Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 44

 

 

 

 

Г.Амарсанаа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г.Амарсанаа түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /онлайн/, Д.Хуягбаатар /онлайн/, өмгөөлөгч Ж.Энхжаргал /онлайн/, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11  дүгээр сарын 06-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Амарсанаа нарт холбогдох эрүүгийн 1736000000105 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Амарсанаа болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Сартуул овогт Гантогтохын Амарсанаа,

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Орлъяас овогт Нарангэрэлийн Баяндалай,

Шүүгдэгч Г.Амарсанаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 50-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, улмаар Э.Оюунболдын амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

Шүүгдэгч Н.Баяндалай нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Магсаржав багийн нутаг дэвсгэрт Э.Оюунболдтой маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Гантогтохын Амарсанааг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Орлъяас овогт Нарангэрэлийн Баяндалайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Баяндалайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Г.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Амарсанаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  таван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Амарсанаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Амарсанаагийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эрүүгийн 1736000000105  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн пиджак 1 ширхэг, ягаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн пиджакны өмд 1 ширхэг, бүс 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, алаг өнгийн дотуур өмд 1 ширхэг, хос савхин бээлийн 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюушид олгож, 1 ширхэг хар өнгийн товч, 1 ширхэг товч, Хар өнгийн гуперны түгжээ гэх 2 ширхэг хар өнгийн төмөр мэт зүйл 2 ширхэг, хагас сар хэлбэртэй хар өнгийн товч 1 ширхэг, Саарал өнгийн хувцасны сэмэрдэс 1 ширхэг, цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан зүйлс, 35-81 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Хөдөлмөр халамжийн газрын гадна камеранд бичигдсэн бичлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын камерын бичлэгийг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмж /Н13520ОЮМ\/1Р/8*1080Р/1*НОО/8 сирал дугаартай СД, Айфон маркийн А1453, Самсунг С-9001,5М-3710РМ08 загварын 3 ширхэг гар утсанд шинжилгээ хийж, гар утаснуудаас устгасан болон хадгалагдаж мэдээллийг хуулбарласан ягаан өнгийн 3 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг нийт 5 ширхэг DVD, 7 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.Амарсанаагийн  эзэмшлийн 50-32 УНЦ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  прокурорын 2018 оны 01 сарын 08- ны өдрийн 5/03  дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хүчингүй болгож, шүүгдэгч Г.Амарсанаа нь 43 сая төгрөг, шүүгдэгч Н.Баяндалай нь 8 сая төгрөгийг тус тус төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдээ найман нас хүртэл асран тэтгэх гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Н.Баяндалай цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Г.Амарсанаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Амарсанаад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Н.Баяндалайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Амарсанаа болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Амарсанаа нь уг гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргээ өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн ба илрүүлсэн гэмт хэрэгтнүүдтэйгээ удаан хугацаагаар хоригдох нь түүний аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэх болохыг шүүхээс анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. Ар гэрийн хувьд 2-4 настай бага насны хоёр хүүхэдтэй эх үлдэж байгаа болохыг анхааралгүйгээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Амарсанаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан  хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү? гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Г.Амарсанаа болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Амарсанаагийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү? гэв.

Шүүгдэгч Н.Баяндалайгийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс Н.Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Г.Амарсанаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж ялыг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Г.Амарсанаа Н.Баяндалай нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар  хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Прокуророос шүүгдэгч  Г.Амарсанаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан  шүүгдэгч  Н.Баяндалайд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Н.Баяндалайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Г.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Амарсанаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Баяндалайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Г.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.-дэх заалттай нийцсэн байна.

Харин шүүгдэгч  Г.Амарсанааг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  Э.Оюунболдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Амарсанаа нь 2017 оны 12 сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр спортын ордны урд талын засмал замаар өөрийн эзэмшлийн 56-32 УНЦ улсын дугаартай Приус 20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж,улмаар    хохирогч Э.Оюунболдын   амь насыг хохироосон болох нь  Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюушийн өгсөн   “...Хоёр ой дөнгөж өнгөрч байсан хүүтэйгээ үлдсэн. Одоогоор хүүгээ хараад эрхэлсэн ажилгүй байна. Энэ хэрэг 2017 оны 12 сарын 22-23 нд шилжих шөнө болсон. Хэрэг гараад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хадам аав маань сэтгэл санаагаар унасаар байгаад 09 сарын 11- ний хурлын өглөө нас барсан. Бид хоёр хүнээ алдчихаад үнэхээр хэцүү байна. Г.Амарсанаа нь 43 сая төгрөг, Н.Баяндалай 8 сая төгрөг өгсөн. Гэтэл маш их мөнгө өгсөн гэдэг асуудал яригдаж байгаад харамсаж байна. Хүний амийг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Манай өмгөөлөгч хүүхдээ найман нас хүртэл хугацааны асран тэтгэх гэм хорын хохирол гаргуулах хүсэлтэй байгааг дэмжиж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу үнэ зөв, шударга шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг болон  гэрч  Т.Баяр-Эрдэнэ , У.Амармөрөн, А.Анхбаяр,Н.Нармандах, Б.Учрал, Л.Хатанбаатар, С.Намхайнямбуу, Э.Янжмаа, Г.Ганзаяа, Б.Эрдэнэсүрэн, Б.Азжаргал, Э.Даваадорж, Д.Ганбат, Д.Ганпүрэв,Б.Гантулга, Б.Батдорж нарын мэдүүлэг /1-р хх- ийн 63-226 дугаар тал/

            Шүүгдэгч Н.Баяндалайгийн  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/

Шүүгдэгч Г.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / 2-р хх- ийн 103-104 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 144 тоот шинжээчийн “...Талийгаач нь зам тээврийн ослын улмаас амьдрах боломжгүй анатомийн бүтэц алдагдсан. Дээрх гэмтлийн улмаас шууд нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цусанд 2.9 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  /2 дугаар хх-ийн  3-6 дугаар тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 164-172 дугаар  тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 11- ний өдрийн 647 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн авто машины доод эд ангиас бэхжүүлэн авсан гэх цагаан өнгийн сэмэрдэс нь хөвөн ширхэгт, хар саарал өнгийн сэмэрдэс нь вискозын хольцтой ноосон ширхэгт байна. Хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн дотуур өмдөний цагаан өнгийн сэмэрдэс нь хөвөн ширхэгт, хар саарал өнгийн сэмэрдэс нь вискозын хольцтой ноосон ширхэгт байна. Шинжилгээнд ирүүлсэн авто машины доод ангиас бэхжүүлсэн гэх утасны сэмэрдэсүүд нь хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн дотуур өмдний утасны сэмэрдэсүүдтэй тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зураг /2-р хх-ийн 29-31 дүгээр  тал/,        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 23- ны өдрийн 577 дугаартай дүгнэлт/ 2-р хх-ийн 36-37 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1050 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 44-46 дугаар  тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 996 дугаартай шинжээчийн...50-32 УНЦ дугаартай авто машинаас авсан гэх 9 ширхэг арчдасанд цус илэрч байна. Э.Оюунболдын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 62-63 дугаар тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...2017 оны 12 сарын 23 01:58:12 цагийн үед 2 хүний байсан газрын цаанаас авто машин гарч ирж камерын бичлэгийн голд харагдах авто замаар явж хоёр хүний харалдаа авто зам дээр 3-4 секунд зогсож байгаад урдаа явж байсан авто машиныг гүйцэж түрүүлээд баруун тийш явж камерт харагдахаа болив. Уг авто машин хар өнгийн “Тоёото Приус” маркийн авто машин байх бөгөөд зам тээврийн осолд холбогдсон 50-32 УНЦ улсын дугаартай авто машин байж болзошгүй байв...гэрэл зураг, бичлэг бүхий СD / 1-р хх-ийн 202-210 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 01 сарын 21-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт   /3- р хх-ийн 65-66 дугаар тал/    хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 4- 9 дүгээр тал/   хэргийн газрын нөхөн үзлэгийн  тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 12-18 дугаар тал / Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зураг / 1-р хх-ийн 36-42 дугаар тал / Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн    тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 48 дугаар  тал/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Амарсанааг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв  байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:   шүүгдэгч Амарсанаагийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.-д заасан хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөхийг  хүсчээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч Г.Амарсанаад эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1.-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь  хуульд нийцсэн байна.

 Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг  үндэслэн шүүгдэгч  Г.Амарсанааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хүнийг тээврийн хэрэгслээр дайрч алах   санаа зорилго байхгүй,өөрийн үйлдлийн улмаас үүсэх хор уршигт болгоомжгүй хандсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Амарсанаагийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар  зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байх тул  анхан шатны шүүхийн оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн, шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Дээрх үндэслэлээр шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7.дугаар зүйлийн 1.3.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1.-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” Гэж,4 дэх заалтын “2 жилийн” гэснийг “1 жилийн” гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Амарсанаагийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

 

                                                                                                       Н.ТУЯА