Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/11451 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, М-ДБ-112-12/11455 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025/06-11-0535 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч У.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 119/2025/0050/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.5, 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/11451 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, М-ДБ-112-12/11455 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025/06-11-0535 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15 дахь заалтад “Дээрх албан бичгийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана”, 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” заасны дагуу тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж нэхэмжлэгч компанийн техникийн харьцуулсан дэлгэрэнгүй тодорхойлолтод бичигдэн цахим хаяг зэргийг хянан үзэж зөвлөмж гаргасан нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул тодруулга аваагүй гэдэг үндэслэлээр захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 136-142 хуудаст нотлох баримт болох 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 07 дугаартай конусан бутлуурын сэлбэг хурлын тэмдэглэлд огт зөвлөмж гаргаж шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс зөвлөмж гаргасан мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасныг зөрчиж хэрэгт байхгүй зөвлөмжийг иш татаж, захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

2.2. Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16 дахь заалтад “Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй” гэж заасан тул “Т” ХХК-ийн үйлдвэрийн итгэмжлэл дээрх зөрүүтэй нэрсийн талаар тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор тодруулга авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь нэхэмжлэгч талаас тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас өөр төрлийн нэмэлт баримт бичгийг тодруулах шаардлагатай гэж маргаагүй. Анхан шатны шүүх тендерийн зөрчилдөөнтэй холбоотой асуудлаар тодруулга авах эрхийг зөрчиж маргаан бүлхий асуудлыг нэмэлт баримт бичиг гэж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч талын тендерийн баримт бичигт үйлдвэрлэгчийн нэрс зөрчилдөөнтэй маргаан үүсгэж, тус маргааныг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Сангийн яаманд хандаж, түүний хариу нь зөрчилдөөнтэй холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тодруулах чиглэл өгсөн. Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг биелүүлэхгүйгээр тендер шалгаруулалтыг шалгаруулж дуусгавар болгосон.

Анхан шатны шүүх зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах, нэмэлт баримт бичиг шаардах зэргийг тайлбарлан хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тендерт оролцож байгаагийн хувьд гэрээ байгуулж, бараагаа нийлүүлэх нь түүний гол хүсэл зориг бөгөөд тендерийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч маргах эрхтэй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж халдсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь уул уурхайн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, цаашид тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцох эрхтэй учир Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий гэрээ нь захиргааны акт буюу тендер шалгаруулсан шийдвэрийг үндэслэн байгуулагдсан, тухайн захиргааны актаас салгаж үл болох шийдвэр байх тул маргаан бүхий акт, гэрээг хууль бус байсан болохыг тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Конусан бутлуурын сэлбэг худалдан авах” ЭҮТӨҮГ/20250102396 дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтыг зарласнаар тус тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 компани оролцож, Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлэн “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, улмаар захиалагчаас “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл, бусад оролцогч нарт тендерт шалгараагүй талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

2.2. Тус тендерт оролцсон “Т” ХХК болон “Э” ХХК-иудаас дээрх захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/9383 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Э” ХХК-иас гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн бол 2025 оны 10 дугаар сарын16-ны өдрийн 02/9436 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Т” ХХК-иас гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

2.3. Үүний дагуу Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн компаниудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Т” ХХК-ийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлснийг тендерт оролцогч “Д” ХХК-иас эс зөвшөөрч, ““Т” ХХК тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1, 20.1-д тус тус заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргажээ.

2.4. Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзээд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/10021 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгээр “... “Т” ХХК тендерт “Н” ХХК-иас тус компанид 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэл, “Н” ХХК-ийн гэх 17422Q20386R1S дугаартай чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээг тус тус ирүүлсэн байна, ... (www.cn***.com)-аас “Н” ХХК-ийн мэдээллийг шалгахад тус компанийг “trade agent” гэж тодорхойлсон, мөн 17422Q20386R1S дугаартай гэрчилгээнд заасан QR кодоор шалгахад “J Co.,Ltd” гэснийг “N Co.,Ltd” гэж гэрчилгээний эзэмшигчийг засаж ирүүлсэн байж болзошгүй, “Т” ХХК-ийн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн гэх “Н” ХХК-ийн итгэмжлэлд ... итгэмжлэл олгосон байгууллага болон үйлдвэрлэгч байгууллагын нэр зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд “Т” ХХК-ийн харьцуулсан техникийн тодорхойлолтод заасан цахим хуудас (www.s***.com)-аас үзэхэд S Co .,Ltd компанийн цахим хуудас байх тул захиалагч тус асуудлыг тодруулж, хянан үзэх нь зүйтэй” гэж үзэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

2.5. Улмаар Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин нягталж ТШЗ 20.1-д тавьсан шаардлагад нийцээгүй гэж дүгнэн шаардлага хангасан тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Д” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсний дагуу захиалагчаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/11451 дүгээр мэдэгдлээр “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн М-ДБ-112-12/11455 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй талаар мэдэгдэж, тендерт шалгарсан “Д” ХХК-тай 2025/06-11-0535 дугаартай “Конусан бутлуурын сэлбэг худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

2.6. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьд анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/11455 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102396 дугаартай “Конусан бутлуурын сэлбэг нийлүүлэх” тендер шалгаруулалтад “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож шалгаруулсан гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/11451 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, М-ДБ-112-12/11455 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025/06-11-0535 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бидний санал болгосон үйлдвэрлэгч болох N Co.,Ltd нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд нэр хүндтэй брэнд бөгөөд www.s***.com/abour-us болон www.g***.gov.cn/corp-query-search-1.html веб сайтуудад дэлгэрэнгүй мэдээлэл нээлттэй байна. Манай компаниас тендерийн баримт бичигт бараа тус бүрийн нарийвчилсан техникийн зураг болон механик шинж чанарын туршилтын тайланг хавсаргаж хүргүүлсэн. J Co.,Ltd нь N Co.,Ltd-ийн дийлэнх 51 хувийн хувьцааг эзэмшдэг тул S нь Х группийн бүтцэд харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг компани. Өөрөөр хэлбэл нэг компани. Sinco брэндийн бүх бүтээгдэхүүн нь J-ийн хяналт дор явагддаг. Бидний тендерийн баримтад хүргүүлсэн 17422Q20386R1S дугаартай чанарын гэрчилгээ нь N Co.,Ltd-д олгогдсон бөгөөд N Co.,Ltd болон J Co.,Ltd нар нь нэг компани, ... 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр “Т” ХХК-ийг үндсэндээ үйлдвэрлэгч мөн үү, биш үү, нэр нь зөрүүтэй байна уу, зөрүүгүй байна уу гэдгийг тодруулсан гэсэн байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тодруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ... тодруулахгүйгээр шийдсэн нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна...” гэж тайлбарлан маргасан байна.

2.7. Анхан шатны шүүхээс “... тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж нэхэмжлэгч компанийн техникийн харьцуулсан дэлгэрэнгүй тодорхойлолтод бичигдсэн цахим хаяг зэргийг хянан үзэж зөвлөмж гаргасан нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул тодруулга аваагүй гэдэг үндэслэлээр захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, ... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Конусан бутлуурын сэлбэг нийлүүлэх” ЭҮТӨҮГ/20250102396 дугаартай тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 20.2.3-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байна ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцжээ.

2.8. Хэдийгээр Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/10021 дүгээр албан бичгээр “Т” ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл болон “Н” ХХК-ийн /N Co.,Ltd/ гэх 17422Q20386R1S дугаартай чанарын удирдлагын гэрчилгээтэй холбоотой асуудлыг тодруулж, хянан үзэх нь зүйтэй гэсэн байх боловч энэ нь хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу зайлшгүй албан бичгээр тодруулга, баримт шаардан авах үүрэгтэй байсан гэж үзэхээргүй байна.

2.9. Учир нь тендерт оролцогч хуулийн этгээдийн хувьд захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримтуудыг ямар нэгэн эргэлзээгүй, үнэн зөв бүрдүүлэн ирүүлэх үүрэгтэй бөгөөд баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг өөрөө хариуцдаг. Харин захиалагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг шаардахгүй гэж хуульд заасан бөгөөд тендерт оролцогчоос ирүүлсэн материалын үнэн зөвийг нотлох үүргийг хариуцагч Үнэлгээний хороо хүлээхгүй. Нөгөөтээгүүр хариуцагчаас Сангийн яамны албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу маргаантай асуудал дээр нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерийн баримт бичгийн хүрээнд тухайлан хяналт хэрэгжүүлж, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д нийцжээ.

2.10. Мөн нэхэмжлэгч компаниас “Н” ХХК /N Co.,Ltd/ болон “Ж” ХХК /J Co.,Ltd/ нар нь нэг компани эсхүл хамаарал бүхий хуулийн этгээдүүд гэх зэргээр тайлбарлах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан “хамтарсан корпорацын тодруулгын албан бичиг” гэдгээс өөр бусад баримт, лавлагаагаар нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.11. Эдгээрээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлээр гуравдагч этгээд “Д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч компаниас дээрх Үнэлгээний хорооны шийдвэртэй нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй, зөвхөн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн захиалагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт хүргүүлсэн мэдэгдэл болон гэрээтэй маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй бөгөөд тус Үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргэхээргүй, тэдэнд үзүүлэх эерэг нөлөөлөл үгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх этгээдийн эрхийг сэргээхүйц байх учиртай.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОДМАА

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН