| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0194/З |
| Дугаар | 221/МА2026/0252 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0252
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн
хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн
хяналтын прокурор Э.Б-ын дүгнэлттэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Б
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.Уранчимэгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1025277 дугаартай шийтгэлийн хуудсаар "Номин даатгал" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0261 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г
Хариуцагч М.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0194/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Б-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.У-т холбогдуулан “2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1025277 дугаартай шийтгэлийн хуудсаар "Но" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0261 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Э.Б-ын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай "Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.У-ийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1025277 дугаартай шийтгэлийн хуудсаар "Но" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г давж заалдах гомдолдоо:
“...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь илтэд хууль бус үндэслэлгүй байх ба Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдахаар зохицуулснаас үзэхэд даатгалын гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг иргэний шүүх шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг шийдвэр гэж үзэж, шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан тул хуулийн төгөлдөр болсон, заавал биелэгдэх шинжтэй байсан мэтээр тайлбарлаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг буруу ойлгож тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч М.У нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үед "Н" ХХК-д Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх хуулийн зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хороо даатгалын маргаантай холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхийг олгосныг үндэслэн хороо "нөхөн төлбөр олгож, хариу мэдэгдэх" албан бичгийг гаргасан хэдий боловч уг албан бичиг нь хуульд заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй, албан бичигт нөхөн төлбөрийг олгох нь зөв, даатгагчийн татгалзаж байгаа үндэслэлийг хууль зүйн үндэслэлтэй няцааж тайлбарлаагүй, уг албан бичгийг заавал биелүүлэхээр хуульд тусгаагүй, хэдий үеэс хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гэх албан бичгийг эс зөвшөөрч даатгагч "Н" ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь хорооны албан бичиг буюу шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт "... шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасныг хангаагүй байна. Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0261 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлтийг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргав.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр прокуророос гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Иргэн Ц.А-аас “Н” ХХК-д холбогдуулан “...Даатгалын байгууллага нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг хянаж, цагдаагийн байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлээр миний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож бичгээр хариу ирүүлэхийг хүсье” гэх агуулга бүхий хүсэлтийг[1] 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргахад тус байгууллагаас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэнэ үү” гэх 9/2678 дугаар[2] албан бичгээр “Н” ХХК-д мэдэгджээ.
2.2. Үүний дагуу “Н” ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4-2/535 дугаар албан бичгээр[3] “...Ц.А-тай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь даатгуулагчаас манайд ирүүлсэн баримтад тухайн зам тээврийн осолтой холбоотой Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулсан талаар баримт ирүүлээгүй байгаа бөгөөд гомдол, мэдээллийн санд бүртгэлгүй байгаа нь баримтаар тогтоогдсон. Иймд манай байгууллагын зүгээс Ц.А-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан 4-2/472 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн журмаар шийдвэрлүүлэх болсон байгааг мэдэгдэж байна.” гэх хариуг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
2.3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.У-ийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025277 дугаартай[4] “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар холбогдогч "Н” ХХК-ийг даатгалын тохиолдол болсон үед Даатгалын тухай хуулийн 9.1.4-т заасан хугацаа, хэмжээнд нөхөн төлбөрийг олгоогүй, даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г эс зөвшөөрч “...даатгалын гэрээний талуудын хороонд үүссэн маргааныг иргэний шүүх шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг шийдвэр гэж үзэж, шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан тул хуулийн төгөлдөр болсон, заавал биелэгдэх шинжтэй байсан мэтээр тайлбарлаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг буруу ойлгож тайлбарласан...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
2.5. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 9.1.4-д “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”, 12 дугаар зүйлийн 12.1-д ”Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ.”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.”,
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус хуульчилсан байна.
2.6. Даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг аливаа этгээд Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдаж болох буюу даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг эхлээд Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх үүрэгтэй, тус байгууллагаас гаргасан шийдвэрийг даатгагч, даатгуулагч хэн аль нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
2.7. Иргэн Ц.А-аас “Н” ХХК-д холбогдуулан “даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгоогүй” гэх асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус байгууллагаас хянаж 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 9/2678 дугаар албан бичгээр “...нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна...нөхөн төлбөрийг олгож...” гэж шийдсэнийг эс зөвшөөрч “Н” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн холбогдогч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ч-ээс авсан мэдүүлэг,[5] “Н” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/738 дугаар[6] албан бичгээр бүрэн тогтоогддог.
2.8. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Н” ХХК нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, үүний дагуу даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох үүрэг “Н” ХХК-д үүссэн, уг үүргээ буюу Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн байна.
2.9. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0063 тогтоолоор “...Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий захиргааны байгууллагын хувьд даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан аливаа маргааныг, түүний дотор даатгалын нөхөн төлбөр олгох эсэхтэй холбоотой маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх эрхийг дээрх хуулийн заалтуудаар олгосон гэж үзнэ... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. Өөрөөр хэлбэл, уг байгууллага нь санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг нийтийн эрх зүйн үүднээс хянан зохицуулах буюу тухайн зах зээлд үйлчилгээ үзүүлж буй этгээдүүд нь холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, хууль зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах чиг үүрэгтэй захиргааны байгууллага юм... Даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгах агуулгатай Хорооноос гарсан шийдвэрийг даатгагч зөвшөөрвөл даатгуулагчид нөхөн төлбөрийг олгох, харин зөвшөөрөөгүй тохиолдолд даатгуулагч шүүхийн журмаар маргах боломжтой, түүнчлэн Хорооноос нөхөн төлбөр олгох үндэслэлгүй талаар шийдвэр гарвал даатгуулагч шүүхэд хандах эрхтэй.” гэж тайлбарласан.
2.10. Энэхүү хэргийн тухайд, Прокурорын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/2678 дугаар албан бичиг, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Н” ХХК шүүхэд хандаагүй, мөн Ц.А “Н” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсантай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй энэ тохиолдолд прокурорын дүгнэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч М.У-ийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1025277 дугаартай шийтгэлийн хуудсыг прокурорын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгох үндэслэлгүй.
2.11. Мөн прокурорын давж заалдах гомдолд дурдсанчлан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг “заавал биелэгдэх шинжгүй, мөн тус байгууллагаас гаргасан шийдвэрт зөвхөн гомдол гаргасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж хуулийг жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасанчлан даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх үүрэгтэй, гаргасан шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг агуулж байх төдийгүй даатгагч болон даатгуулагч хэн аль нь эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор М.Г-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА