Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0768

 

“Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл, Ё.Мөнхтуяа, хариуцагч Ч.Мөнхтуяа, Б.Батчимэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэртэй, “Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр  Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 32 дугаар зүйлийн 32.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн \2006 оны\ 4 дүгээр зүйлийн 4.1.8, 13 дугаар зүйлийн 13.6, 13.6.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар тогтоосон төлбөрийг 2042260.0 төгрөгийн нөхөн татвар, 612678.0 төгрөгийн торгууль, 1021130.0 төгрөгийн алданги, нийт 3676068 /гурван сая зургаан зуун далан зургаан мянга жаран найм/ төгрөгийн төлбөр гэж багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо: “Мөнхболор ХХК-ийн захирал Д.Уранчимэг нь 200 м2 18000000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх эрд хөрөнгө болон, 230 м2 50,640000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө ногдол ашиг хэмээн хуваариласан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эдгээр үл хөдлөх хөрөнгийг 2012.05.30 болон 2012.07.10-нд хуваарилан авсан нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна, 46.8-т Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна, гэж заасныг зөрчсөн байна. Мөн “Мөнхболор” ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад уг компани нь ашигтай ажилласан гэх үндэслэл байхгүй байгаа нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна: 47.1.1.ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх; 47.1.2.ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх гэж заасантай нийцүүлэн ногдол ашгийг хуваарилаагүй байна.

Мөн НӨАТ-ын тухай хуулийн 13.6.7-д ногдол ашгийг чөлөөлөхөөр заасан заалт нь банк болон санхүүгийн байгууллагад хамааралтай ногдол ашгийн үйлчилгээ болохоос биш бүх компанид хамраалтай ногдол ашиг биш юм. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээ хэсэгт хамаарч байгаа ногдол ашиг төлөх үйлчилгээ юм.

Шүүхийн шийдвэрт дурьдсан хяналт шалгалтыг удирдамж томилолтгүй хийсэн зүйл огт байхгүй болно. Татварын хяналт шалгалт хийх томилолт /хэргийн материалд авагдсан/-ын дагуу татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтыг удирдамж томилолтгүй хийх гэдэг нь огт томилолт олгогдоогүй байхад татварын улсын байцаагч дур мэдэн шалгалт хийхийг ойлгохоор хуулийн заалтын зохицуулалт хийгдсэн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Татварын ерөнхий хууль, Компанийн тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “Мөнхболор” ХХК-ийн захирал Д.Уранчимэг нь 200 м.кв 18,000,000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө болон 230 м.кв 50,640,000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө ногдол ашиг гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэжээ.

Компанийн тухай тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана”, 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна”, 46.8-д “Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна”, 59.2-д “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Мөнхболор” ХХК-ийн захирал Д.Уранчимэг нь тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигчийн хувьд 2011 оны ашгаас ноогдол ашиг хуваарилах шийдвэрийг 2012 онд дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд нэхэмжлэлд “2011 онд 1.500 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой байсан“ гэж дурдсан, татварын болон санхүүгийн тайлан бүртгэлд 2011 онд цэвэр ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилсан талаар бүртгэлгүй зэргээс үзвэл 2012 онд ногдол ашигт тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигчид шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан тус хуульд заасан компанийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрх эдлэхээр заасан уг маргаанд хамааралгүй заалтуудыг хэрэглэж, нотлох баримтгүй байхад хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлж, ногдол ашиг хуваарилсныг “үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэж үзэх боломжгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Татварын улсын байцаагч нь хувьцаа эзэмшигчийг ногдол ашиг авах эрхгүй гэж акт гаргаагүй, гагцхүү компани нь ногдол ашиг хуваарилах шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, ногдол ашиг хуваарилах ашигтай ажиллаагүй атлаа компанийн нэг хувьцаа эзэмшигчид 18,000,000.0 төгрөгийн дансны үнэтэй үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үнэ төлбөргүй шилжүүлж, 6 дугаар сарын 06-ны өдөр 1,180,000,000.0 төгрөгөөр бусдад борлуулсан, мөн 50,640,000.0 төгрөгийн дансны үнэтэй хөрөнгийг 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөн үнэ төлбөргүй шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж нөхөн татвар, торгууль, хүү, алданги ногдуулсан байна.

Мөн тус компани нь банкны болон санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаггүй байхад анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.6.7-д “банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;”-нд хамаарна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, татварын улсын байцаагчийн актын энэ хэсгийн төлбөрийг багасгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч “Мөнхболор” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг захирал Д.Уранчимэгт үнэ төлбөргүй шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, хүү, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасанд нийцжээ.

Түүнчлэн Татварын улсын байцаагч нар нь хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн “Мөнхболор” ХХК-ийн 2009-2013 оны татвар төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийх томилолтыг авч хяналт шалгалт явуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 35140900530 дугаар томилолтын хуулбараар тогтоогдож байх бөгөөд томилолтын хяналт шалгалтын хугацааг “2014.10.2-2014.12.30” хүртэл сунгасан хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон Хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Батцэрэн гарын үсэг зурж, тэмдэг дарсанд татварын улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “... хугацааг нөхөн бичүүлж Татварын ерөнхий хуулийн 30.1.1-д заасныг зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Хуулиар эрх, үүрэг хүлээж томилогдсон албан тушаалтан өмнөх албан тушаалтны эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж гарын үсэг зурсан байхад “нөхөн бичүүлсэн” гэж татварын улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүх татварын улсын байцаагч нарыг Татварын ерөнхий хуульд албан томилолтгүй хяналт шалгалт явуулсан гэж үзсэн атлаа маргаан бүхий актын “импортоор худалдан авсан суудлын автомашинд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч төлөх татварын дүнгээс хасч тооцсон” гэх хэсгийг үндэслэлтэй гэсэн нь зөрчилтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Компанийн эзэмшлээс хувьцаа эзэмшигч рүү хоёр үл хөдлөх хөрөнгө шилжсэн байхад татварын хяналтын байцаагч нар нэг үл хөдлөх хөрөнгөнд нь ААНОАТ-ын хуулийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 1012800 төгрөгийн нөхөн татвар ногдуулаад, харин нөгөө үл хөдлөх хөрөнгөнд нь ААНОАТ-ын хуулийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар огт ногдуулаагүй байгаа нь хуулийг буруу хэрэглэж, өөрийн үзэмжээр татвар төлөгчид хариуцлага тооцон акт үйлдэж байгаа нь харагдаж байгаа юм.” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий актаар “Мөнхболор” ХХК-ийн захирал Д.Уранчимэг 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад 6 дугаар сарын 06-ны өдөр борлуулахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 23,000,000.0 төгрөгийг төсөвт төлсөн байх тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дахиж ногдуулалгүй нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, харин нөгөө үл хөдлөх эд хөрөнгө буюу 50,640,000.0 төгрөгийн үнэтэй 230 м.кв үл хөдлөх хөрөнгийг захирал Д.Уранчимэг нь цааш борлуулаагүй өөрийн нэр дээр байлгаж байгаа тул аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.2, 17.1.2-д заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар ногдуулсан 62,488,518.0 төгрөгийн торгууль, 1,350,158.2 төгрөгийн алданги, 369,432.0 төгрөгийн хүү, нийт 64,208,108.2 төгрөгийн хариуцлагаас “Мөнхболор” ХХК-ийг өршөөх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтыг “Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-д заасныг баримтлан Мөнхболор ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2, 3 дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчлөн, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “Мөнхболор ХХК-ийг Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар тогтоосон 62,488,518.0 төгрөгийн торгууль, 1,350,158.2 төгрөгийн алданги, 369,432.0 төгрөгийн хүү, нийт 64,208,108.2 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ