Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/732

 

 

 

 

 

 

 

 

    2023            9           12                                    2023/ШЦТ/732

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч /хохирогч/ Д.Ч, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар

шүүгдэгч /хохирогч/ Ц.Ш, түүний өмгөөлөгч Г.Сүхээ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Ч, Ц.Ш нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 2 дугаар сарын 26-нд Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: 1981 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 “Г”-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,

**** дугаарын регистртэй, М овогт Дын Ч

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 60 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, *** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

**** дугаарын регистртэй, Ш овогт Цын Ш

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 21 дүгээр байр, ** тоотод архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр хохирогч С.Шийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Ш нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 21 дүгээр байр, ** тоотод архидан согтуурсан үедээ толгой руу шилээр цохиж гэмтээлээ гэх шалтгаанаар хохирогч Д.Чын толгой тус газарт архины шилээр цохиж биед нь толгойн орой, дагзны хуйханд шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Архи ууж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дахин мэдүүлэх шаардлагагүй.

Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Ц.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад бас ярих зүйл алга байна. Би уг нь хүн зодоогүй. Намайг очиход энэ Ч бэр эгчтэйгээ архи уучихсан, нилээд согтуу байсан. Би бэр эгч нь найз бөгөөд өвлийн идшээ хийсэн, ирж мах ид гэж дуудсан юм. Гэхдээ одоо маргах зүйл байхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр бие биеэ уучилсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ын Ш “... 2023 оны 1 дүгээр сарын 27-ны орой шиг санагдаж байна, гэртээ байж байсан чинь манай найз Ц утсаар яриад найз нь өвлийн идшээ хийсэн, манай гэрт ирж хоол идээрэй гэж хэлсэн. Би 0.33 литрийн 1 шил архи аваад ороход Ц, түүний дүү Ч гэх хүн нилээн согтуу байсан. Бид гурав хоол идээд 1 шил архи хувааж ууж дуусаад, гэрээс нь гарах гээд гутлаа өмсөөд байж байсан чинь Ч гэнэт архины шилээр миний толгой хэсэг рүү цохиод миний толгойноос цус гарсан. Тэгэхээр нь миний уур хүрээд архины шилээр бас цохиод авсан ба Ц салгаад Чыг цагдаад өгөөд би гэр рүүгээ явсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний бие зүгээр болсон” /хх-н 14-15/ гэж,

хохирогч Д-ын Ч “... 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрийнхээ доод подвальд жаахан архи уусан байдалтай байж байсан. Ц эгч утсаар яриад хөдөөнөөс мах ирсэн, мах чанаж байя, манай гэрт ороод ирээрэй гэж хэлсэн. Би гэрт нь ороход идэш ирсэн гээд мах чанасан байхаар нь мах идээд, бага зэрэг архи уусан. Ингээд гэрээс нь гарах гэж байсан чинь Ц эгчийн найз нь гэх Ш гэх эмэгтэй 1 шил архи бариад орж ирсэн. Тэгээд бид гурав Ц эгчийн гэрт нь байсан архийг хувааж ууж дуусаад Шийн авч орж ирсэн архийг намайг аваад яв гээд гутлаа өмсөж байсан. Нэг мэдсэн би Ш гэх хүүхэнтэй маргалдаад байх шиг байсан ба юунаас болж маргалдасныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Шийн толгой хэсэгт архины шилээр цохих шиг болсон. Би нилээн согтуу байсан учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Энэ үед Ш гэх эмэгтэй мөн уурандаа ширээн дээр байсан архины шилээр миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд Ц эгчийн хүү болох С нь цагдаа дуудсан. Яг цохиулсан үед бол толгой хэсэг их өвдөж байсан. Одоо бол ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Ц.Шийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн 1981 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч /хх-н 39-40/,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Д.Чын биед толгойн орой, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн 2409 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч /хх-н 36-37/ тус тус гаргасан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүгдэгч Д.Ч, шүүгдэгч Ц.Ш нарын гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

 

шүүгдэгч Дын Ч “... би 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гэрийнхээ доор юм хийж байсан чинь манай талийгаач ахын эхнэр Ц утсаар яриад хөдөөнөөс мах ирсэн, ирж хоол ид гэхээр нь удалгүй гэр рүү нь орсон. Тэгээд мах идээд гэрт нь байсан чинь Ц эгчийн найз нь гэх эмэгтэй орж ирээд бид нар нэг шил архи хувааж уусан. Ингээд би өмнө уусан байсан учраас нилээн согтоод гэрээс нь гарах гэж байгаад Ц эгчийн найз Ш гэх эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн чинь толгой руу нь архины шилээр цохьсон. Дараа нь Ш гэх эмэгтэй бас миний толгой хэсэгт архины архины шилээр цохиод, цагдаа ирээд намайг авч явсан” /хх-н 54-55/ гэж,

 

шүүгдэгч Цын Ш “... 2023 оны 1 дүгээр сарын 27-ны орой Цгийн гэрт 19:30 цагийн орчим очсон. Гэрт нь ороход Цгийн нөхрийн дүү гэх үл таних эрэгтэй хүнтэй, Ц 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Уг архи нь ёроолдоо орсон байдалтай байсан. Тэгсэн Ц бид хоёр өглөөнөөс хойш ингээд сууж байгаа юм аа гэж надад хэлсэн. Надад мах халааж өгөөд дараа нь хундага авчираад архинаас хийж өгөхөөр нь  би уг архинаас уухгүй ээ, би өөрийнхөө авчирсан архинаас ууна гэж хэлээд, хундагануудыг нь угаагаад, миний авчирсан архийг бид гурав уусан. Ц нь тухайн үл таних хүн буюу Чыг /нэрийг нь би дараа нь Ч гэдэг гэж мэдсэн/ гэрээсээ хөөгөөд одоо болно оо, манай гэрээс гар гэж хэлсэн. Тэгэхэд Ч нь суугаад байсан. Тэгэхээр нь Ц хүү Д рүүгээ залгаад Ч гарахгүй суугаад байх юм, энэ гарахгүй байна гэж хэлээд чанга яригч дээрээ тавихад хүү Д нь та одоо болно оо, гэртээ ор гэж ширүүн дугаар хэлсэн. Ч нь за за гэж хэлээд суугаад байсан. Ч гэх хүн тухайн үед дух хэсэгтээ шинэвтэр шархтай, шүдгүй хүн сууж байсан. Ц Чад хандаж чи одоо гар аа гэж хэлээд дараа нь надад хандан энэ байрнаас Чыг гаргана аа, орой болгон эхнэрээ зодож агсам согтуу тавьдаг, хүүг маань Чын эхнэр орой болгон дуудаад амраахгүй байгаа. Манай хүү энэ байранд хүн амины хэрэг гарах нь ээ, тэрнээс өмнө Ч ахыг явуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай нөхөр чамд дүүгээ захиж үлдээсэн хүнийг яах нь вэ, орон гэргүй шүү дээ, энэ хүн чинь хаана очих вэ дээ гэж хэлсэн. Тэгэхэд Ц нутагтаа ээж дээрээ очино биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч гэх хүн чинь танай нөмөр нөөлгөн доор ажиллаж, цалин мөнгө аваад өөрийнхөө амьжиргааг залгуулж амьдардаг юм биш үү гэж асуухад Ц “үгүй үгүй” гэж хэлсэн. Манайх ажлын байрандаа нэг өрөө гаргаад өгсөн тэндээ архи уугаад байж байдаг юу хийдгийг нь мэдэхгүй, орой болохоор эхнэртээ агсам тавиад зодоод гэмтээгээд байдаг юм байна лээ гэж хэлсэн. Тухайн үед архи дуусаж байсан болохоор Ц надад нэг шил виски гаргаж өгөөд та хоёр эндээс уу, би өглөөнөөс хойш уусан болохоор жаахан гөлөмцүү байна гэж хэлсэн. Уг вискинээс Ч бид хоёр нэг нэг хундага уусан. Тэгээд байж байтал Цгийн хүү С орж ирсэн. Тэгээд бид гурав хоорондоо юм ярьж сууж байтал Ц би өглөөнөөс хойш уусан болохоор хэвтлээ гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би эзэнгүй айлд суугаад яах вэ, би явлаа шүү гэж хэлээд үүдний хэсэгт байсан сандал уруу харж суугаад гутлаа өмсөж байтал ард чимээ гарахаар нь эргээд хартал нүдэнд оч манараад нүд харанхуйлаад явчихсан. Би тодруулж хартал Ч гартаа вискиний шил бариад зогсож байсан. Миний духнаас их хэмжээний цус нүүр рүү урсаад шил болон хувцас цус болчихсон. Тэгэхээр би уйлаад яагаад намайг цохиж байгаа юм бэ, намайг аллаа шүү дээ гэж хэлээд уйлаад суусан. Тухайн үед Ц босож ирээд яачих ваа найз аа гэж хэлэхээр нь би намайг аллаа шүү дээ намайг дуудаж авчирчихаад яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Ч буйдан дээр гараа алдалж суучихаад наад муугаа хөөгөөд гарга, зайлуул гээд байсан. Тэгсэн чинь Ц цагдаа дууд хүний толгой хагалчихлаа гэж Дд хэлсэн. Тухайн үед Д үүдэнд ирчихсэн байсан гэж би харсан. Тэгээд Д цагдаа дуудсан. Чыг Д тухайн гэрээс аваад гарсан. Намайг Ц С хоёр гэрт хүргэж өгсөн. Замдаа гэмтэл орж зүүлэх үү гэж асуухад би яах вэ, гайгүй байх гэж хэлээд гэртээ орсон” /хх-н 65-67/ гэж

тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ч, шүүгдэгч Ц.Ш нар нь айлын гэрт архидан согтуурах явцдаа хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсаныг гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэхдээ шүүгдэгч Д.Чын гэм буруутай үйлдэл уг гэмт хэрэг гарахад эхэлж нөлөөлсөн, шүүгдэгч Ц.Шийн үйлдлийн хувьд “аргагүй хамгаалалт”, “гарцаагүй байдал”-ын шинжтэй гэж үзэж тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Шийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан “... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Шийг цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Модун Боржигон овогт Дын Ч, шүүгдэгч Ш овогт Цын Ш нарыг тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайлбал, шүүгдэгч Д.Ч гэмт хэргийн шинжтэй уг үйлдлийг эхлүүлсэн байх тул тэдгээрт оногдуулах торгох ялын хэмжээг ялгамжтай тогтоов.

 

Шүүгдэгч Д.Чын хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, Ажлын газрын тодорхойлолт /хх-н 97/,

 

Шүүгдэгч Ц.Шийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 76/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

хохирогч Ц.Ш “... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-н 15/,

хохирогч Д.Ч “... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-н 23/ гэсэн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Д.Ч, Ц.Ш нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Модун Боржигон овогт Дын Ч, Ш овогт Цын Ш нарыг тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Шийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ч, Ц.Ш нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  Д.Ч, Ц.Ш нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ч, Ц.Ш нарт урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ