Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: М.Я-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ж-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,395,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Я-, түүний өмгөөлөгч В.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Я- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ж-д нийт 26,400,000 төгрөгийг түүний хүсэлтээр бизнес хийхэд нь дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, тодорхой хэмжээгээр өсгөж буцааж авах болзолтойгоор 2016 оны 6-7 дугаар сард зээлдүүлсэн. Мөнгийг түүний хүсэлтээр өөр өөр эзэмшигчтэй данс руу манай эхнэр бид хоёрын хамтран эзэмшдэг ХААН банкны 5450262467 дугаарын данснаас шилжүүлж байсан бөгөөд түүний охин Ж.Болорын ХААН банкны 5460034788 тоот данс руу 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 3-ны өдөр 18,000,000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өнөрбат гэх хүний ХААН банкны 5037247123 тоот данс руу 4,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр тус тус шилжүүлсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 700,000 төгрөгийг Б.Ж- бэлнээр авсан. Мөн ажлын хөлс гэж 700,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны Доржпүрэв гэх хүний данс руу шилжүүлж авсан. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Анхбаяр гэх хүний ХААН банкны 5108025111 дансаар 1,000,000 төгрөгийг Б.Ж- нь мөн шилжүүлж авсан. Дээрх тооцоогоор Б.Ж-д шилжүүлсэн мөнгө 26,400,000 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 7,050,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1,955,000 төгрөгийг тус тус буцаан төлсөн. Одоо үлдэгдэл 17,395,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Ж- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...С.Батсүх гэдэг хүн надад 10 гаруй жил өгөөгүй өрөндөө жонш ухах ажилд хамтарч ажиллах болсон. Ийнхүү хамтарч ажиллаж байхдаа “...манай найз Ядамдорж гэж их мөнгөтэй хүн байна. Тэр хүн хамтарч томоохон ажил хиймээр байна гээд байгаа...” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд мөнгө нийлүүлж хамтарч ажилласан. Миний хувьд гэрээ хэлцэл хийж зээл авсан зүйлгүй. Батсүх, Ядамдорж бид гурав хамтран ашиг олохоор тооцсон билээ. Хамтран жонш олборлож гаргасан боловч жоншны үнэ муу, шаардлага хангахгүй байснаас анх тооцсон үнээрээ зарж борлуулж чадаагүй. Техникийн түрээс, тээврийн зардал, шатахууны үнээ төлж чадахгүй хэмжээнд ажиллаж алдагдалд орсон. Эрээн хот руу ачиж явуулсан жонш чанар хангахгүй борлогдохгүй хэцүү байсан. Энэ үед Ядамдорж Хятадад сурдаг хүүхдээ хүргэж өгнө, сургалтын төлбөр хэрэгтэй гээд эхнэртэйгээ хамт Эрээнд жонш худалдаж авсан хятад дээр очоод энд байгаа жоншны мөнгийг авлаа гэхэд би шатахууны үнэ төлөх ёстой хүнд байсан ч би зөвшөөрсөн. Ингэж 18,000,000 төгрөг авсан гэж ойлгосон. Ингээд ашиг олохгүй алдагдалд орж бидний ажил зогссон. 1 жил гаруйн дараа Ядамдоржийг Хятадаас 18,000,000 төгрөгийг аваагүй гэдгийг ойлгосон. Ядамдоржийн нэхэмжилж байгаа 17,395,000 төгрөгөөс 11,395,000 төгрөгийг төлье. Ядамдоржоос анх мөнгө шилжихэд М.Батсүх 1,000,000 төгрөгийг, мөн сонгуулийн өмнө сонгуульд нэр дэвших боллоо гээд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Энэ мөнгө зээл биш, хамтарч хөрөнгө оруулж ашиг олох бизнес байсан гэж би үздэг. Ядамдорж, Батсүх хоёрыг би алдагдал хүлээж хуваалц гэж хэлээгүй. Алдагдлаа би өөрөө хариуцаж байгаа учир М.Батсүхийг авсан мөнгөө Ядамдоржид өгөх ёстой гэж үзэж байна” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                  

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Я- нь хариуцагч Б.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт 17,395,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.

Харин хариуцагч Б.Ж- нь “...нэхэмжлэлийн шаардлагаас 11,395,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг М.Батсүх авсан учраас тэр авсан мөнгөө М.Я-ид өгөх ёстой, энэ зээл биш, бид хамтран ажилласан” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХААН банкны 5450262467 тоот данс /эзэмшигч нар нь Д.Нэргүй, М.Я-/-аас 2016.06.03-ны өдөр 18,000,000 төгрөгийг 5460034788 тоот данс руу, мөн 2016.07.23-ны өдөр 5037247123 тоот данс руу 3,000,000 төгрөгийг, мөн өдрөө дээрх данс руу дахин 1,000,000 төгрөгийг, 2016.07.18-ны өдөр 5108025111 тоот данс руу 1,000,000 төгрөгийг, 2016.08.30-ны өдөр 5455049805 тоот данс руу 700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд М.Я-оос нийт 26,400,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдаагүй, бид хамтран ажилласны дагуу хөрөнгө оруулсан гэж тайлбарладаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Б.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 26,400,000 төгрөгөөс 9,005,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 17,395,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч М.Я- нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Ж-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт 17,395,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Я-ид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Б.Ж-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 244,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт 17,395,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Я-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Я-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-аас 244,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Я-ид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ