Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/739

 

 

 

   

 

 

 

 

 

 

   2023          11            16                                        2023/ШЦТ/739

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Л.Т,

шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З холбогдох эрүүгийн 2310014141615 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, **оны ** дугаар **-ны өдөр ** төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С  овогт Д  З  /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З нь нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.У “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас үг хэллэгээр доромжилж, хувцсыг нь шатаана гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг хана руу савж, нүүр рүү гараараа  цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Энэ хэрэгтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг мөн шалгагдаж байгаа. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш хохирогчтой холбоо бариагүй. Хохирол төлбөрийг төлөөгүй байгаа. Хувиараа бизнес эрхэлдэг, сардаа хэдэн төгрөгний орлоготой болохыг тооцож үзэж байгаагүй юм байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би З  гэх залуутай 2022 оны 10 дугаар сараас уулзаж үерхэж эхлээд 2022 оны 12 дугаар сараас нэг гэрт амьдрах болсон. Бид *** тоотод орж амьдарсан. Бид хамт амьдраад 3 сар хагас болж байсан. Гэтэл сүүлийн үед бид хоёр хардалтын улмаас мөн З  ажил хийхгүй байсан шалтгаанаас болоод маргалдаад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс харилцаа муу байсан. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа явахдаа З гоос салъя гээд хувцас эд зүйлсийг нь бэлдээд өглөө нь ажилдаа явсан. Намайг ажилд явсан хойгуур залгаад эхлээд гуйж байснаа сүүлдээ намайг хэл амаар доромжилж миний хувцсыг шатаана гээд байхаар нь ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэх үед миний хувцас эд зүйлсийг минь газар шидээд дээгүүр нь гишгэлсэн байсан. Тэгээд би З д уурлаад цохих гэтэл З  босож ирээд намайг хана руу саваад нүүр рүү цохиж эхэлсэн.Тэр үед миний толгой эргээд доош суумагц намайг заамдаж босгож ирээд цохиод байсан. Тэгээд газарт унаад өшиглөх гэж байхад нь би цагдаа дуудна гээд холдсон. Гэтэл намайг дуудлага өг өг гээд байхаар нь цагдаа дуудсан.  Тэгээд ээж, эмээ хоёртойгоо ярих гэж байтал З  миний утсыг булааж аваад газарт шидэж эвдсэн. Тэгэхээр нь би уурлаад хүзүүг нь маажчихсан. Гэтэл намайг газарт түлхэж унагаагаад хоёр гар дээр хөлөөрөө дарж байгаад нүүр рүү цохиод байсан... Миний биед тогтоогдсон гэмтлийг дан ганц З  учруулсан. Эхэндээ миний нүүр рүү алгадаж байгаад сүүлдээ гараа атгаж байгаад цохисон. Намайг цохих үедээ ямар нэгэн эд зүйл гартаа барьсан зүйлгүй... Би айфоне 14 загварын утсаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4 сая төгрөгөөр Америкаас захиалж авч байсан.Би гар утсаа одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 4671 дугаартай

“-Н.У биед тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/,

           4. Аюулын зэргийн “1” гэсэн үнэлгээ /хх-ийн 8 дахь тал/

           5. Яллагдагч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Тухайн өдөр намайг сэрэх үед ******* ажилдаа явахаар гарсан байсан. Харин би 9 цаг өнгөрөөгөөд сэрээд ажилдаа явах гэж байтал ******* нд руу чатаар хэрүүл хийгээд ажилдаа яваагүй юм уу, босох юм уу гээд байсан. Тэгээд хэрүүл даамжирч намайг гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь би явахаасаа өмнө энэ гэрийг чинь шатаачихаад явна гэж сүрдүүлсэн. Гэтэл удалгүй ******* ороод ирсэн. Тэгээд гартаа тарсан бүх эд зүйлсээ над руу шидээд байсан. Тухайн үед би боль гэж хэлсэн боловч болихгүй байхаар нь 4-5 удаа алгадсан. Гэтэл ******* ингэж байхаар би үхээд өгье гээд гал тогооноос хутга авах гээд байхаар нь би унагаагаад дээрнь гараад суусан. Тэгээд дахиад алгадсан. Тэгээд одоо нэг айгаад над руу дайрахгүй байлгүй дээ гэтэл босч ирээд гар утсаараа намайг цохиод байсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад шидчихсэн. Тэгээд цагдаад дуудлага өгмөөр байна гэхээр нь би өөрийн утсаа өгөөд дуудлага өгүүлсэн. Цагдаа нар бид хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт авч ирээд мэдүүлэг авсан. Тэр өдрөөс хойш би цагдаагийн газарт ирээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/,

            6. Эрэн сурвалжлалт зарласан баримт /хх-ийн 57 дахь тал/

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 43,45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.У “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас үг хэллэгээр доромжилж, хувцсыг нь шатаана гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг хана руу савж, нүүр рүү гараараа  цохих зэргээр хохирогч Н.У нүүр хэсэгт цохиж, биед хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхаар заажээ.

Дээрх гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба шүүгдэгч Д.З нь хохирогч Н.*******тай хамтран амьдрагч болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.З гийн хохирогч Н.У эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.У мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлэг, шинжээчийн 4671 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.З нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүний үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.У эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой 376,000 төгрөгийн баримт, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол буюу хохирогч Н.У гар утсыг эвдсэн хохирол 3,600,000 төгрөг /үнэлгээгээр тогтоогдсон хх-ийн 27-28 дахь тал/-ийг шүүгдэгч төлж барагдуулаагүй болно.

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Д.З гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай эсэх, төлбөр хариуцах чадвартай эсэх нь тогтоогдоогүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.З г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсан болно.

 

  1. Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Д.З холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С  овогт Д  З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Шүүгдэгч С  овогт Д  З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.З гоос эрүүл мэндэд учирсан хохирол 376,000 төгрөг, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 3,600,000 төгрөг, нийт 3,976,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д олгосугай.

            5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэа ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.З сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР