Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Цд холбогдох эрүүгийн 2235000000...... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................нд ........... аймгийн ................суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн ..........сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бийн Ц, (регистрийн дугаар: ...................),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед Увс аймгийн ..........сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч У.Сгийн эрүүний хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ц нь Увс аймгийн ..........сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед хохирогч У.Сгийн эрүү,шүдний хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас 15 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирлыг нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс гаргуулж, хохирогч У.Сд олгуулж, хохирогч У.С-гийн цаашид гаргах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч У.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өмнө нь ажлаа хийж байсан шиг эрүүл саруул болмоор байна. Мөн Б.Ц-ас хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна” гэх тайлбар, хүсэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг төлсөн. Хохирогчоос шүүхийн шатанд нэхэмжилсэн 15 сая төгрөгийг шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн үед уураа барьж чадаагүйгээс болж өөрийгөө болон бусдыг хохироосондоо харамсаж байна. Хохиролд 3.500.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235000000......... дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч У.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Увс аймагт төрсөн. Увс аймгийн ..........сумын харьяат хүн юм. Одоогоор Улаанбаатар хотод байнгын оршин сууж амьдарч байгаа ба 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ..........сумын 100 жилийн ойгоор нутагтаа очсон байсан юм. 07 сарын 15-ны орой 22 цагийн үед гэрээсээ гараад ..........сумын 4 дүгээр багт байх эмийн сан /хаягийг яг сайн хэлж мэдэхгүй байна, сумын төвдөө байдаг/ орчихоод гараад явж байтал сагсны талбайн ойролцоо зүс таних Б.Ц-тай тааралдаад /урьд нь Ц миний зөөврийн компьютерийг зээлж аваад, буцааж өгөхдөө эвдэлж, би түүнийг нь өөрийнхөө мөнгөөр засуулж байсан, энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гэх/ "чи яагаад надтай холбоогүй болсон юм бэ? гэтэл миний эрүү шүд хэсэг рүү Ц гараараа цохих шиг болсон ба миний чих, эрүүнээс цус гарсан. Тэгээд Ц эрүү чинь мултарсан юм шиг байна гээд намайг дагуулаад сумын эмнэлэгт очиж үзүүлтэл, үзэх боломжгүй гэсэн. Аймгийн эмнэлэгт очиж үзүүлтэл мөн тэнд эмчлэх боломжгүй гээд 13а тоот маягт бичиж өгөөд Улаанбаатар хотод очиж үзүүлэх шаардлагатай гэхэд Ц би маргааш барилдаантай юмаа, чи цаашаа яваад үзүүлчих, эмчилгээний зардлыг би гаргаж өгнө гэхээр би тохиролцоод Ц-ыг явуулаад, өөрөө Улаанбаатар хотод 07 сарын 16-ны өглөө ирж нэгдүгээр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөөд 07 сарын 19-ний өдөр эрүү нүүрний хагалгаанд орсон юм. Эмч намайг эрүүний хоёр хугаралтай байна гээд эрүүний доод хэсгээс хагалгааны үеэр яс авсан, урд хоёр үүдэн шүдийг маань авсан. Тухайн үед эмчилгээний зардал 3.200.000 төгрөгийн эмнэлгийн хагалгааны зардал гарсан ба би Цтай холбогдон миний дансанд 3.500.000 төгрөгийг 2022 оны 07 сарын 26-ны өдөр миний ..............  тоот данс руу шилжүүлээд, үүнээс гадна өөр зардал гарвал надад хэлээрэй би эмчилгээний зардлыг гаргаж өгнө гэж хэлсэн. Гэхдээ тухайн үеэс хойш надтай хааяа хааяадаа чат бичдэг байсан ба 9 дүгээр сарын 01-ний өдөр над руу чат бичиж байсан. Тэгээд тухайн үед би эмнэлгээр явсан, мөн намайг бэртсэнийг гэрийнхэн маань мэдээд цагдаад ханд гэсний дагуу Увс аймгийн цагдаагийн газар хандсан юм. " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 172-177 дахь тал),

2. Гэрч Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Увс аймгийн ..........сумын нутагт 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би гадаа талбайн шийдэн дээр сагс тоглож байсан юм. Ц хамт сагс тоглож байснаа С цаанаас шийдэн дээр ирэхэд талбайгаас гараад тэр хоёр уулзаад шийднээс 5-6 метр орчим зайтай гадаа хоорондоо зүгээр юм яриад зогсож байсан. Тэгээд хоорондоо маргалдах шиг болсон,тэр хоёрын дуу өндөрсөөд байхаар нь би хартал нэг нэгэнтэйгээ нүүр тулчихсан зодолдож байхыг би харсан. Тэгээд сагс тоглож байгаад эргээд нэг хартал С доошоо тонгойгоод 4 хөллөсөн байхаар нь би очоод юу болсон юм бэ гэтэл Ц бид нар өөрсдөө учраа олчихно гээд цаашаа тоглоомын талбай руу хамт явсан. Тэгээд би дахиж очоогүй. Тэгээд тэр оройдоо С рүү залгатал утасны дуудлага аваагүй ба маргааш нь залгаад юу болсон талаар асуухад Ц намайг эрүү рүү цохиод би эмнэлэгт үзүүлээд хот руу явж байна гэж ярьж байсан. Тухайн үед С, Ц нарт надаас өөр хүн ойрхон байгаагүй...С 4 хөллөөд газар доошоо хараад байж байсан. Би юу болсон талаар асуутал Сг Ц дагуулаад бид нар хоорондоо учраа олчихно гэж хэлээд саравч руу хамт явсан юм. Тэгээд тэр хоёр цаашаа эмнэлэг талруу явахыг би мөн харсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 178-180 дахь тал),

3. Гэрч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би тус аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүү, нүүр, амны их эмчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад У.С гэх эрэгтэй ирж үзүүлсэн. Түүний биеийн байдал хэвийн, ярианы хязгаарлалттай, хоол унд идэж чадахгүй, шөнө орой унтаж чадахгүй, амны хэсгээр зовуурьтай, ам ангайхад хязгаарлалттай байсан. Ерөнхий биеийн байдал сайн байсан. Би түүний амны гадна талын хэсгээр харахад эрүүний гадна талын хэсгээр хавдсан, хөхөрсөн байдалтай, ооч хэсгээрээ хаван хавдартай байсан. Шарх, шалбархай бол байхгүй байсан. Амны дотор талын үзлэгээр эрүүний ооч орчмоор 31, 41 дүгээр шүдний /Олон улсын хэллэгээр/ голоор эрүү хугарсан, зөрүү үүссэн байдалтай, ам ангайхад хязгаарлалттай байсан. Мөн эрүүний зүүн хэсгийн арын сэртэн яс хугарсан байдалтай байсан. Бидэнд хагалгааны хадаас, шрупп байхгүй учраас Улаанбаатар хот руу Улсын нэгдүгээр эмнэлэг рүү 13А маягт буюу өвчтөн илгээх хуудсыг бичиж өгч явуулсан..гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал);

4. Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Тэр өдөр манай ургийн баяр ............. багийн Баянбулаг гэх газарт болж байсан ба Сгийн ах М гэдэг залуу ирж миний хүү Цтай уулзаж, миний дүүг чи зодсон байна чамайг сумын төв рүү орж цагдаад өгнө гэж ярьж байхыг би сонсож хүүгээ зодооны асуудалд орсон болохыг мэдсэн. ...Би Сгийн ах М гэх залуутай энэ үйл явдал болсноос хойш сүлжээтэй газар очиж утсаар ярьж дүүгийнх нь биеийн байдлыг асууж хохирол эмчилгээний зардал дээр тус дэм болохоо хэлдэг байсан. Гэр орны бууц шилжилт хөдөлгөөн, мал аж ахуй гээд сүүлийн 1 сарын хугацаанд холбоо барьж чадаагүй, би эмчилгээний зардалд нь тус болохоор банкнаас 3.500.000 төгрөгийн зээл авч, С-гийн данс руу шилжүүлсний дараагаар холбоо барихад биеийн байдал хэвийн байгаа, эдгэж байгаа гэж хэлдэг байсан. Сүүлд холбоо барихад М гэх залуу 20 сая төгрөг өг, эсхүл үнэ дүйцэхүйц адуу мал байгаа юу гэж асуусан. Би надад тийм их эд хөрөнгө, мал байхгүй, эгч нь 100 хүрэхгүй бог малтай, 2 залуутайгаа амьдардаг, ганц бие эмэгтэй гэж хэлэхэд тэр чинь надад хамаагүй, ямар нэгэн байдлаар олж өгч чадахгүй бол хүүхдийг чинь шоронд явуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал);

5. Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц-ыг хүн зодсон талаар сайн мэдээгүй, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн ..........сумын нутагт манай ах дүү нарын ургийн баяр болсон тэр үеэр Ц хүн зодсон талаар хүмүүсийн ярианаас сонссон. Өөрөө болон түүний төрсөн ээж миний дүү Н нар надад ямар нэгэн зүйл хэлээгүй, сураг сонсоход хүн зодоод ..........сумын төвд байдаг хашаа байшингаа барьцаалаад 4 сая төгрөг төлсөн гэх сураг сонссон. Би тэд нараас болсон хэргийн талаар асууж тодруулаагүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал);

6. Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын хэдний өдрийг сайн санахгүй байна, маргааш нь наадам болох гэж байсан юм. Би ..........суманд очоод найз Ц-ын хамтаар ..........сумын сагсны талбай дээр очиж тоглочихоод гараад явж байхад С надтай хамт явсан Ц-ыг дуудаж надаас зайдуу уулзаад зогсож байсан. Тухайн үед намайг утсаа оролдоод зогсож байтал найз Ц болон С нар хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгасан. Ц болон С нар нь нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй байсан. Би Ц найзыгаа авч явах гэтэл С, Ц-ын цамцнаас зуурч татаад нэг заамдаж барьсан. Тэр үед Ц нь Сг чи яваад өг, би маргааш барилдана гэж хэлсэн. Харин С нь Ц-ыг найз гэж ийм байдаг юмуу гэж хэлээд юм нэхээд байгаа юм шиг зуурсан, тэгээд тэр хоёр дахиад учраа олно гээд цаашаа явсан, би гар утсаа оролдож зогсож байгаад харахад С нь Ц-ыг өвдөглөж байсан. Ц зөрүүлж цохиод С нь газар унаад босоод ирсэн. Тэгээд би дахиж очоод салгасан, Ц хоёулаа учраа ольё гээд цааш дагуулаад явсан. Би тэр хоёрыг орхичихоод Ц-ын гэрлүү явсан. Тэр хоёр удахгүй араас инээлдээд орж ирсэн. Маргааш нь наадам болж өнгөрөөд би Ц-ын гэрт байсан. Тухайн үед Ц гэртээ байхгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй байхад С-ийн ихэр Б ирсэн. Сгийн эрүү хугарсан байна Ц, С хоёрын хооронд юу болсон талаар асуучихаад явсан юм...Ц Сгийн нүүр хэсэгт нэг удаа унатал нь цохисон. Би нүүрний яг аль хэсэгт яаж цохисон талаар мэдэхгүй. ..Над руу Сгийн ах М залгаж Ц, С нарын хооронд юу болсон юм бэ, Сгийн эрүү хугарсан байна, чи хажууд нь байсан юм уу гэж асуусан талаар би Ц найзад хэлэхэд Ц Сгийн эрүүний талаар ярисан уу? харин хугарсан байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-153 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ........ дугаартай “....У.Сгийн биед доод эрүүний үений сэртэн, оочийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өөрийн өгүүлж буй 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 169-170 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Эмчийн үзлэгийн “ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 22-ны хооронд тус тасагт Эрүүний үений сэртэн, оочийн зөрүүтэй хугарал оноштой хэвтэн 7 дугаар сарын 20-нд ЕЧА дор “Эрүүний ясыг эвэнд нь оруулж хадах мэс засал, чих тавих, антибиотек эмийн эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал);

2. Хохирогч У.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Ц нь 3.500.000 төгрөгийн хохирол эмчилгээний зардал төлсөн. ..Бид хоёр юм яриад зогсож байтал Ц цаашаагаа эргээд явахаар нь би зүүн талын мөр хэсгээс нь татаад хоёулаа яриагаа дуусгая гэхэд эргээд зогсож байснаа гэнэт намайг цохисон... тэр үед Б юу болсныг харсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 172-177 дахь тал),

3. Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц найзыгаа авч явах гэтэл С, Ц-ын цамцнаас зуурч татаад нэг заамдаж барьсан. Тухайн үед Ц нь Сг чи яваад өг, би маргааш барилдана гэж хэлсэн. Харин С нь Ц-ыг найз гэж ийм байдаг юмуу гэж хэлээд юм нэхээд байгаа юм шиг зуурсан, тэгээд тэр хоёр дахиад учраа олно гээд цаашаа явсан, би гар утсаа оролдож зогсож байгаад харахад С нь Ц-ыг өвдөглөж байсан. Ц зөрүүлж цохиод С нь газар унаад босоод ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-153 дахь тал),

4. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, сайхан боловсон зантай, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, илүү, дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй хүмүүжилтэй хүүхэд юм. Тамхи татаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Б.Ц нь ..........сумын 1 дүгээр багт эх, дүүгийн хамтаар байнга оршин сууж амьдардаг, багаасаа аавгүй өссөн, цөөхөн тооны малтай, өөрөө эрхэлсэн ажилгүй, дүүгийнхээ халамжийн мөнгө болон малынхаа ашиг шимээр амьдардаг. Эдийн засгийн хувьд Увс аймаг, ..........сумын төвд хашаатай, хашаанд хувийн нэг модон орон сууцны байшинтай, 6 ханатай 1 Монгол гэртэй, цөөхөн тооны малтай, өвөлжөө, хаваржааны газар байхгүй, Б-ийн /Ц-ын дүү/ халамжийн мөнгө, цөөхөн тооны малын ашиг шимээр амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин доогуур айл өрх юм. Авъяас, сонирхол ур чадварын хувьд: Ц нь Монгол үндэсний бөхөөр, чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг, сумын начин цолтой, чөлөөт бөхийн спортын дэд мастер, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 удаа хүрэл медаль хүртэж байсан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

5. Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, сайхан боловсон зантай, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, илүү, дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй хүмүүжилтэй хүүхэд юм. Б.Ц-ынх цөөхөн тооны малтай, өөрөө эрхэлсэн ажилгүй, дүүгийнхээ халамжийн мөнгө болон малынхаа ашиг шимээр амьдардаг. Эдийн засгийн хувьд Увс аймаг, ..........сумын төвд хашаатай, хашаанд хувийн нэг модон орон сууцны байшинтай, 6 ханатай, Монгол гэртэй, цөөхөн тооны малтай, өвөлжөө, хаваржааны газар байхгүй, Б-ийн халамжийн мөнгө, цөөхөн тооны малын ашиг шимээр амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин доогуур айл өрх юм. Ц.Нгийн төрсөн дүү Б-тай хамт айл саахалтаар амьдардаг, хамт амьдарч мал малладаг. Эрүү мэндийн хувьд Ц нь урьд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, Сэтгэцийн хувьд эрүүл. Авъяас, сонирхол ур чадварын хувьд: Ц нь Монгол үндэсний бөхөөр, чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг, сумын начин цолтой, чөлөөт бөхийн спортын дэд мастер, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 удаа хүрэл медаль хүртэж байсан. Ц нь сурагч байхдаа мөн үндэсний бөх болон чөлөөт бөхөөр барилдаж байсан, бүсийн чанартай тэмцээнүүдэд шагналт байранд шалгарч байсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12481 дугаартай дүгнэлт,

7. Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ял болон яллагдагчийн эрх, үүрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 80 дахь тал);

8. Шүүгдэгч Б.Ц-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (хавтаст хэргийн 92 дахь тал);

9. Б.Ц-ын эх Ц.Нгийн “2021 оны эцэст бүгд 138 мал тоолсон” гэх баримт (хавтаст хэргийн 97 дахь тал);

10. Хохирогч У.С-гийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн .......... ХХК-ийн захирлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч У.С шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Увс аймгийн ..........сумын 4 дүгээр багийн нутагт сагсны талбайн ойролцоо хохирогч У.Стэй урьд болсон таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар У.С-гийн доод эрүү хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд эрүүний үений сэртэн, оочийн зөрүүтэй далд хугарал гэмтэл учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийн улмаас хохирогч У.С-ийн эрүүл мэндэд доод эрүүний үений сэртэн, оочийн зөрүүтэй далд хугарал гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Шүүх хуралдаанаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.С, гэрч Г.М, П.Б, Ц.Н, Ц.Г, Р.Б нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч У.С-гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч У.С, гэрч Г.М, П.Б, Ц.Н, Ц.Г, Р.Б нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Б-ын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12481 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч У.С-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, түүний доод эрүүний хэсэгт гараараа 1 удаа цохиж, хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ц-ын хохирогч У.Сгийн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Ц, хохирогч У.С нарын хооронд үүссэн үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Б.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Сгийн эрүүл мэндэд “доод эрүүний үений сэртэн, оочийн зөрүүтэй далд хугарал” бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч У.С нь уг гэмтлийн улмаас Улаанбаатар хотод 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 22-ны хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Эрүүний ясыг эвэнд нь оруулж, хадах” мэс засал хийлгэсэн болох нь хохирогч У.Сгийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 01-14 дэх талд авагдсан өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

3. Хохирогч У.Сг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эрүүний ясыг эвэнд нь оруулж, хадуулах мэс засалд орсны дараа 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.Ц нь хохирогч У.Сгийн эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 3.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогч У.С, шүүгдэгч Б.Ц нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 20-22 дахь талд авагдсан У.Сгийн ХААН банк дахь ................ дугаартай дансны хуулгаар нотлогдож байна.

4. Хохирогч У.С нь шүүхийн шатанд шүүгдэгч Б.Цас эрүүл мэндэд нь  гэм хор учруулсны төлбөрт нийтдээ 15.000.000 (арван таван сая) төгрөг нэхэмжилж, үүнийгээ дараах байдлаар тайлбарлажээ.

Тодруулбал: Хохирогч У.С шүүхийн хэлэлцүүлэгт: ”Би Б.Цд зодуулсны улмаас эрүүндээ 2 хугарал авч, хагалгаанд орж, 6 сараас 1 жилийн хугацаанд ажил хийх боломжгүй болсон тул 6 сарын хугацаанд олох байсан орлого, мөн эрүүний ясыг эвлүүлэхэд хадуулсан хадаасыг авахуулахад гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байна. Мөн эрүү хугарсан гэмтлээс болж, миний шүд суларсан учраас эрүүний яс эдгэж бороолсны дараа шүдний аппарат зүүх зайлшгүй шаардлагатай гэж эмч хэлсэн, хугарсан ясыг хурдан хугацаанд бороолуулж, эдгээхийн тулд алтан гагнуур, барагшун зэрэг эмийг тогтмол уух шаардлагатай болсон зэргээс шалтгаалан эдгээр эмийн төлбөр, бусад зардал зэрэгт нийтдээ 15.000.000 төгрөг нэхэмжилнэ.

Мөн би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод байдаг “............” гэх ХХК-д сантехникийн инженерээр орж, ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Б.Цд зодуулж, гэмтэл авснаас хойш 6 сарын хугацаанд ажилгүй байна. Энэ хугацаанд олох байсан цалин, орлогоо 9 сая төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Би хагалгаанд орж, эрүүний хугарсан ясаа эвлүүлж хадуулсан учраас яс бороолж, бүрэн эдгэрч, хэвийн байдалдаа орох хүртэл хүнд юм өргөх боломжгүй болсон. Миний эрүүг 12 хадаасаар хадсан. Хэдийгээр би инженерээр ажилладаг ч ажлын онцлогоос шалтгаалан өдөр бүр хүнд төмөр трубануудыг өргөх шаардлага гардаг, хүнд юм өргөх үед эрүүний яс хөндөгдөх эрсдэлтэй байгаа учраас цаашид яс бороолж эдгэтэл ажлаа хийх боломжгүй байгаа. Иймд надад учирсан хохиролд 15.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ “............” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/22/007 дугаартай албан бичгийн хуулбар, Төрийн үйлчилгээний цахим системээс авсан У.Сгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, кассын орлогын ордер, Сараана шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаарх 2 ширхэг НӨАТ-ын баримт зэргийг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн нь хавтаст хэргийн 120-123 дахь талд авагджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Хохирогч У.С нь шүүгдэгч Б.Цас гэм хор учруулсны төлбөрт нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн 9.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд олох байсан орлого буюу гэмт хэрэгт өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж тодорхойлж, нэхэмжилжээ.

Хохирогч У.С гэмт хэрэгт өртөхөөс өмнө 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “................” ХХК-д сантехникийн инженерээр, сарын 1.691.509.38 төгрөгийн тогтмол цалинтай ажилд орж, 2022 оны 5 дугаар сард 280.469.82 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 1.691.509.38 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 824.049.60 төгрөгийн цалин хөлс авсан болох нь хохирогч У.Сгийн мэдүүлэг болон Төрийн үйлчилгээний цахим системээс авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбараар тус тус нотлогдож байх бөгөөд тэрээр  2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэгт өртөж хохирсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, орлого олох боломжгүй болсон нь тогтоогджээ.

Иймээс тэрээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт өртөн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй байх бөгөөд харин хохирогч У.Сгийн хувьд гэмт хэрэгт өртөж хохирох үедээ “..................” ХХК-д нэг сарын 1.691.509.38 төгрөгийн цалинтай ажил эрхэлж байсан нь тогтоогдож байх тул хохирогч У.Сгийн сүүлийн 3 сард авсан цалин болох  2022 оны 5 дугаар сарын цалин 280.469.82 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын цалин 1.691.509.38 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын цалин 824.049.60 төгрөгийн нийлбэрээс түүний нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дахь хэсгийн 2.1.2-д “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно” гэж заасныг баримтлан хохирогч У.Сгийн 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 13-ны /гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл/ хооронд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг дараах байдлаар тооцов. Үүнд:

Хохирогч У.С нь 2022 оны 5 дугаар сард ажлын 8 хоногийн цалин 280.469.82 төгрөг, 2022 оны 6 дугаар сард ажлын 20 хоногийн  цалин 1.691.509.38 төгрөг, 2022 оны 7 сарын 15 хүртэл ажлын 6 хоногийн цалин 824.049.60 төгрөгийг тус тус авсан нь нотлогдож байх бөгөөд эдгээрийн нийлбэрээр тооцож үзэхэд тэрээр 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийтдээ 34 хоног ажиллаж, 2.796.028.08 төгрөгийн цалин авсан нь тогтоогдож байна.

Хохирогч У.Сгийн сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэр 2.796.028.08 төгрөгийг тухайн хугацаанд ажилласан 34 хоногт хуваахад түүний нэг өдрийн цалин 82.236.12 төгрөг байна.

Хохирогч У.С нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэгт өртсөнөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан нь нотлогдож байх тул түүний энэ хугацаанд дутуу авсан цалин хөлсийг;

2022 оны 7 сарын 15-ны өдрөөс 31-ний хооронд ажлын 10 хоног х 82.236 төгрөг /нэг өдрийн дундаж цалин/=822.360 төгрөг,

2022 оны 8,9,10,11 дүгээр сарын цалинг бүтэн буюу 4 х 1.691.509.38 төгрөг=6.766.037.52 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажлын 9 хоног х 82.236 /нэг өдрийн цалин/ =740.124 төгрөг, нийт 8.328.521.52 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл хохирогч У.С нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд гэмт хэрэгт өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас (822.360+6.766.037.52+740.124)= 8.328.521.52 төгрөгийн цалин, хөлс дутуу авсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Цас гэм хор учруулсны төлбөрт 8.328.521.52 төгрөг гаргуулан хохирогч У.Сд олгохоор байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогч У.Сд 3.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх бөгөөд хохирогчоос тухайн 3.500.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт зарцуулсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс төлүүлэхээр тогтоосон гэм хор учруулсны төлбөр 8.328.521.52 төгрөгөөс Б.Ц-ын нотлох баримтгүйгээр сайн дураараа хохирогчид төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 4.828.521.52 төгрөгийг Б.Цас гаргуулан хохирогч У.Сд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Ийнхүү хохирогч У.С нь шүүхийн шатанд гэм хор учруулсны төлбөрт 15.000.000 (арван таван сая) төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын хэмжээнд 8.328.521.52 төгрөгийн хангаж шийдвэрлэн, уг төлбөрөөс Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтгүй төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж тооцон, шүүхээс гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг 4.828.521.52 (дөрвөн сая найман зуун хорин найман мянга таван зуун хорин нэг) төгрөгөөр тогтоож, шийдвэрлэв.

5. Хохирогч У.С нь эрүүний хугарал гэмтлийн улмаас мэс засалд орж, эрүүний ясыг эвлүүлж хадуулсан нь тогтоогдож байх тул хохирогчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хагалгаа хийлгэсэн зардал, цаашид эрүүний ясыг бэхэлж хадсан эмчилгээний хадаасаа авахуулахад гарах зардал, гэмт хэргийн хор уршгийн улмаас суларсан шүдийг бэхжүүлэх шүдний аппарат зүүх зардал, алтан гагнуур, барагшун зэрэг эмийн зардал зэрэг (шүүхийн шатанд нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн үлдэх хэсэг) хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Цас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.  

Хохирогч У.Сгийн шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаас хавтаст хэргийн 121 дэх талд авагдсан “............” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/22/007 дугаартай албан бичгийн хуулбар, 123 дахь талд авагдсан кассын орлогын ордер, “Сараана” шүдний эмнэлгийн НӨАТ-ын 2 ширхэг баримт зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

Харин гэм хор учруулсны төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч У.Сгийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 122 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлснийг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Б.Ц нь үйлсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь цаашид Улаанбаатар хотод ажиллаж, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа" гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би ээж, дүүгийн хамт амьдардаг. Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй учир ээж дүүг асардаг. Би өөрөө 4 дүгээр курсын оюутан, энэ хэрэгт холбогдоод эхний семитсрийн хичээлээс чөлөө авсан. Одоо манай шалгалтууд эхэлсэн байгаа, ядаж улирлын шалгалтуудаа өгмөөр байна. Сургуулиа төгсөөд ажил хийж, цаашид гарах хохирлыг төлнө. У.Сгийн эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг төлж барагдуулсан. Шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна. Иймд намайг сургуулиа төгсөх боломжоор хангаж, торгох шийтгэлийн хэмжээг багасгаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, бас харамсаж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

5. Хохирогч У.С нь нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 92 дахь тал),  

-Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн хор уршигт 3.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь хувийн байдлын хувьд 2001 онд төрсөн, 21 настай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, түүний төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй, тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ............... сургуулийн төгсөх курсын оюутан гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ц-ын хувийн зан байдлын талаар гэрч Ц.Оюунчимэг, С.Чимэгсүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

7. Иймд шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  3.500.000 төгрөг төлсөн, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, ................... сургуулийн төгсөх курсын оюутан гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц-ын холбогдсон Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Цд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нийтэд тустай ажил хийх ялыг сонгож хэрэглэх нь түүний суралцаж байгаа хувийн байдалд тохирохгүй гэж шүүх үзсэн учраас торгох ялыг сонгож хэрэглэсэн ба Б.Ц-ын ар гэрийн амьдрал, суралцаж байгаа нөхцөл байдал, шүүх Б.Цас гэмт хэргийн хор уршигт 4.828.521 төгрөг гаргуулан, хохирогч У.Сд олгохоор шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Цд оногдуулах торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосноос багасгаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000  төгрөгөөр тогтоож шийдвэрлэх боломжтой, уг эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхээс гадна хувийн байдалд нь тохирно гэж шүүх үзсэн болно.

5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овог Бийн  Ц-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Цд 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  750.000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгэгч Б.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цас гэмт хэргийн хор уршигт  4.828.521.52 (дөрвөн сая найман зуун хорин найман мянга таван зуун хорин нэг) төгрөг гаргуулж, хохирогч У.Сд олгож, хохирогчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт мэс засал хийлгэсэн зардал, цаашид эрүүний ясыг бэхэлж хадсан эмчилгээний хадаасаа авахуулахад гарах зардал, гэмт хэргийн хор уршгийн улмаас суларсан шүдийг бэхжүүлэх шүдний аппарат зүүх зардал, алтан гагнуур, барагшун гэх мэт эмийн зардал зэрэг (шүүхийн шатанд нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн үлдэх хэсэг) хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Цас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Цас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БОЛОРМАА