Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Ц.Сүхбат /томилолтоор/;

хохирогч: Ж.Ванчин-Очир;

шүүгдэгч: Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор оролцов.

 

Шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овогт Чулуунбатын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201725020040 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:      

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 3 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УЗ95021937 регистерийн дугаартай, Сартуул овогт Чулуунбатын Мөнхбаяр.

 

Прокуророос баталж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолоор:

Яллагдагч Ч.Мөнхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглож байгаад Ж.Ванчин-Очирын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхбаяр мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн  шатанд урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Ж.Ванчин-Очир ахаас уучлалт гуйж байна  гэв. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ванчин-Очир мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 дүүтэйгээ хамт 58 дугаар сургууль дээр зааланд сагс тоглосон юм. Тоглож байхад Ч.Мөнхбаярын ах Ч.Анхбаяр “бохир” тоглоод байсан. Ч.Анхбаяр нь миний өөдөөс бөмбөг шидсэн учир би зөрүүлээд нэг удаа цохисон юм. Ингээд салаад байж байтал дүү Ч.Мөнхбаяр нь миний шүд рүү цохиод 2 шүдийг хугалсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Ванчин-Очир /хх-ийн 10/, гэрч Ч.Ганхуяг /хх-ийн 15-16/, Б.Доржжүгдэр /хх-ийн 13/, А.Чанцал /хх-ийн 17/, Г.Энхтөр /хх-ийн 12/, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 77 тоот дүгнэлт /хх-ийн 20/, Ч.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23,26/, Ч.Мөнхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, Ч.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, шинээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, УБ Сонгдо эмнэлгийн төлбөр тооцооны хуудас, М.Чинхүслэнгийн төрсний бүртгэлийн хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Мөнхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ах Ч.Анхбаярыг өмөөрч буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Ванчин-Очирыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Ванчин-Очирын /хх-ийн 10/: “…2016 оны 11 дүгээр сарын 27-ны 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 58 дугаар сургууль дээр 2 дүүгийн хамт очиж заал авсан юм. Хамт тоглож байсан нэг залуу байнга “бохир” тоглоод байхаар нь “цэвэрхэн тогло” гэж хэлтэл Анхаа гэх залуу миний өөдөөс бөмбөг савсан. Тэгэхээр нь би Анхаагийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Найзууд нь ирээд салгасан…Хувцасаа солиод зогсож байтал Анхаагийн дүү Мөнхбаяр нь ирээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Шүд рүү цохиод миний 2 шүд хугарсан…”  гэх мэдүүлэг,

 

              гэрч Б.Доржжүгдэрийн /хх-ийн 13/: “…Бид талцаад сагс тоглоод дуусах дөхөж байтал Анхбаярыг “алдаа хийлээ” гээд нөгөө талын хүмүүс хэлсэн. Ванчин-Очир, Анхаа хоёр муудалцаад хэрэлдээд байсан. Салгах гээд дундуур нь ортол Ванчин-Очир түрүүлээд Анхаагийн шанаа руу нь гараараа цохисон. Тэр хоёрыг салгаад байж байтал Анхаагийн дүү Мөнхбаяр нь “манай ахыг яахаараа цохидог юм!” гээд Ванчин-Очирын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Ванчин-Очир “миний шүд уначихлаа” гэж байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Ганхуягийн /хх-ийн 15-16/:  “...Анхбаяр, Ванчин-Очир хоёр “бөмбөгөө гаргахдаа алдаатай гаргалаа” гээд хоёулаа маргалдаад байсан. Анхбаяр “бөмбөгөө гаргаач” гээд Ванчин-Очир руу бөмбөг шидсэн. Гэтэл Ванчин-Очир эхлээд Анхбаярыг цохиод авсан... Ванчин-Очирыг салгаад заалны буланд зогсоод байж байтал “тас” гээд дуугарахаар нь хартал Мөнхбаяр Ванчин-Очирын шүд рүү цохиод, шүд нь унасан байсан…” гэх мэдүүлэг,

 

            хэрэг бүртгэлтийн ажиллагаанд Ч.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23, 26/: “…Сагс тоглож байгаад дүрмээсээ болоод Ванчин-Очир манай ах Анхбаярын уруул руу гараараа хоёр удаа цохисон…Ванчин-Очир над руу дайраад байхаар нь нүүр рүү нь гараараа “мангасдаж” унагасан…Тэгэхэд шүд нь хөдөлсөн байх, Ванчин-Очирын амнаас цус гарчихсан “шүд уначихлаа” гээд байсан…” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Ванчин-Очирын биед үзлэг хийж хэрэг болсон гэх хугацаанд “ …2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл ба сулрал, дээд уруулын язрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 77 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.  

 

Ч.Мөнхбаярын хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу ах Ч.Анхбаярыг өмөөрч Ж.Ванчин-Очирыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан нь түүнийг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

 

Энэ хэргийн хохирогч Ж.Ванчин-Очир нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан “…гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэргээр батлагдаж байна.

 

Шүүгдэгч Ч.Мөнхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч Ж.Ванчин-Очир нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Уг хэрэг хэрэгсэхгүй болж байгаатай холбогдуулан шүүгдэгч Ч.Мөнхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Чулуунбатын Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Ч.Мөнхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Ч.Мөнхбаярт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ