Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                                             

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цомог овогт Чойжилжавын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201625022181 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 4 дүгээр гудамжны 446 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ИТ 91082419 / Цомог овогт Чойжилжавын Бямбадорж нь:

 

- 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 8 дугаар гудамжны 5 тоот, хохирогч Т.Одмөнхийн хашаанд нэвтрэн орж, Шимано брендийн япон  унадаг дугуй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж, нийт 650.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт насанд хүрээгүй Т.Бадамдоржийг татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.Одмөнх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 8-5 тоот гэртээ байж байгаад өглөө 8 цагийн үед гэр бүлийн хамт гэрээсээ гараад ажил руугаа явцгаасан. Тэгээд орой 19 цагийн үед ажлаа тараад ирэхэд хашаан дотор байсан Шимано брендийн Япон унадаг дугуй, 2 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн унадаг дугуйнууд алга болсон. Уг дугуйнуудыг хажуу талын хашаагаар давуулаад аваад явсан байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр өөрийн гэрийн хашааны гадна талд бетонон зам цутгуулах ажлыг хөлсний 2 ажилчнаар хийлгэсэн юм. Тухайн үед 30 гаран насны 180 гаран см өндөртэй, нөгөөх нь 25 гаран насны 165 орчим см өндөртэй хоёр залуугаар замын ажил хөлсөөр хийлгэсэн. Уг ажлыг хийлгэснээс хэд хоногийн дараа хашаанаас унадаг дугуйнууд хулгайд алдагдсан гэжээ. / хх 36-42 /

 

Гэрч Б.Батчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Манай нөхөр Т.Одмөнх нь өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 8 дугаар гудамж 5 тоот хашааны гадна талын бетонон зам тавих цутгах ажлыг 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр хийсэн юм. Тухайн үед нөхөр Т.Одмөнх хөлсний 2 ажилчин авчирч  2 өдөр ажиллуулсан. Тухайн үед 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр хашааны гадна талд бетонон зам цутгах ажил дууссаны дараа дугуйнууд хулгайд алдагдсан гэжээ. / хх 59-60 /

 

             Насанд хүрээгүй гэрч Д.Түвшинсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын эхээр Бадамдорж нь хамт юм аваад ирье гэж хэлэхээр нь за гэж хэлээд Ч.Бямбадорж ах, Бадамдорж нарын хамт явсан. Тэгээд Япон цэргийн цогцолбор явах замд баруун талд байрлах гудамж руу ороод банзан хашаа байсан. Хашаа руу нь Ч.Бямбадорж ах, Т.Бадамдорж ах балгасан байшингаас 1 ширхэг хар өнгийн дугуй аваад тэгээд буцаад Т.Бадамдоржийн гэрт нь очоод дугуйг нь хашаанд нь тавьсан. 14 хоногийн дараа 21 цагийн үед Бадамдоржийн хашаанд очиж сагс тоглож байтал Ч.Бямбадорж нь хүрч ирээд дахиад нөгөө газраас дугуй авах шаардлагатай байна гэж хэлэхээр нь за гэж хэлээд дахин очиход нөгөө газар нь дугуй байхгүй байхаар би харилаа гэж хэлээд алхаад явж байтал Ч.Бямбадорж, Т.Бадамдорж хоёр эсктремм зориулалтын унадаг дугуйны рам, обудыг барьчихсан нөгөөдөх нь улаан өнгийн ар талын дугуй нь хагарчихсан унадаг дугуй барьчихсан явж байсан. Би тэр хоёроос “ Хэний унадаг дугуй юм бэ “ гэж асуухад тэр хоёр мэдэхгүй гэж хэлж байсан. Би уг дугуйнуудыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй, тэр хоёр ч надад хэлээгүй гэжээ. / хх 55-56 /

 

             Насанд хүрээгүй сэжигтэн Т.Бадамдорж мөрдөн байцалтын явцад мэдүүлэхдээ: …Би 2015 оны 06 дугаар сарын эхээр өөрийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54-465 тоот гэртээ байж байтал хажуу талын хашаанд амьдардаг Ч.Бямбадорж ах намайг дуудахаар нь очиход Ч.Бямбадорж нь би замын эсрэг талд байрлах айлд шавар зуурмагийн ажил хийсэн. Тухайн үед хашаанд нь гоё дугуй байна лээ гэж хэлэхээр нь тийм үү гэж хэлээд буцаад гэр рүүгээ орсон. Би тухайн үед айж сандарсандаа хамт явсан гэж мэдүүлсэн. Уг дугуйнууд 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Ч.Бямбадорж ахын хашаанд нь байсан. Тухайн үед сургуулийн хичээл эхэлчихсэн байсан үе гэжээ. / хх 79-83 /

 

Эд зүйлийн үнэлгээ / хх 15 /

 

Шүүгдэгч Ч.Бямбадоржийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 73-78 /, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 84-88 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 92  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Т.Бадамдоржийн хамт тэр айлын хашааг давж ороод 3ш унадаг дугуйг хулгайлсан. Би унадаг дугуй сонирхдог учир тэр дугуйнуудыг хулгайлаад өөрийн хашаандаа байлгаж байгаад хохирогчид буцааж өгсөн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Бямбадорж нь 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 8 дугаар гудамжны 5 тоот, хохирогч Т.Одмөнхийн хашаанд нэвтрэн орж, Шимано брендийн япон унадаг дугуй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж, бусдад нийт 650.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт насанд хүрээгүй Т.Бадамдоржийг татан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 24-27 /, … Би 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр өөрийн хашааны гадна талд бетонон зам цутгуулах ажлыг хөлсний 2 ажилчингаар хийлгэсэн юм. Уг ажлыг хийлгэснээс хэд хоногийн дараа хашаанаас Шимано брендийн Япон унадаг дугуй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн 2ш унадаг дугуйнууд алга болсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Одмөнхийн мэдүүлэг / хх 36-42 /, … 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр хашааны гадна талд бетонон зам цутгах ажил дууссаны дараа дугуйнуудаа хулгайд алдагдсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батчимэгийн мэдүүлэг / 59-60 /, … Эд зүйлийн үнэлгээ / хх 15 /,   ...2016 оны 06 дугаар сарын эхээр Т.Бадамдорж нь хамт юм аваад ирье гэж хэлэхээр нь за гэж хэлээд Ч.Бямбадорж ах, Т.Бадамдорж нарын хамт Япон цэргийн цогцолбор явах замын баруун талд байрлах гудамж руу ороод банзан хашаа руу нь Ч.Бямбадорж ах, Т.Бадамдорж ах ороод балгасан байшингаас 1 ширхэг хар өнгийн дугуй аваад  Т.Бадамдоржийн хашаанд нь тавьсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Д.Түвшинсайханы мэдүүлэг / хх 55-56 /, … Уг дугуйнууд 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Ч.Бямбадорж ахын хашаанд нь байсан. Тухайн үед сургуулийн хичээл эхэлчихсэн байсан үе гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн Т.Бадамдоржийн мэдүүлэг  / хх 79-83 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бямбадоржийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Ч.Бямбадоржийн үйлдсэн насанд хүрээгүй Т.Бадамдоржийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 тоот тогтоолоор насанд хүрээгүй сэжигтэн Т.Бадамдорж нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрээгүй байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож / хх 126 / шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Чойжилжавын Бямбадоржийг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Ч.Бямбадоржид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Чойжилжавын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Бямбадоржийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Бямбадорж нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ч.Бямбадоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Ч.Бямбадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ