| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00186/и |
| Дугаар | 262 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.У-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, эмэгтэй, 53 настай. 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд зөөгчөөр ажиллаж байсан. 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 дүгээр гуанз өргөтгөн шинэчлэгдэн ресторан болж зохион байгуулагдсан тул Хөх тэнгэр рестораны мэдэлд Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1991 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 84 тоот тушаалаар зөөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1985 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, нөхөн бичилттэй тул 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХНХ-д зөөгчөөр ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У- нь сургууль төгсөөд Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трест буюу 1 дүгээр гуанзад зөөгч, тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Уг газарт зөөгчөөр ажилд орсон бичиг баримт байх боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй байгаа юм. 1983 онд ажилд ороод 1993 он хүртэл ажилласан байдаг. Тиймээс 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г.У-т олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, нөхөн бичилттэй тул түүний ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Г.У нь Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зөөрчөөр, мөн Хөх тэнгэр ресторанд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зөөгчөөр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 08/134 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/
- Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,
- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-р хуудас/
- Г.У-т олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/
- Гэрч Д.Уранчимэгийн “...Би Дэлгэрхангай зоогийн газарт 1984 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 онд мах хангамжийн трест болох хүртэл нь тогооч хийдэг байсан. Намайг ажилд ороход Г.У- Дэлгэрхангай зоогийн газарт зөөгч хийдэг байсан. Хөх тэнгэр гэдэг нэр яригдаад байсан. Би тэр талаар мэдэхгүй. Намайг анх ажилд ороход Дэлгэрхангай зоогийн газар гэдэг нэртэй байсан. 1983 онд Дэлгэрхангай зоогийн газар шинээр ашиглалтад ороход Г.У- нь ажилд орсон байх гэж бодож байна. Тэрнээс хойш Г.У- нь 1 дүгээр цэцэрлэгт туслах ажилтан хийдэг байсан. Г.У- нь 1987 оны 9 сарын 8-ны өдрийн Засаг даргын 132 тоот захирамжийн хүрээнд 1 дүгээр цэцэрлэгээс гарсан байх. Би тухайн үед хоёрдугаар цэцэрлэгт ажилладаг байсан учраас энэ талаар нь мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/
- Д.Уранчимэгт 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон 094611 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 15-16-р хуудас/
- Гэрч Б.Удвалын “...Би 1986 оноос 1992 он хүртэл Дундговь аймгийн Хөх тэнгэр ресторанд тогоочоор ажилласан. Өмнө нь Дэлгэрхангай нэртэй байж байгаад Хөх тэнгэр нэртэй болоод буцаад Дэлгэрхангай гэдэг нэртэй болсон. Намайг анх ажилд ороход Хөх тэнгэр гэдэг нэртэй байсан. Г.У- нь намайг ажилд ороход л зөөгч хийдэг байсан. Г.У- нь намайг ажилд орохоос 2-3 жилийн өмнөөс наймдугаар ангиа төгсөөд ажиллаж эхэлсэн гэсэн. Г.У- нь намайг 1992 онд ажлаасаа гарахад ажиллаж л байсан. 1995 он хүртэл ажилласан байх...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
- Б.Удвалд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон 181122 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 19-21-р хуудас/
- Гэрч Н.Дэлгэрмаагийн “...Би 1975 оноос Дундговь аймгийн Нийтийн хоолны трестэд ажилд орсон. 1983 онд Дэлгэрхангай ресторанд ажиллаж байхад Г.У- зөөгчөөр ажиллаж байсан. Би 1992 он хүртэл Дэлгэрхангай ресторанд ажилласан. Г.У- намайг гарах хүртэл надтай цуг ажилласан. Г.У- нийтийн хоолны трест байхгүй болтол буюу 1995 он хүртэл ажиллаж байсан. Нэг сургалтад суудаг байсан учраас би энэ талаар нь мэднэ. Бид нар Дэлгэрхангай ресторан гэдэг нэрээр нь мэднэ. Хөх тэнгэр гэж нэртэй нээгдэж байсан юм шиг байсан. Дэлгэрхангай ресторан буюу нийтийн хоолны трестийн архивын баримт бичгүүд их цөөхөн байдаг юм билээ. Би бас тэтгэвэрт гарах гээд хайж байсан. Ажилд орсон тушаалаас өөр юм олддоггүй юм билээ. Цалингийн цэс хэдхэн ширхэг байдаг юм шиг байсан. Баримт ер нь их ховор байдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
- Г.У-ийн 1989 оны цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Нэхэмжлэгч нь 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХНХ-д зөөгчөөр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэгт авагдсан бичгийн баримт болох Г.У-т олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Г.У- нь 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд зөөгчөөр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хөх тэнгэр ресторан”-д зөөгчөөр тус тус ажилласан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Уийг 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд зөөгчөөр, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хөх тэнгэр ресторан”-д зөөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ