Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 01

 

 

 

Ц.Бат-Очир нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Бат-Очир, Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1937000000064 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулж байсан, Хасаг овогт Цанхиагийн Бат-Очир,

            Монгол улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Мишиг овогт Дамдинсүрэнгийн Уранчимэг,

            Монгол улсын иргэн,1982 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Эрэнхүү овогт Уранчимэгийн Ганхуяг,

            Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хархойд овогт Шуумарын Оюунхүү,

            Монгол улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Балжин гэгээн овогт Дашдондогийн Дондог-Эрдэнэ,

Яллагдагч Ц.Бат-Очир, Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нар нь бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд мулдак, тайл, цахилгаан мотор, шигшүүр зэрэг багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 6.9 грамм алт олборлож 887715 /найман зуун наян долоон мянга долоон зуун арван таван/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх "Шүүгдэгч Хасаг овогт Цанхиагийн Бат-Очир, Мишиг овогт Дамдинсүрэнгийн Уранчимэг, Эрэнхүү овогт Уранчимэгийн Ганхуяг, Хархойд овогт Шуумарын Оюунхүү, Балжин гэлэн овогт Дашдондогийн Дондог-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Очирыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уранчимэгийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Ганхуягыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ш.Оюунхүүг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Дондог-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Очир Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний ялыг тэнссэн заалтыг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Очирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Очирын эдлэх хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нарт тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нарт мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ц.Бат-Очир, Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон алтны үнэ 887715 /найман зуун наян долоон мянга долоон зуун арван таван/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан мотор, мулдак 3 ширхэг, паажуурын мотор зэргийг хурааж улсын орлого болгож, тайл хэргийн хамт шүүхэд ирээгүйг дурдаж, ашиглах боломжгүй хүрз 3 ширхэг, баригч 1 ширхэг, хуванцар сав 2 ширхэг, паажуурын хөл 4 ширхгийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч  Д.Уранчимэгийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй 70-55 УБЛ улсын дугаартай DONGFENG маркийн машиныг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Ц.Бат-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ц.Бат-Очир, У.Ганхуяг, Ш.Оюунхүү нарын иргэний үнэмлэх, шүүгдэгч Д.Уранчимэг, Д.Дондог-Эрдэнэ нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч нь гэм буруугийн талаар маргаж байгаа ба тухайн үед ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт ашиглалт явуулаагүй, бусдын машин, багаж тоног төхөөрөмж засаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг хамт байсан Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Доног-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдсоор байхад “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь гэм буруугүй хүнд ял халдааж, эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.Ц.Бат-Очир нь биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархинд цус харвасны улмаас зүүн талын мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдаж, зүүн талын гар хөл нь мэдээгүй болж, цусны даралт нь ихсэж артерийн даралт 200 хүрч байнгын эмчийн хяналтад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Бат-Очирт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.       

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Бат-Очир нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд тайл, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 6.9 грамм алт олборлож 887715 /найман зуун наян долоон мянга долоон зуун арван таван/ төгрөгийн хохирол учруулж уг олборлосон алтаа Д.Лхагвадоржид худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон ба Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Иймд шүүгдэгч Ц.Бат-Очир, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Бат-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэн зөвөөр шийдэж өгнө үү би алт олоогүй гэв.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдолд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Ц.Бат-Очир, Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нар нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой “ гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд мулдак, тайл, цахилгаан мотор, шигшүүр зэрэг багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж 6.9 грамм алт олборлож  887715 / найман зуун наян долоон мянга долоон зуун арван таван / төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “ . . . Ц.Бат-Очир нь тусгай зөшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулаагүй. Өөрөөр хэлбэл гар аргаар ашигт малтмал олборлоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон, яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа тул яллагчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна . . . Ц.Бат-Очирын холбогдсон хэргийн нөхцөл байдлыг хянан үзэж түүнд холбогдох үйлдэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү . . . “ гэх давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:

            Ц.Бат-Очир нь Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нартай хамтран  Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Улаан толгой “ гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд мулдак, тайл, цахилгаан мотор, шигшүүр зэрэг багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж  6.9 грамм алт буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 887715 / найман зуун наян долоон мянга долоон зуун арван таван / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Гэрч Б.Барсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” . . . 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Цэцэг сумын байгаль орчны байцаагч Д.Золзаяа, тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанхүү нарын хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Улаантолгой гэх газарт хяналт шалгалт хийж очсон юм. Тэнд 10 машинтай 20-иод хүн газар ухаж, шороо гаргаж ашигт малтмал эрж хайж байсан юм. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ ашигт малтмал эрж хайсан хүмүүс байсан юм. Алтай сумын харъяат гэх Ц.Бат-Очир, шар үстэй эмэгтэй хажуудаа 3 залуутай нэг нүх ухаж байсан юм . . . “ гэх мэдүүлэг / хх-н 48х /,

            Гэрч Д.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч Б.Барсүрэн, тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанхүү нарын хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Улаантолгой гэх газарт хяналт шалгалт хийж очсон юм.

            Тэнд 10 машинтай 20-иод хүн газар ухаж  шороо гаргаж ашигт малтмал эрж хайж байсан юм. Тэр хүмүүст уг газрыг чөлөөлж буу гэсэн шаардлага тавьсан юм. Мөн Алтай сумын харъяат гэх Ц.Бат-Очир, шар үстэй эмэгтэй хажуудаа 3 залуутай нэг нүх ухаж байсан юм . . . “ гэх мэдүүлэг / хх-н 49х /,

            Гэрч Д.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.Уранчимэг гэх хүн 6,9 грамм алт худалдсаныг 690000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг алтыг хаанаас авсанаа хэлээгүй юм. Д.Уранчимэг, Ц.Бат-Очир нар бид нарын дээд талд нэг ухсан шүхэнд байсан ба хажууд нь явсан 3 залуу нэг нүхний шороо гаргаж ухаж байсан юм . . . “ гэх мэдүүлэг / хх-н 60х /, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 19-25х /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 26-30х /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 36-37х /, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт / хх-н 65х /, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх-н 38х /, шинжээчийн үнэлгээ / хх-н 63х / зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.         

            Ц.Бат-Очир, Д.Уранчимэг, У.Ганхуяг, Ш.Оюунхүү, Д.Дондог-Эрдэнэ нарын  үйлдсэн гэмт  хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган Сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31 -ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Очир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Бат-Очирын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 75  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

                                                    ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

                                                                                                               Б.ДАМБА