Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0250

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн

хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

хяналтын прокурор Т.Э-ийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.А

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч: Т.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1127/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дүгнэлт гаргагч Т.Э-өөс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б-д холбогдуулан “зөрчилд холбогдогч “Т” ХХК-д оногдуулсан 0093073 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б-ны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0093073 дугаар шийтгэлийн хуудасны “Т” ХХК-аас хохирол, нөхөн төлбөрт 526 072 320.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “...шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсгийн 5.3-т “Н” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16 767 041 төгрөг гэж тооцсон байх бөгөөд шинжээчээр тус компанийн гүйцэтгэх захирал Л.Б, мэргэжилтэн Х.С нар ажилласан, дүгнэлтэд мэргэжилтэн Х.С гарын үсэг зураагүй, гүйцэтгэх захирал албажуулсан байна гэж тогтоосон.

            Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт “... 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэсэн.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “... Прокурорын тогтоолоор томилсон “Н” ХХК-ийн хувьд мөн дээрх хуулийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллага байх тул хуульд заасан журмын дагуу шинжээчийг томилсон байна гэж дүгнэсэн бөгөөд мэргэжлийн байгууллага гэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн тайлбар хэсэгт энэ хуулийн 8.2.4-т заасан “мэргэжлийн байгууллага” гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно.

            Гэтэл шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсгийн 5.3-т “Н” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16 767 041 төгрөг гэж тооцсон байх бөгөөд шинжээчээр тус компанийн гүйцэтгэх захирал Л.Б, мэргэжилтэн Х.С нар ажилласан, дүгнэлтэд мэргэжилтэн Х.С гарын үсэг зураагүй, гүйцэтгэх захирал албажуулсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Э-ийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор мэргэжлийн байгууллага буюу “Н” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээр “Н” ХХК-ийн мэргэжилтэн Х.С-ээг томилоогүй.

            Гэтэл шүүхийн шийдэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт “... 8.2.4-т аасан этгээд шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж заасантай нийцээгүй байна, мөн шинжээчийн дүгнэлтэд Л.Б гарын үсэг зурж байгууллагын тэмдгээр баталгаажуулсан боловч шинжээч Х.С гарын үсэг зураагүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг баталгаажсан гэж үзэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд шинжээч гэж мэргэжлийн байгууллага буюу хуулийн этгээдийг ойлгохоор хуульчилж тайлбарласан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д гүйцэтгэх удирдлага /Гүйцэтгэх захирал/ нь итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах талаар тодорхой хуульчилсан ба “Н” ХХК нь мэргэжлийн байгууллага хуулийн этгээдийн зүгээс хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж дүгнэлтийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж байгууллагын тэмдгээр баталгаажуулж гаргасан байтал Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасан этгээд гэж ойлгон шинжээчээр гарын үсэг зуруулаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбралаж хэрэглэсэн буюу үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэхээр байна. Прокуророос шинжээчээр “Н” ХХК-ийг томилсон бөгөөд түүний мэргэжилтэн Х.С-ээг шинжээчээр буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т заасан шинжээчээр томилоогүй болохыг дахин дурдаж байна.

            Ийнхүү дээрх гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт “Нэгэнт маргаан бүхий хуудаст хохирлын дүнг тооцоход үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй байхаас гадна дүгнэлт гаргагч прокурорын шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт ч мөн хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй тул шүүхээс энэ асуудлаар даалгаж шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлан мөн шүүхийн шийдвэрийн 12 дахь хэсэгт ... 526 072 320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            2.1. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч М.Б-ны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0093073 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг зөвшөөрөл, дүгнэлтгүйгээр хөрсний ус шавхсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 526 072 320 төгрөгийн нөхөн төлбөрийг байгаль хамгаалах сангийн дансанд тушаахыг даалгаж шийдвэрлэжээ.

            2.2. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э-өөс “...Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 дугаартай шинжээчийн “Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 1 412 681 333.5 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай” гэх дүгнэлт гарсан, ... Усны газраас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай шинжээчийн “Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 526 072 320.0 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай” гэх илт зөрүүтэй дүгнэлт гаргаж ирүүлсэн, ... Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг холбогдох “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар “Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай” тогтоол гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Н” ХХК-ийн 12/25 дугаартай шинжээчийн “...Усны нөөцөд учруулсан хохирол нь 16 761 041 төгрөг байна” гэх дүгнэлт гарсан, ... 0093073 дугаартай шийтгэлийн хуудсанд 526 072 320 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг үнэн бодитой шийтгэлийн хуудсанд тусгаагүй, ... иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад “... хохирол шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 526 072 320 төгрөг” гэснийг “16 767 041” төгрөг гэж өөрчлүүлэхээр дүгнэлт гаргасан байна.

            2.3. Анхан шатны шүүх “... хөрсний усыг зөвшөөрөл, дүгнэлтгүй шавхсан зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг зөрчилд холбогдогч “Т” ХХК-аас гаргуулах зохицуулалттай байх боловч Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тооцсон гурван өөр үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт гарсан, ... хариуцагч эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр томилсон Усны газрын мэргэжилтэн болон прокурорын тогтоолоор томилсон “Н” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний ухай хуулийн 17.4-т “Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна” гэж заасантай нийцээгүй байна, ... нэгэнт маргаан бүхий шийтгэлийн хуудаст хохирлын дүнг тооцоход үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй байхаас гадна дүгнэлт гаргагч прокурорын шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт ч мөн хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй тул шүүхээс энэ асуудлаар даалгаж шийдвэрлэх боломжгүй, ... шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасны дагуу баталгаажаагүй болох нь тогтоогдсон, холбогдох үнэлгээнүүд нь хоорондоо даруй зөрүүтэй байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэн шийтгэлийн хуудасны хохирол нөхөн төлбөрт 526 072 320.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            2.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус зааснаас үзэхэд, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий шийтгэлийн хуудасны хохирол нөхөн төлбөрт 526 072 320.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

            2.5. Тодруулбал, зөрчлийн хэрэгт авагдсан Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт болон “Н” ХХК-иас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүдээр “Т” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлын дүн тус тус зөрүүтэй байдлаар тогтоогдсон, энэ нь энэхүү хэрэг маргаан үүсэх гол үндэслэл болсон байхад анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нараас мэдүүлэг авах байдлаар “шинжээч нарын хэн аль нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу усны нөөцөд учруулсан хохирлыг тооцон ирүүлсэн атлаа яагаад зөрүүтэй дүн гаргасан талаар болон чухам аль дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан талаар” тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

            2.6. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх нотлох үүргийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаачилгаараа шинжээч томилж хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад энэхүү үүргээ мөн хэрэгжүүлэхгүйгээр шууд “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд прокурорын дүгнэлтийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

            Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.4-д “мэргэжлийн байгууллага”, 17 дугаар зүйлийн 17.4-д “Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна” гэж заасан бөгөөд Усны газрын хувьд “Газрын доорх усны нөөц, чанарын хяналт шинжилгээ, гадаргын болон газрын доорх усны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийх, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах замаар усны нөөцийг хомстож, бохирдохоос сэргийлэх” үйл ажиллагаа явуулдаг нь нийтэд илэрхий бол “Н” ХХК-ийн хувьд Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани буюу шинжилгээ хийх мэргэжлийн байгууллагууд байх тул дүгнэлтийг тухайн байгууллагын удирдлага гарын үсэг зурж хүргүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       Ц.ОДМАА

 

 

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН