| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/198 |
| Огноо | 2023-11-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,
Шүүгдэгч: Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Ч-ийн Цд холбогдох эрүүгийн 2335000000............ дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................. өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын ............... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ийн Ц, регистрийн дугаар: ......................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь 2022 оны 12 дугаар сард Увс аймгийн .......... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Цын эзэмшлийн шар хээр зүсмийн 1 тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, түүнд 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь 2022 оны 12 дугаар сард Увс аймгийн .......... сумын ...... дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Цын эзэмшлийн шар хээр зүсмийн 1 тооны морийг хулгайлж, түүнд 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5 дахь тал);
2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал);
3. Хохирогч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... 2022 оны 12 дугаар сард өөрийн адуунаас хээр зүсмийн 4 настай морь хулгайд алдсан, тухайн үед ойр орчимд нь хайгаад олоогүй, манай хүү Ц.Б 2023 оны 3-р сард адуунд яваад ирэхдээ Ч.Ц ахын гэрт нь хонох үед гэрийн гадна мал нядалдаг газар нь манай алдсан шар хээр зүсмийн адууны арьс, зүстэй ижил зүсмийн адууны арьс байхаар нь дэлгэж үзэхэд зүс им содон шинж таарч байсан байсан гэж хэлэхээр нь арай манай адууг алахгүй байхаа гэж хэлээд хаясан. Сүүлд нь манай хүү 2023 оны 4-р сард дахин надад “аав дахин Ч.Ц ахын өвөлжөөн дээрээс нүүсний дараа очих үед дээр үзсэн адууны арьсыг дахин үзэхэд зүс, им, тамга болон бусад содон шинж байдлаар таарч байна, би арьсыг нь аваад ирлээ гээд надад арьс үзүүлэхэд миний алдсан шар хээр зүсмийн адууны арьс яг мөн байсан. Тэгээд би Ч.Цыг манай алдсан шар хээр зүсмийн адууг алж идсэн юм байна, бүр нотлох баримттай боллоо гэж бодсон. Тэгээд манай хүү Ч.Цд утсаар та манай адууг алж идсэн байна, танай өвөлжөөнд манай адууны арьс байсан гэхэд уурлаад утсаа тасалсан. Сүүлд энэ талаар ирж хэргээ хүлээж хохирол барагдуулна гээд явсан, миний алдсан адуу нь шар хээр зүсмийн зөв чих нь араас нь ухна имтэй, дэл нь цагаан үстэй... тухайн адуу миний эзэмшлийн адуу бөгөөд би уг адууг өнгөрсөн онд өөрийн нэр дээр мал тооллогод тоолуулсан юм. Манай хүү Ц.Б нь адуу алдсан үеэр буюу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 24-ний үеэр тусдаа гараагүй гэртээ байсан бөгөөд хүү маань 2023 оны 09 дүгээр сард гэрлэж тусдаа гарсан юм. Уг хулгайд алдсан 4 настай, 1 тооны адуу нь манай өөрийн адуу юм... миний 1 тооны адууг хулгайлсан Ч.Ц нь надтай уулзаж надаас уучлалт гуйж, манай адууг өөрөө хулгайлсан талаараа хэлж, учирсан хохиролд өнөөдөр надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн, мөн энэ оны 12 дугаар сард манайх өвөлжөөндөө очиж буух үед хүнсний цагаар буюу 2023 оны 12 дугаар сард өөрийн адуунаасаа 1 тооны адуу, мөн дээр нь 10 тооны хонь өгч хохирол барагдуулахаар ярьж тохирсон юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дахь тал);
4. Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2022 оны 12 дугаар сард адуун дотроос шар хээр зүсмийн 4 настай адуу алдсан...Ч.Цы гэрээс гараад зүүн хойд зүг рүү гараад 100 орчим метр бие засах гэтэл уг айлын мал нядлах газар таарсан бөгөөд утасныхаа гэрэл асаагаад явтал замд буюу уг газарт миний алдсан шар хээр зүсмийн адууны зүстэй ижил зүсмийн адууны арьс байхаар татаж дэлгэж үзэхэд миний адууны зүс таарсан, мөн зөв чихний араас ухна им нь бас таарсан, тэгээд би дэлийг нь бас үзэхэд хэдэн цагаан үстэй байсан ба бас л миний адууны үстэй таарсан, тэгээд би тамгыг нь үзэх гэтэл сайн харагдаагүй болохоор хариу буцаагаад байсан байранд нь тавиад гэрт орж амарсан...тэгээд би гэртээ очоод аав Д.Ц ээж Г.И нарт манай адууны арьс Ч.Ц ахын гэрийн гадна хөлдүү эвэхсэн байдалтай, цасанд дарагдсан байхаар дэлгэж үзэхэд манай адуутай таарч байна гэж хэлсэн .. 2023 оны 04 дүгээр сарын эхэн үед Ч.Ц өвөлжөөний буйраас нүүгээд явлаа гэхээр нь би уг арьсыг дахин үзэхэд зүс, им, тамга болон бусад содон шинжээр нь таарахаар би арьсыг нь аваад аав, ээждээ үзүүлэх гээд арьсыг нь авахдаа зураг дарж авсан. ... Ч.Ц руу 4 дүгээр сард залгаад та манай адууг алж идсэн байна, танай буйраас миний алдсан малын арьс олдсон гэхэд чи миний буйр нэгждэг хэн юм гэж хэлээд утсаа тасалсан...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт ирээд дүү уулзах хэрэгтэй байна гээд намайг гэрээс дагуулан гараад уулзахад Ч.Ц нь цагдаад гомдол битгий гаргаач би чиний шар хээр адууны хохирол төлж өгнө гэхээр нь би нарийн орж шийдэх болно гэж хэлээд явуулсан, одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй, Ч.Ц нь хэргээ хүлээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал);
5. Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаартай “...Увс аймгийн .......... суманд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4 настай адууны зах зээлийн үнэ цэний баримжаа 1.000.000 (нэг сая) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал);
6. Шүүгдэгч Ч.Цы өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ч.Ц нь 2022 оны 12 дугаар сард Увс аймгийн .......... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Цын эзэмшлийн шар хээр зүсмийн 1 тооны морийг хулгайлж, өөрийн хүнсэндээ хэрэглэсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Д.Цын 1 тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр бэлчээрээс нь хулгайлан авч, хүнсэндээ хэрэглэж захиран зарцуулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Ч.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ч.Цыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь маргаагүй болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Ч.Цы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Д.Цт бэлнээр 100.000 төгрөг өгч, 2023 оны 12 дугаар сард өөрийн адууунаасаа 1 тооны адуу, мөн дээр нь 10 тооны хонь өгч хохирол барагдуулахаар харилцан тохиролцсон талаар хохирогч Д.Ц, шүүгдэгч Ч.Ц нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 45-46 дахь тал)-ээр нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Цаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 58 дахь тал);
Шүүгдэгч Ч.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Ч.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ч.Цы хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ч.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ч.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг гаргаж, шүүгдэгч Ч.Цд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ч.Цы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Цд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цы гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.000.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Шүүгдэгч Ч.Цд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хд овогт Ч-гийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Цд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цы гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.000.000 (нэг сая) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор Ч.Цаас гаргуулах гэмт хэргийн хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг адууны арьсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА