Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00094/и |
Дугаар | 219 |
Огноо | 2020-03-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 219
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Э.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Б /РД:ЗМ85010814/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Г-, хариуцагч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б-ээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 317 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Тд тэтгэлэг тогтоолгож хоёр хүүхдээ асрамжиндаа авч шийдвэрлүүлсэн. Амьдралын байдал муу, хоёр хүүхдээ цаашид тэжээгээд явахад үнэхээр хүнд хэцүү байна. Тиймээс охин Б.Тдаа эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Надтай хамтран амьдарч байгаа хүн миний хүүхдүүдийг зодож байгаагүй. Тэр намайг ядарч явахад надад тусалсан. Би одоо аргагүйн эрхэнд өөрийн эцэг, эх дээрээ очоод амьдарч байна. Би охиныхоо тэтгэлэгийн мөнгийг зөвхөн өөрт нь зарцуулна. Иймд хариуцагч Г.Б-ээс охин Б.Тд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б- шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэрээр хүү Б.Тдээ тэтгэлэг өгдөг. Одоо охин Б.Тд тэтгэлэг өгсөн ч дургүйцэх зүйлгүй. Харин Э.Г-ийн суусан нөхөр нь миний охины хайчаар суга руу нь дүрсэн гэсэн яриа байдаг. Миний хүүхдүүдийг хулгай хийдэг ч гэж хүмүүст ярьсан байна билээ. Хүүхдүүдэд агсам тавиад тэднийг гадаа хонуулдаг гэсэн сураг гарсан. Э.Г- миний хүүхдүүдийг над руу явуулах дургүй, охиндоо би тэтгэлэгийг нь өгнө гэхдээ өөрийнх нь нэр дээр данс нээгээд уг данснаас охин маань 18 нас хүрч байж өөрөө авах боломжтой данс нээлгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Э.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч Г.Б-эд холбогдуулан холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Э.Г-, Г.Б- нар нь 2008 онд гэр бүл болж хамтдаа амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2008. 09.23-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2011.10.19-ний өдөр төрсөн охин Б.Т нар төрсөн болох нь 0174505, 26 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2018.05.01-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд шүүх гэрлэгчдийн дундаас 2008.09.23-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2011.10.19-ний өдөр төрсөн охин Б.Т нарыг эх Э.Г-ийн асрамжинд үлдээж, хүү Б.Тд эцэг Г.Б-ээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Г.Б- нь охин Б.Т-д тэтгэлэг төлөх талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байгааг харгалзан 2011.10.19-ний өдөр төрсөн охин Б.Т-д эцэг Г.Б-ээс тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 31,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс 31,494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ