ярьж манай граш дээр ирэхдээ шуудайд гагнуурын аппарат, цахилгаан дрилл зэргийг хийчихсэн багажнуудаа зарна, эхнэрээсээ салчихлаа гээд ирэхээр нь би шуудаатай багажийг нь бүгдийг нь худалдаж авсан. 100,000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Надад н.Б  нь хулгайн эд зүйлс гэж хэлээгүй. Би н.Б оос мөнгө нэхэмжлэхгүй, надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дэх хуудас/,

5. Гэрч А.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр санагдаж байна. Манай танил болох н.Б  нөхөртэй гагнуурхийнэ гэж байсан. Тэрнээс гадна сараалжин хашааны төмөр гагнах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өгчихсөн. Тэр хугацаанд Д.Б  нь манай нөхөр рүү залгаад багажнуудыг чинь аваад явчих уу гэж асуусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69,71 дэх хуудас/,

6. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ХУ2-20-308 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дахь хуудас/,

            7. Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би архи уумаар санагдаад байсан тул том өрөөний шүүгээн дотор байсан бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, сөнгийн аяга 1 ширхэг зэргийг гэрээс нь авч гараад, ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан... Б.Ц авсан багажнуудаа Б.Л 100,000 төгрөгөөр зарсан. Б.Л хулгайн багаж гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 151 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 152 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 55 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/ зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ц.Л эзэмшлийн байшинг цэвэрлэж өгөхөөр гэрт нь үлдсэн байхдаа 3 ширхэг бага оврын мөнгөн аяга, 1 ширхэг сөнгийн аяга зэргийг хулгайлан авч, 430,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө Б.Ц байшинг түлхүүрээр нь онгойлгож орж электрод, дрилл, булан шума, таслагч, таслагчны ир, айфон таб зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 189,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” буюу хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай байна гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хэлнэ.

“Орон байр” гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно. Харин хүн түр амьдрах зориулалттайгаар барьсан урц, майхан, түр амьдарч буй зуслангийн байр, зочид буудал, агуй, эмчилгээ, сувилгаа хийлгэж буй эмнэлэг, амралт сувиллын газар орон байранд хамаарахгүй.

Шүүгдэгч Д.Б  нь Б.Ц амьдардаг байшинд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр буюу нуусан түлхүүрээр нь байшинг нь зөвшөөрөлгүйгээр онгойлгож эд хөрөнгө хулгайлсан,

Үргэлжилсэн үйлдлээр Ц.Л  байшинд байхдаа хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө хулгайлсан нь хулгайн гэмт хэрэг төгссөн гэж үзэх ба энэ нь хэрэгт авагдсан хохирогч Ц.*******, Б.*******, гэрч Б.л , А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн тухайд хүний амьдрах орон байранд нэвтэрч хохирогч нарын эд зүйлсийг авч буй шүүгдэгчийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч Ц.Л 430,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ц 189,600 төгрөгийн хохирол тус тус учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээний хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлжээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б ийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ид 430,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ц 189,600 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулна” гэж тайлбарласан боловч бодитоор төлсөн зүйлгүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Б ийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан 6 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн,

           Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би урьд нь маш их архи уудаг байсан. Одоо би архинаас гарсан. Надаас миний амьдрал шалтгаална. Намайг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэсэн,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Үүнд дээр маргаагүй хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага дээр санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт хэргүүддээ өнөөдөр шүүгдэж байна. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 00 цагаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт  хэрэг үйлдсэн хүнийг тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өршөөлийн тухай хуульд хамрагдана гэж заасан. Хохирогч Б.*******д 7 төрлийн эд зүйлсийг нь биет байдлаар буцаан өгсөн. Үлдэгдэл хохирол төлбөр дээр маргаан байхгүй. Хохирлоо нөхөн төлөхөө шүүх дээр илэрхийлсэн. Тийм учраас 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т зааснаар зорчих эрх хязгаарах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

           Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгчийг албадан ирүүлэхээр, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлахаар тус тус шийдвэрлэсэн, мөн түүний хувийн байдал /...43 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.

  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт...заасан гэмт хэрэгт шүүх 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан....” бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж болохоор хуульчилсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Б т 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “зорчих эрх хязгаарах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх саналыг ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б ийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.    

 

  1. Бусад асуудлаар:

           Шүүгдэгч Д.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Д  Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Б  овогт Д  Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б ийн эдлэх 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б ийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.    

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оос 430,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******ид, 189,600 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгосугай.

            6. Шүүгдэгч Д.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТБОЛОР