Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Иргэдийн төлөөлөгч: Ч.А,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Эаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Бд холбогдох 2035000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 11-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бийн Б /РД:.................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Бнь согтуугаар, Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Т.Мын цээжин тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Т.Мын цээжин тус газарт хутгалсан болох нь:

Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтад хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Увс аймгийн Улаангом сумаас Тэс сум руу нагац ах Яын хүү Сын гэрийн бүрлэгний найранд оролцохоор 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр явсан. Тэс суманд очоод 3-4 өдөр хадлангийн ажил хийсэн ба 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр туахйн найр болсон өдөр 13 цагийн үед Я ахын гэрт очсон. Тухайн үед О, А, Б бид нар дундаа төмөр цагаан тавагтай мах идээд сууж байсан ба миний зүүн гар талд Б.Б, баруун гар талд А, миний өөдөөс хараад О сууж байсан.Тэр үед А архи тойруулж байсан бөгөөд Б.Б нэлээн согтуу байсан ба “алчихна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамаатан садан учраас “чи юу яриад байгаа юм залуу” гэж хэлсэн. Б.Б бидний мах идэж байсан хутганы нэгийг авахад О авчихсан, дахиад би мах идэж байгаад тавьсан жижиг бор шар өнгийн хутгыг аваад баруун гартаа бариад сууж байгаад намайг хутгаараа чичих шиг болсон ба би түүний өмнөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй сандал дээр сууж байхад А “наадах чинь хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд боссон. Миний цээжний хэсэгт юм урсаж байгаа мэт нижигнэсэн чимээ гарсан бөгөөд би цээжин дээрээ дараад гэрээс гараад шууд эмнэлэг рүү явсан. Тухайн үед Б.Бнамайг цохиогүй бөгөөд хутгатай гараараа чичээд буцаагаад гараа татсан. Миний цээжний зүүн хавирганы хэсэг рүү дүрээд буцаагаад авсан. Намайг хутгаар маш хурдан цохиод авах шиг болсон. Би бодохдоо цочоож айлгах гэж тийм үйлдэл гаргасан гэж бодсон. Ямар шалтгаанаар намайг хутгалсан болохыг мэдэхгүй. Бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй, бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. “Ална шүү” гээд согтуу томроод байхаар нь “чи юу яриад байгаа юм залуу, зүгээр байгаарай” гээд хэлчихсэн. Би тухайн үед эрүүл байсан ба ганц нэг хундага л архи уусан. Б.Бшиг ихээр хэтрүүлэн хэрэглээгүй байсан. ...Б.Бнь намайг эмнэлэгт хэвтсэн түүний ор хоногийн мөнгө болох 40 гаруй мянган төгрөг, Жаргалант эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 105.000 төгрөг, мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад аппарат 250.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч ирж өгсөн. Мөн нэг хонь авч ирж өгсөн байсан. Одоо миний шархны хэсгээр хөндүүрлэн өвдөж байгаа, шарх ачаалал их авахаар өвдөж байгаа. Өөрөөр өвдөж зовуурилах зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй, надад учирсан хохирлыг Б.Баар төлүүлж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54, 55-56-р тал/,

Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Я ахын хашаанд очоод ах дүү нараараа 10 цагийн үед найрны үйл ажиллагаа эхэлсэн юм. Би найрны үйлчилгээний гэрт мах чанаад хүмүүст үйлчилдэг ажилд хуваарилагдаад мах чанаад байж байтал манай садангийн залуу болох Б.Б найранд ирэхдээ нэлээн согтуу ирсэн юм. Тэгээд найр дундаа орж байтал Б.Б бид хоёр махны гэрт мах гаргаад идэх гэж сууж байтал гаднаас найранд орохоор М, О нар хамтдаа орж ирсэн. Тэгээд бид хоёр мэнд асуугаад хамтдаа найрны мах чанаж байсан гэрийн баруун талын дэвсгэр дээр тавагтай мах дундаа тавиад гэрийн хоймор талд нь О суугаад Оийн баруун гар талд нь Баярмагнай, Баярмагнайгийн баруун гар талд нь М, Мын баруун гар талд нь би суусан ба бид нар адууны махыг 2 хутгаар ээлжилж идэж байсан. Тэгж байтал Т.М Б.Бхоёр мах идээд сууж байснаа өөхтэй мах чи идэж чадах уу гэх мэтээр маргалдаад ч байгаа юм шиг, хэлэлцээд ч байгаа юм шиг яриад байсан. Тэгж байгаад би махаа хутгагүй идээд сууж байтал Б.Б, О нар хутгаар мах идэж байгаад М Б.Бд хандаж хутгаа надад өгчих, би мах идмээр байна гэхэд Б.Б“чи наад махаа хутгагүй ид” гээд хэлцэлдэж байгаад гэнэт Б.Бюу ч хэлэлгүй, үгийн зөрүүгүй баруун гартаа барьж байсан бор, шар өнгө хосолсон иштэй жижиг хутгаар баруун гар талд нь сууж байсан Мын зүүн хавирга орчим газарт нь хутгаараа дүрээд авчихсан. Тэгэхээр нь би сандраад Оэд наадах Б.Бчинь Мыг хутгалчихлаа, хутгыг нь аваач гээд боссон. Гэтэл Б.Б бас боссон ба тэндээс О босоод Б.Бгийн хутгатай гарыг нь барьж байхад нь би хутгыг нь булааж аваад гэрийн баруун талд байсан шар өнгийн шкаф дээр тавиад М руу харахад тэрээр “наад хутга чинь миний бие рүү орчих шиг боллоо” гээд сууж байсан. Тэгэхээр нь би Т.Мын цээжин хэсгийн хувцсыг нь сөхөөд үзтэл Мын биеийн хөхний доод хэсгээр хутганы шарх гарч, цус алдаж байхаар нь эмнэлэг явъя гээд гэр бүрж байсан С гэх залуугийн машинтай С О хоёр Мыг аваад эмнэлэг рүү явсан юм. ...Хохирогч Т.М хутгалуулах үедээ дээгүүрээ хар өнгийн куртиктай, куртикны энгэр нь задгай байсан. Дотор нь хар саарал өнгийн ноосон цамц, дотор нь улаан өнгийн нимгэн ноосон цамц, дотор нь саарал өнгийн футболктой байсан. Доогуураа ямар өмдтэй байсныг нь санахгүй байна. Би Т.Мыг ямар хувцастай байгааг нь сайн санаад байгаа нь түүнийг хутгалуулсны дараа цамцыг нь дээш татаж үзсэн учир сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

Гэрч Я.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэр бүрэх ёслолоо хийх гэж 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс суманд ирсэн бөгөөд өөрийн авга ах Ю.Д гэх хүний хашаанд шинэ гэрээ барьж, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүрэх найрын ажлаа 10 цагт эхлүүлсэн. Би найранд ирсэн хүмүүсийг өөрийн эзэмшлийн Ниссан Экстриал загварын ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгч байсан. Цагийг нь сайн санахгүй байна, найранд ирсэн хүнийг хүргэж өгчихөөд гэрт ирэхэд Ц.О ах надад хандаж машинаа хурдан асаа Б.Б Мыг хутгалчихлаа түргэн Мыг эмнэлэгт хүргэж өгье гэж хэлээд миний машинаар М ахыг сумын эмнэлэгт О ахын хамт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,

Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт эхнэр, 4 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Я ахын залуу Сугарын гэрийн бүрлэгний найранд 13 цагийн орчимд Т.Мын хамт очиж Я ахад бэлэг өгчихөөд 13 цаг 30 минутын үед явах гэхэд хоол орж ирэхээр нь М бид хоёр мах чанаж байсан гэр буюу Ю.Дахын гэрт орж мах идсэн. Ю.Дахын гэрт ороход Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн, Ц.А мах чанаж байсан. Тэгээд бид нар мэнд асуугаад хамтдаа найрны мах чанаж байсан гэрийн баруун талын дэвсгэр дээр тавагтай мах дундаа тавиад гэрийн хоймор талд нь О суугаад Оийн баруун гар талд нь Б.Б, Б.Бгийн баруун гар талд нь Т.М, Т.Мын баруун гар талд нь би суусан ба бид нар адууны махыг 2 хутгаар ээлжлээд идэж байсан. Тэгж байтал Т.М Б.Бхоёр мах идээд сууж байснаа өөхтэй мах чи идэж чадах уу гэх мэтээр маргалдаад ч байгаа юм шиг, хэлэлцээд ч байгаа юм шиг яриад байсан. Тэгж байгаад би махаа хутгагүй идээд сууж байтал Б.БО нар хутгаар мах идэж байгаад М Б.Бд хандаж хутгаа надад өгчих, би мах идмээр байна гэхэд Б.Б“чи наад махаа хутгагүй ид” гээд хэлцэлдэж байгаад гэнэт Б.Бюу ч хэлэлгүй, үгийн зөрүүгүй баруун гартаа барьж байсан бор, шар өнгө хосолсон иштэй жижиг хутгаар баруун гар талд нь сууж байсан Мын зүүн хавирга орчим газарт нь хутгаараа дүрээд авчихсан. Тэр үед Ц.А надад хандаж наадах Б.Бчинь Т.Мыг хутгалчихлаа, хутгыг нь аваач гээд боссон. Гэтэл Б.Ббас боссон ба би дагаж босоод Б.Бгийн хутгатай гарыг нь барьж байхад нь Ц.А хутгыг нь булааж аваад гэрийн баруун талд байсан шар өнгийн шкаф дээр тавьсан. М бид нар руу хандаж “наад хутга чинь миний бие рүү орчих шиг боллоо” гэж хэлсэн ба Ц.А Т.Мын цээжин хэсгийн хувцсыг нь сөхөөд үзтэл Мын биеийн хөхний доод хэсгээр хутганы шарх гарч, цус алдаж байхаар нь гэр бүрж байсан С бид хоёр Т.Мыг аваад эмнэлэг рүү явсан. ...Тухайн өдөр Т.М бид хоёр мал хайж яваад Ю.Я ахын залуугийн гэрийн найранд очсон учир би эрүүл байсан. Харин Т.М урд өдөр нь бас найранд явах үедээ уусан архи нь гараагүй халамцуу байх шиг байсан. Б.Бгийн хувьд найранд ирэхдээ л согтуу ирсэн бөгөөд найрны гэр рүү ороод архи нэмж уугаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/,

Гэрч Т.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай төрсөн хүү М Улаангом сумаас Тэс сумын нутаг руу хадлангийн ажил хийхээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явсан. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 14 цагийн үед манай төрсөн хүү Лхагва руу хэн ярьсан нь мэдэхгүй, манай төрсөн хүү Т.Мыг Б.Бгэгч нь хутгалсан талаар хэлсэн. ...Бид нар Улаангом сумаас мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч нарыг аваад хоёр машинтай Тэс сум руу гарч 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн үед очсон бөгөөд хагалгаа 3 цаг өнгөрөөд эхэлсэн. ...Хагалгаа дууссаны дараа Г эмч хэлэхдээ 2 литр цус цээжний хөндийгөөс авсан, 500 грамм цус нөжирсөн, 1.5 литр шингэн цус авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-45- р тал/,

Шүүгдэгч Б.Бн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Я гэх айлын хүү Сугарын гэр бүрэх ёслолын ажиллагаанд ойролцоогоор 9-10 цагийн үед очсон. Тэднийх Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутагт байрлах Дашгомбын хашаанд байсан бөгөөд Я.Сын гэрийг барьж найрласан. Ойролцоогоор 13-14 цагийн үед Т.М нь найранд ирсэн ба Яын гэрт ороод дахиад шинэ босгосон монгол гэрт орсон. Тэр гэр рүү орчихоод дахиад мах чанаж байсан гэр рүү ороод Ц.А, Ц.О, Т.М бид нар хамтдаа суугаад мах идэж байсан ба мөн 1 шил архи тойруулаад ууж байсан. Би хутга аваад тавагтай мах идэх гэхэд Ц.О миний гараас хутга булааж авсан, би хутгаа өгчих, хоол идмээр байна гэхэд Ц.О амаараа ид гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр зүйл ярьж байгаад Т.М мах идчихээд буцаагаад тавагтай мах дээр тавьсан хутгыг аваад хоорондоо үл ялиг маргалдаж байгаад хутгатай гараараа Т.Мыг цохиод буцаагаад авахад хутганы үзүүр Т.Мын бие рүү орчихсон, би түүнийг хутгалчихсан байсан. Түүний дараагаар миний гараас Ц.А хутгыг булааж авсан, би махны гэрт үлдсэн Т.М гэрээс гараад зогсож байгаад шүүс гоожиж байна гээд эмнэлэг рүү явсан. ...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолт өндөртэй байсан, хэр хэмжээгээр хэрэглэсэн гэдгээ санахгүй байна. Т.М бид хоёрын дунд өш хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би Т.Мыг ямар нэгэн санаа зорилгоор хутгалаагүй, түүнийг хутгалъя гэж бодоогүй. Ямар шалтгаанаас болж хутгалах ямар ч шалтгаан байхгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан юм. Энэ миний буруу, би хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад Т.Мын биед гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэгүүдээр нотлогдож байна.

Т.Мын өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 23-31-р тал/,

Гэрч Ц.Б /Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 04-нд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус аймгийн Тэс сумын хүн цээжин тус газраа хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Улмаар Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга П хагалгааны баг томилж бид нар 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой Улаангом сумаас Тэс сум руу явсан. Хагалгааны багт би, мэс заслын их эмч Г, сэхээний эмч П, сэхээний сувилагч Н, хагалгааны сувилагч А нар Г эмчээр ахлуулж явсан. Бид нар 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн үед очсон байх. Очоод өвчтөнийг үзэхэд Т.М шокны байдлаас гарч байсан бөгөөд цээжинд шархтай оёдол тавьсан, даралт тогтворжсон байсан. Оёдлыг авч шархыг шалгаж үзэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн багаж оруулахад урдаас даралттай цус гарч ирж байсан. Үүний өмнө чагнаж үзэхэд зүүн уушиг цулцангийн амьсгалтай боловч 7 дугаар хавирганаас доош дүлий, амьсгал сонсогдохгүй байсан. Шархыг шалгаад цээжний хөндий рүү шарх нэвтэрсэн, цээжний хөндийд цус алдалттай байсан. Яаралтай хагалгааны заалт гарсан тул яаралтай журмаар цээжний хөндийг нээж шалгах, цус алдалтын шалтгааныг арилгах, цээжний хөндийд гуурс тавихаар болсон. Т.Мын биед хагалгаа хийж орж шалгахад цээжний зүүн талаар зүрхний оройн зүүн талаар үнхэлцэг хальсийг гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байсан. Цээжний хөндийд 1.500 мл цустай, шархнаас цус шүүрч гарсан байдалтай байсан. Бид цусыг соруулж уушгийг шалгахад уушгинд гэмтэлгүй, үнхэлцэг хальсанд оёдол тавьж, цээж рүү нэвтэрсэн шархны цус алдалтыг тогтоож оёдол тавьсан. Цээжний хөндийг угааж цэвэрлэн гуурс тавиад аппаратанд холбоод цээжний хөндийг хааж хагалгааг дуусгасан. Түүний дараагаар эмчилгээ хийж аймгийн төв рүү тээвэрлэн авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

Гэрч Г.А /Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн хагалгааны сувилагч/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд хагалгааны багажаа бэлдээд Улаангом сумаас Тэс сум руу явсан. Нэгдсэн эмнэлгээс гарахаас өмнө манай нэг ажилтан архи ууж байгаад нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан гэж хэлсэн. Тэс сумын төвд 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн үед очсон бөгөөд мэс заслын 2 эмч, эхоны эмч, сувилагч Н, эмч П нар явсан. Өвчтөнийг эмч нар үзсэн ба бид нар хагалгаанд ороход хохирогч гэх залуугийн биед хагалгаа хийж цээжин дэх илүүдэл цусыг авч хагалгаа хийж дууссан. Тухайн залуу нь цээж рүү нэвтэрсэн хутганы шархтай байсан. Хагалгаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 03 цагт эхэлж, 06 цагт дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72- 73-р тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 667 дугаартай “Т.Мын биед гэмтэл учирсан байна. Цээжний хэсэгт нэвтэрсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 90-р тал/-үүдээр шүүгдэгч Б.Бн үйлдлийн улмаас хохирогч Т.Мын биед учирсан гэмтэл хүнд гэмтэлд хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-2.5 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд энэ зүйлийн 2.4-д: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан байна. Энэ зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэсэн байх тул үйлийн хайч нь аливаа биетийг гэмтээх чадвартай, иж бүрдэл бүхий хүйтэнд зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.Бг зэвсэг хэрэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бнь хохирогч Т.Мын цээж хэсэгт хутгалсан нь хууль бус бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирол учирч болохыг мэдсээр байж зориуд хутгалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.М шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Т.Мын “хохиролд нийт 1.495.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй” гэх тодорхойлолт зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бг нь “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ял оногдуулах үндэслэлтэй байна. Б.Бнь урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бн хувийн байдлын талаарх гэрч Ц.Оын өгсөн “...Миний зээ дүү Б.Б нь хүүхэд байхдаа их төлөв даруухан зантай, аймхай, хүнийг хэлсэн үгийг маш сайн биелүүлдэг, ажилсаг тусархуу, ээж аавынхаа хэлсэн үгэнд сайн ордог хүүхэд байсан. Б.Б нь 2014 онд байх Мг гэх бүсгүйтэй гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин сууж амьдардаг, эхнэр нь Үсчиний газар ажиллуулдаг, Б.Бнь эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ хардаг, хааяа хөдөө явж мал малладаг. Б.Бн том охин 6 настай, Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн 1 дүгээр ангид сурдаг, бага хүүхдийнх нь нэрийг нь мэдэхгүй байна. 2 настай нялх хүүхэд байдаг. ...Б.Бнь зан байдлын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилсаг тусархуу, эелдэг зөөлөн зан ааштай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хүний үгэнд сайн ордог хүн юм. Гэр бүлтэй болсноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Гэхдээ хэтрүүлж хэрэглэдэггүй байх. Б.Бд ямар нэгэн муу зуршил байхгүй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/,

Гэрч Д.Оын өгсөн: “...Б.Бнь 2013 онд манай авга дүү Мтай гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш хамт амьдарч байгаа, одоо 7 дахь жилдээ амьдарч байгаа ба 2 хүүхэдтэй, том охин Цовоо нь 6 настай, бага хүүхэд Б нь 1 нас 8 сартай. Б.Б нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилсаг тусархуу, эелдэг зөөлөн зан ааштай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, цайлган цагаахан сэтгэлтэй. Бусдыг ялгаж харилцдаггүй. Б.Бнь айлын ууган хүү бөгөөд доороо 3 дүүтэй. Дүү нар нь хөдөө мал малладаг, хотод оюутан, нэг дүү нь аав ээжтэй нь хамт амьдардаг. Б.Бнь эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ хардаг, хааяа тус аймгийн Тэс сумын нутагт барилгын ажил хийгээд байдаг, тогтсон ажилгүй, мэргэжилгүй. Б.Бнь Улаангомд ирсэн үедээ манайхаар байрлаад явдаг. Согтуу ирж байсан удаа байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэр хэмжээгээр хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ ямар зан авир гаргадаг гэдгийг нь мэдэхгүй. Харин тамхи татдаггүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Гэр бүлийн маргаан байдаггүй, хоорондоо эвтэй сайхан амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Т.Мын өмсөж байсан гэх цамц 2 ширхэг, фудболк 1 ширхэг, бор шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бд 3 /гурав/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн 2 ширхэг цамц, 1 ширхэг богино ханцуйтай цамц, бор шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ГАНСҮХ

                        ШҮҮГЧИД                       Б.МӨНХЗАЯА

                                                                     А.МӨНХСАЙХАН