Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Д.У-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрсэн бөгөөд улсад 34 жил ажиллаж байна. Үүнээс 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст түр бичээч, 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Материал, техник хангамжийн удирдах газар, мөн 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Худалдаа хангамжийн удирдах газар бичээчээр ажиллаж байгаад тус удирдах газар шинэчлэн зохион байгуулагдсаны учир 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Үйлдвэр үйлчилгээний импекс компанийн мэдэлд шилжсэн билээ. Эдгээр томилсон болон шилжүүлсэн тушаалууд миний 142858 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдэн тэмдэглэгдэн баталгаажсан боловч хөдөлмөрийн дэвтрийг 1986 онд авч нөхөн бичилт хийлгэсэн, тамга дардас шаардлага хангахгүйн учир лавлагаа гаргуулах шаардлагатай болсон боловч Завхан аймгийн архивт баримт байхгүй гэсэн хариу ирсэн. Ийм учраас 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Материал техник хангамжийн удирдах газар, Худалдаа хангамжийн удирдах газарт ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, зураг, үйлдвэрчний эвлэлийн батлах, бусад баримтыг үндэслэн тус хугацаанд улсад ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.У-т 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын "Хоёрдугаар таван жил" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэг зөрчилтэй тул түүний 1980.09.15-1981.06.30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Д.У- нь Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр, мөн Завхан аймгийн Материал техник хагамжийн удирдах газарт 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр, мөн Завхан аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 492 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/1419 дугаартай архивын тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 493 дугаартай архивын лавлагаа /хэргийн 5-р хуудас/

- Д.У-т Завхан аймгийн МТХУ газраас 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон 142858 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/

- Д.У-т 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ХЗЭ хорооноос олгосон 141043 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-9р хуудас/

- Д.У-т 1992 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-р хуудас/

- Гэрч Б.Дагийсүрэнгийн “...Би 1989 онд Тосон цэнгэлд шилжиж очиход Д.У- нь надтай хамт 3 жил хамт ажиллаж байсан. Завхан аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт даргын нарийн бичиг, бичээчээр ажилладаг байсан. Би агуулахын эрхлэгч хийж байсан. Д.У-ийн нөхөр Балжинням гэх хүн миний грушикээр ажилладаг байсан учраас би сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 26-27-р хуудас/

- Гэрч Г.Төмөрийн “...Би 1980 онд Завхан аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт нярав хийж байсан. Тэр үед Д.У- даргын нарийн бичиг, бичээчийн ажил хийж байсан. Ажилласан оныг нь тодорхой санахгүй байна. Би 1980 онд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш л орж ирж ажиллаж байсан. Би 1995 он хүртэл ажилласан. Намайг ажлаас гарах үед бол Д.У- байгаагүй. Дундговь аймаг руу шилжсэн байсан. Яг хэдэн онд шилжсэн гэдгийг нь бас тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/

- Гэрч Ж.Кивааны “...Би 1981 онд Завхан аймгийн Материал техникийн хангамжид ажилд орж байсан. Д.У- 1985 онд Завхан аймгийн Материал техникийн хангамжид бичээчээр ажилд орж байсан. Дараа нь даргын нарийн бичгийн даргын ажил алба хашиж байсан. Тус газар нь эхлээд Завхан аймгийн Материал техникийн хангамж нэртэй байж байгаад дараа нь Завхан аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газар, хамгийн сүүлд Баян-Алдар ХК нэртэй байсан. Би 1999 он хүртэл ажилласан. Д.У- надаас өмнө ажлаас гарч байсан. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Нөхөр нь Балжинням гэх хүн манай байгууллагад харуулын ажил хийж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.У-ыг 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, мөн 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Материал техник хагамжийн удирдах газарт бичээчээр, мөн 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ